С.Чинзориг: Оффшор дансыг гэр бүлд нь хамааруулахгүй гэвэл еэвэнгийн нэг тал шиг зүйл болно


УИХ–ын гишүүн С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

–Таны санаачилсан малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах хуулийн төслүүд дэмжигдлээ. Малчидтай холбоотой ямар зохицуулалт хийж байгаа вэ?


–Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн  даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл байнгын хороо, чуулганы хуралдаанаар дэмжигдлээ. Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой, нөгөө талаас олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх. Тэдний тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг оруулсан. Малчидтай холбоотой хоёр асуудлыг зохицуулж байгаа. Малчид цаг наргүй, байгалийн хатуу ширүүн нөхцөлд хөдөлмөрлөдөг. Тиймээс малчдын дундаж наслалт төв суурин газрын хүмүүсийнхээс харьцангуй бага байдаг.Иймд малчдын тэтгэвэрт гарах насыг таван насаар наашлуулах саналыг хуулийн төсөлд тусгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, эмэгтэй 50 нас, эрэгтэй 55 настай тэтгэвэр авах эрх үүснэ. Мал малласан нэг жилийг 1.5 дахин нэмэгдүүлэн тооцдог байх хуулийн заалт оруулснаар 10 жил мал малласан бол 15 жил болж тооцогдох юм. Энэ нь хүнд нөхцөлд ажиллаж байгаа тэдний хөдөлмөрийг үнэлэх нэг хэлбэр юм.

–Хуульд ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг хэрхэн тусгаж өгсөн бэ?

–Ээжүүд хүүхдээ асрахдаа чөлөө авсан хугацааны шимтгэл төлөгддөггүйгээс тэтгэвэр бага тогтоох асуудал бий. Тиймээс  төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг нь 1.5 жилээр нэмж тооцох юм. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол зургаан жилээр нэмэгдэнэ гэсэн үг. Мөн хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа тасрахгүй байхаар зохицуулж байна. Даатгалд хамрагддаг ээжүүдийн хүүхдээ асрах үеийн  шимтгэлийг ажил олгогч, сайн дураар шимтгэл төлдөг бол нийгмийн даатгалын сангийн тэтгэмжийн сангаас төлж байх юм. Түүнчлэн шимтгэл төлдөггүй ээжүүдийн шимтгэлийн 50 хувийг төр хариуцах зохицуулалт хийсэн. Ээжүүд даатгалд хамрагдсан хэлбэрээс үл хамаарч цалин хөлснөөс 100 хувь авах зохицуулалт орж байгаа. Анхны хэлэлцүүлгээр ээжүүдтэй холбоотой зохицуулалтыг байнгын хороо, чуулганаар дэмжсэн.

–Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн шимтгэлийг нөхөн төлүүлэх хугацааг хэдэн оноос хойш тооцохоор тусгасан бэ?

–Улсын хэмжээнд байгаа 1.1 сая ажиллагсдын 47 хувийг эзэлж байгаа малчдын есөн хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 12 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Энэ нь ирээдүйд нийгмийн баталгаа алдагдах эрсдэлтэй. Малчдын орлого тогтмол биш учраас нийгмийн даатгалын шимтгэлээ сар бүр төлж чадахгүй байна. Тиймээс малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид төлж чадаагүй үеийнхээ нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож нэг удаа нөхөн төлөх эрхийг нээж өгч байгаа. 1995 оноос өнөөдрийг хүртэлх хугацааг хамруулах юм. Тухайлбал,  5, 10, 20  жилийн нийгмийн даатгалаа нөхөн төлөх нь нээлттэй. Гэхдээ ажилласан жил, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх өмнөх хуульд хамрагдсан иргэд хамаарахгүй. Хамрагдаж чадахгүй үлдсэн хэсэгт нээлттэй. Үүнээс нийгмийн даатгалын санд 300 орчим тэрбум төгрөг төвлөрнө гэсэн тооцоо бий.

–Эдийн засаг хүндрэлтэй үед шимтгэлээ бөөнөөр нь нөхөн төлөх нь хүндрэлтэй гэсэн асуудлыг зарим гишүүн хэлж байсан. Үүнийг зохицуулах боломж бий юу?

–Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхтэй холбоотой журмыг Засгийн газраас баталж мөрдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Таван жилийн шимтгэлийг нөхөн төлөхөд 400 гаруй мянган төгрөг гарлаа гэж бодоход журмын дагуу хагас жилээс жилийн дотор хувааж төлөх боломжийг судлах юм.  Нөгөө талаар хууль батлагдсанаар Нийгмийн даатгалын санд ачаалал үүсч магадгүй гэсэн зүйл яригдаж байгаа.  Гэхдээ даатгалын сан, төр иргэн, ажил олгогч ачаагаа тэнцвэржүүлээд явах боломжтой. Хэрэгжих хугацааг хууль санаачлагчид 2017 оноос гэсэн төсөл оруулсан ч Засгийн газраас 2018 он болгох саналыг өгсөн. Чуулганы хуралдаан дээр Засгийн газрын саналыг гишүүд дэмжсэн.

–Оффшор дансыг хориглох хуулийн төсөл буцсан ч чуулганаар дахин хэлэлцэхээр боллоо. Төсөлд албан тушаалтнуудын гэр бүлийн гишүүдийг оффшор данс эзэмшихийг хориглох асуудал нэлээд маргаан дагуулж байна. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

–Хуулийн төслийг чуулганы хуралдаанаар  хэлэлцээд өөрчлөлт оруулж, засч сайжруулаад  явах бололцоотой гэсэн үүднээс хэлэлцээд явахаар болсон. Миний хувьд оффшор дансыг хориглох заалт төрийн өндөр албан тушаалтнууд буюу улс төрийн албан тушаалтнуудын гэр бүл, үр хүүхдэд нь хамаарч үйлчлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Өмнөх гашуун туршлага бий. Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат–Үүлийн хүүхдийн оффшор дансны асуудал яригдахад “Манай хүүхэд нас биед хүрсэн бие даасан амьдралтай. Хүүхдээсээ асууя” гэсэн зүйл ярьсан. Би ийм зүйлтэй санал нийлдэггүй. Төрийн  өндөр албан тушаал хашиж байгаа л бол  гэр бүл үр хүүхэд нь хамаарах л ёстой. Хэрэв зөвшөөрвөл еэвэнгийн нэг тал шиг зүйл болно. Төрийн өндөр албан тушаалтнуудыг нэг мөсөн хаах нь зүйтэй.

Эхнэр, хүүхдийнхээ нэр дээр данс нээчихээд тусдаа хүмүүс гээд байж болохгүй. Энэ бол хэлбэрийн төдий өөрчлөлт болно. Тиймээс өөрийн гэр бүлийн гишүүдийг хуульд хамруулах ёстой. Оффшор данстай бол төрийн өндөр албан тушаалд очихоосоо өмнө мэдүүлдэг байх ёстой.

–Гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь оффшор бүсээс орж ирдэг учраас  аж ахуйн нэгж эрхлэгчдийг оффшор бүсэд данстай байхыг зөвшөөрөх ёстой гэсэн байр суурийг ч гишүүд гаргаж байна лээ?

-Төрийн өндөр албан тушаалтан, түүний гэр бүл улстөрчид оффшор бүсэд данстай байхыг хориглох нь зүйтэй гэж үзэж байгаа. Түүнээс өөрөө болоод гэр бүлийн хүн нь төрийн өндөр алба хашдаггүй, улстөрийн албан тушаал хашаагүй мөрөөрөө бизнес хийгээд явж байгаа бол оффшор бүсэд данстай байх эрхийг нээж өгөх хэрэгтэй. Харин хамгийн гол нь тэр мөнгө нь бохир байх ёсгүй. Эх үүсвэрийг нь шалгаж тогтоох асуудал чухал. Оффшор бүс ерөөсөө байж болохгүй гэсэн асуудал яриад байх юм. Татвартай холбог­дох асуудлыг хуультай яаж уялдуулах вэ гэд­гийг нарийн судалж, хөрөн­гийн эх үүсвэр ил тод байх асуудлыг ярих хэрэгтэй.
С.УЯНГА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Шинэ
  • Их уншсан