А.Ичинноров: Бидний хичээл зүтгэл л амжилтад хүрэх гол хүчин зүйл болдог

 Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн “Perfect” клубийн тамирчин А.Ичинноровтой ярилцлаа.

 -Дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Таны ангилал өрсөлдөөн ихтэй байв уу?
 -Тэмцээний модель төрлийн 160 см-ийн ангилалд амжилттай оролцоод ирлээ. Миний өрсөлдсөн төрөлд биеийн өндрөөрөө ангилагдаж оролцдог юм. 160 см бол хамгийн намхан нь. Энэ ангилалд 20 тамирчин өрсөлдсөн. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцоод алтан медаль авчихна гэж бодоогүй учраас медалийн тавцан дээр зогсоход надад гэнэтийн, итгэмээргүй санагдсан. Өрсөлдөөний хувьд Азийн тамирчид европчуудаасаа арай сул байдаг. Дэлхийн аваргад Европын тамирчид ширүүн өрсөлдөгч байлаа. Европ тамирчдын хувьд цаанаасаа биеийн өгөгдөл сайтай байдаг юм.

 -Өмнө нь Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон учраас бэлтгэлийн хувьд санаа зовох зүйлгүй байсан байх?
 -Азийн аваргын модель ангилалд оролцож мөнгөн медаль хүртсэн. Мөн фитнесс төрөлд өрсөлдөж шагналт дөрөвдүгээр байрт орсон. Энэ ангиллын моделиос ялгаатай тал нь ямар нэгэн үзүүлбэр үзүүлдэг. Модель ангиллыг бодвол тамирчны булчингийн байдлыг илүү хардаг.

-Спортын энэ төрлөөр анх тамирчин болно гэж хичээллэсэн үү. Эсвэл бусдын адил эрүүл мэнддээ анхаарч, бодибилдинг, фитнессийг сонгов уу?
-Фитнессийн тэмцээнд оролцож, тамирчин болохын тулд спортоор хичээллээгүй. Илүүдэл жин багатай ч өөртөө улам итгэлтэй болох, биеэ чангалахын тулд фитнессээр хичээллэсэн юм. Фитнессээр хичээллээд гурван сар өнгөрсний дараа надад тэмцээнд оролцох санал тавьсан. Тухайн үед долоо хоногт хоёр удаа л дасгал хийдэг байсан учраас тэмцээнд оролцох итгэлгүй байлаа. Гэхдээ л 2015 оны бодибилдинг, фитнессийн улсын аваргын тавдугаар байрт шалгарч урамшсанаас хойш өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Үүнээс хойш олон тэмцээнд оролцож, үр дүнгээ сая дэлхийн аваргаар баталгаажууллаа.

 -Бусад улсын тамирчдаас монголчуудын ялгарах онцлог юу байдаг вэ?
 -Төрөлхийн дайчин чанараараа ялгардаг байх. Өмнө нь хэлсэнчлэн европчууд өндөр, биеийн өгөгдөл сайтай байдаг. Гэсэн ч бидний хичээл зүтгэл, ямар нэгэн ажлын ард гарах гэсэн хүсэл эрмэлзэл амжилтад хүрэх гол хүчин зүйл болдог гэж би боддог. Монгол тамирчид биеийн илүүдэл жингээ сайн хаяж чаддаг. Үүнийг тамирчид нимгэрэх гэж ярьдаг л даа. Биеийн харьцаагаа сайн гаргах, үзүүлэхийн тулд өөхөн давхаргын хэмжээгээ хасдаг гэсэн үг.

 -Тамирчид тэмцээнд оролцохын өмнө шингэн зүйл уухаа бүр больдог нь маш их ядраадаг байх?
 -Тэмцээнд оролцохын тулд бие дэх бүх шингэнээ гадагшлуулах ёстой. Тиймээс ус огт уудаггүй. Үүний үр дүнд булчин арзайж, ялгарч харагддаг. Тэмцээний дараа шингэн зүйлийг бага багаар ууж дасгахгүй бол бөөрөнд ачаалал өгөх эрсдэлтэй. Хооллолтын хувьд ч гэсэн өөх тос, чихэр давстай зүйлийг гэнэт идвэл ходоод өвдөнө. Тиймээс хооллолтдоо их анхаардаг. Мэдээж хүн болохоор амттай зүйл идмээр санагдалгүй яах вэ. Тэр үед цаасан дээр идмээр санагдсан зүйлээ бичиж байгаад тэмцээний дараа нэг нэгээр нь авч иддэг. Энэ бол миний хоолтой тэмцэх арга л даа.

 -Энэ жилийн зорилгоо биелүүлээд дэлхийн аварга болчихлоо. Дараагийн зорилгоо тодорхойлсон уу?
 -Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байна. Анх өөрийгөө ялан дийлэх нь миний зорилго байсан. Зорилгоо биелүүлж, энэ спортын оргилд хүрч чадсандаа одоо хүртэл өөртөө итгэж чадахгүй байна. Мэдээж ирэх жил дэлхийн аваргад гаргасан амжилтаа баталгаажуулах нь миний хамгийн том зорилго. Ирэх жил Азийн аварга шалгаруулах тэмцээн Солонгост, дэлхийн аварга Монголд болно.

 -Эмэгтэйчүүдийн хувьд энэ спортоор хичээллэх нь ямар ашигтай байдаг талаар манай уншигчдад тайлбарлаж өгөхгүй юү?
-Гадаад үзэмж, бусдад харагдах тал дээр өөртөө итгэлтэй болно. Хамгийн гол нь хүн өөрийгөө ялан дийлэхэд тусалдаг. Үүний үр дүнд хүн тэсвэр тэвчээртэй болдог юм. Энэ бүхэн ганц эмэгтэй хүн гэлтгүй эрчүүдэд ч хамаатай. Би фитнессийг бүх спортын хаан гэж боддог. Бусад спортынхон ч анхлан бодибилдинг, фитнессээр хичээллэдэг шүү дээ.

-Та штанг өргөж, хүчний бэлтгэл хийдэг үү?
 -Би штанг нэг их өргөдөггүй. Эмэгтэй хүнд хөгжүүлэх ёстой булчин гэж байдаг. Миний тэмцээнд оролцдог модель ангилалд эмэгтэйлэг байдлыг илүү анхаардаг болохоор хүчний бэлтгэлд бага хугацаа зарцуулдаг.

 -Таныг мэргэжлийн тамирчин болоход багш, дасгалжуулагчийн ач тус их байсан байх. Одоо таны дасгалжуулагчаар ямар хүн ажиллаж байна вэ?
 -Би “Perfect” клубийн тамирчин. Миний бэлтгэл сургуулилт дээр Жамц багш маань гардан ажилладаг. Багш ганц спортын тал дээр ч биш хэрхэн зөв хооллох, хүний хүмүүжил төлөвшлийн тухай зааж сургадаг. Жамц багшийн шавь болсондоо өөрийгөө азтай хүн гэж боддог.

-Энэ спортоор хичээллэхэд уураг, аминдэмээс эхлээд хөрөнгө мөнгө шаардлагатай болдог. Үүнийг ганц фитнессийн багш хийгээд зохицуулахад амаргүй болов уу?
 -Би Төмөр замын дээд сургуулийг төгссөн. Мэргэжлээрээ ажиллах гэсэн ч хөдөө томилогдоод ажиллаж чадаагүй. Манай ээж хувиараа бизнес эрхэлдэг хүн бий. Багаасаа ээжийнхээ ажилд тусалсан учраас энэ талын мэдлэгтэй болсон. Түүн дээрээ үндэслэн хувиараа бизнес эрхэлж байсан. Одоо тэмцээндээ анхаарал хандуулаад хувиараа ямар нэгэн ажил хийхгүй байгаа.

Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан