Б.Гангаамаа Антарктидийг зорилоо


Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа өчигдөр цагаан тивийг зорилоо. Тэрбээр явахын өмнө “Миний Монголын ард түмэн минь шинэ оноо амжилт, аз жаргалаар дүүрэн угтаарай. Дараа жил амжилт баяраар дүүрэн уулзацгаая” хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ. Энэ удаад тэрбээр хамгийн сүүлчийн оргил болох Антарктид тивийн Винсон Массиф ууланд авиралт хийхээр хилийн дээс алхаж буй нь энэ юм. Түүний авиралтын хугацаа энэ сарын 15-30- ны өдрүүдэд үргэлжлэх аж. Энэхүү авиралтыг хийснээр Б.Гангаамаа дэлхийн долоон тивийн ноён оргилд амжилттай авирсан анхны монгол уулчин болно. Антарктид тивд одоо зуны улирал болж буй ч тивийн ноён оргил Винсон Массиф ууланд -35 хэмийн хүйтэн байгаа аж. Манай уулчин ОХУ-ын “7 Summits” клубийг сонгож цаг уурын хамгийн таатай үед авиралт хийхээр бэлтгэлээ базаасан билээ. Б.Гангаамаа дэлхийн зургаан тивийн Эльбрус, Эверэст, Килиманжаро, Денали, Акокагуа, Карстенз Пирамид гэсэн зургаан ноён оргилд хөл тавьж, эх орныхоо далбааг мандуулсан юм.

Б.НОМУУН
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан