Х.Дуламсүрэн: Эгч


Эгч минь ирээд явсан, их удаан ярилцлаа, энэгшиж ямар их санаа вэ, эгчийнхээ хайрыг би...

Эцгийн гэрийг чимж ихэр цэцэг шиг ургасан, илүү дутуугаа нөхөлцөж энэ л амьдралд хүрсэн

Сул асгарах гэзгэнд минь тууз зангидан зүүж, сургуулийн хашааруу намайг томоо болтол хөтөлсөн

Солонго шиг олон өнгөт аашинд эвийн учиг хатгаж, сондорт яруу үгсээр учирлаж хэтдээ сургасан

Ээжийг минь орлож хайр түгээсэн, эцгийг минь орлож ухаан нэмсэн эгчийгээ би ямар их үгүйлээ вэ...

Эгчийнхээ сэтгэлийн утасыг их удаан би хөвсөн, эгч минь надад гомдоллоогүй

Эгчийнхээ зүрхний тэмүүллийг их ойроос би мэдэрсэн, эгч минь надаас нуугаагүй

Ээжийн гарын ачлалыг эгчээсээ олж харсан, хараад ханатлаа хайранд нь өлгийдүүлж өссөн

Эгчийнхээ төлөө орчлонд төрсөн мэт эрх дураар аашлан, элдэвлэж бүгдэд нь эзэн суусан тэнэгхэн даврам охин дүү нь билээ би

Тэвчээр ухаан хоёроо өмнө минь дэлгэсэн, тэнгэрлэг ялдам эгч таньдаа дүү нь баярлалаа

Зүүдний цагаан хун өмнө чинь нисэж ирээд зүрхэн тушаа газар чинь наалдан эрхэлж байвал

Зүггүй гэнэн дүү чинь таныгаа санаж буйг мэдрээрэй, зүйдэл нь ихэдсэн хорвоод хайрыг чинь үгүйлэн бэдэрч

Зөндөө удаан таньтайгаа солонго булаалдан хөөрч, салхи шилбүүрдэн бүжихийг хүсэж буйг санаарай...

Зүс гоодом насанд нэг мөчрөөс дэлбээлсэн, зүүд төгсөх үед нэгэн зүгт одох

Нэг нэгэнлүүгээ мандаж жаргасан нэгэн эхийн өнгө ижил нар билээ...нисээд дүүлээд холдсон ч сэтгэлээс үл тасрах хүйн холбоотой эгч дүүс билээ бидэн...

Х.ДУЛАМСҮРЭН

  • Шинэ
  • Их уншсан