Хүн төрөлхтөний буруутай үйл ажиллагаанаас болж Сөнөсөн тэнгис амь тавих уу


Газар дундын тэнгисийн зүүн эрэг, Эль Горын нам хөндийд Израйль, Йорданы хооронд байрлах Сөнөсөн тэнгисийг “Дэлхийн ёроол” гэж нэрлэх болжээ. Энэ нь уг тэнгисийн дэлхийн хамгийн нам дор цэгт байдагтай холбоотой аж. Далайн түвшнээс доош 1388 метрт байрладаг сөнөсөн тэнгисийн усан дахь давсны хэмжээ бусад далай, тэнгисээс ес дахин их буюу 34 хувьтай байдаг гэнэ. Сөнөсөн тэнгист аюул ойрхон, бүс нутгийн зүгээс түгшүүрийн төвшинд хүрсэн гэж мэдэгджээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн уг тэнгис жилд нэг метрээр буюу маш хурдацтай ширгэж байгаа талаар байгаль орчныг хамгаалах “EcoPeace” олон улсын байгууллагаас мэдэгдсэн байна. Түүнчлэн Израйлийн эрдэмтэд үүнээс илүү ноцтой судалгааны мэдээллийг танилцуулжээ. Тодруулбал, 2050 он гэхэд Сөнөсөн тэнгис газрын хөрснөөс бүр мөсөн арчигдах аж. Сөнөсөн тэнгист Иордан голын сав газар гэх мэт хүрээлэн буй орчноосоо ус татах зайлшгүй хэрэгцээ байдаг. Гэтэл 1960-аад оны үед усны эх үүсвэрийн урсгал өөрчлөгдсөн. Түүнээс гадна эрдэс олборлох үйлдвэрүүд Сөнөсөн тэнгисийн усны төвшин багассаны гол шалтгаан аж. Сөнөсөн тэнгисийн эрдэс бодис эмчилгээний шинж чанараараа гайхагддаг. Тэнгисийн шаврыг гоо сайхны болон зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний найрлагад хэрэглэх нь цөөнгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг дэлхийн олон оронд өндөр үнээр борлуулдаг юм. Библи сударт ариун газар гэж тэмдэглэсэн энэ тэнгисийн ус амьгүй ч гэсэн шидтэй аж. Тэнд загас жараахай, ургамал ногоо байдаггүй. Энэ нь тэнгисийн усан дахь давсны хэмжээтэй холбоотой юм. Хэрвээ нууранд цутгадаг Иордан голоос загас санамсаргүй байдлаар бол давс залгивал тэр дороо үхдэг байна. Маш их давстай нуурын гадаргууг нуур гэж нэрлэхэд ч хэцүү болжээ. Хэсэг газартаа цайвар шаргал давсны хэлтэрхий бүхий тос шиг зунгааралдсан шингэнд хэн ч шумбахыг хүсэхгүй. Гэсэн ч энэ газрыг зорьж ирэх жуулчдын тоо жил тутам өсч байгаа нь эмчилгээний шидэт чанартай нь холбоотой. Сөнөсөн тэнгисийг арьс өнгөний эмч нарын зөвлөсний дагуу харшлын өвчтэй хүмүүс л зорьж ирдэг байна. Библийн хаан аугаа их Ирод, хатан хаан Клеопатро нар энэ тэнгисийн усаар эмчлүүлж, гоо үзэсгэлэнгийн нууцаа болгож байсан түүх бий. Өвчнөө илааршуулсан иргэд, жуулчид энэ бүс нутагт өөриймсөг ханддаггүй аж. Бүс нутгийн экологич, эрдэмтэн Гайдон Бромберг хэлэхдээ “Давстай нуурын эргэн тойронд маш олон гүнзгий нүх үүссэн. Усгүй болсон хэсгүүдэд үүсч байгаа эдгээр нүх нь усны нөөцийг зүй бусаар ашиглаж байгаагийн үр дүн. Хэрэв ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол бүс нутгийн түүхэн болон аялал жуулчлалын гол хэсэг болох Сөнөсөн тэнгисийг хүн төрөлхтөн удахгүй алдах болно” гэжээ.
Ойрхи Дорнодын хуурай, халуун уур амьсгал нь усны түвшнээ нөхөх боломж олгодоггүй байна. Өнгөрсөн жил Израйль, Йордан улс усны түвшнээ тогтворжуулахаар 900 сая ам.долларын гэрээ хийсэн юм. Улаан тэнгисээс Сөнөсөн тэнгис хүртэл дамжуулах хоолой барьснаар хоёр улс усаар хангагдаад зогсохгүй жилдээ 300 сая метр куб усыг Сөнөсөн тэнгис рүү шахах аж. Энэ бол 1994 онд Йордантай хийсэн энх тайвны хэлэлцээрээс хойшхи хамгийн онцгой бөгөөд ач холбогдолтой хэлэлцээр билээ. Сувгийн ажлыг ирэх 2019 онд дуусгахаар төлөвлөжээ. Энэ талаар Израйлийн эрчим хүч, усны нөөц хариуцсан сайд Силван Шалом “Усны хоолой баригдаж дуусах хүртэл тайван суух бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол байгаль биднээс өшөөгөө авч сөнөсөн тэнгис хэзээ мөдгүй алга болж магадгүй” гэсэн байна. Өнгөрсөн сарын эхээр Сөнөсөн тэнгисийн усны түвшин буурч, гамшгийн хэмжээнд хүрснийг олон нийтэд хүргэх зорилготойгоор дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 30 тамирчин Сөнөсөн тэнгист сэлэн, Йорданаас Израйль хүртэлх 14 км замыг туулжээ. Тэд нүд, амаа хамгаалахын тулд нүүрэндээ тусгай зориулалтын маск зүүсэн ч нэг тамирчны хэлснээр сэлэх явцад нүдийг нь хүчлээр түлж байгаа мэт мэдрэмж төрсөн гэнэ. Мөн тэнд зураг авахаар очсон олон улсын зурагчин Кустнерийн хэлснээр “Сөнөсөн тэнгисийн ойр орчмын бүс нутагт хүн амьдрах боломжгүй. Улам их давстай болсон. Тэнгисийн уснаас амсвал ус нь хортой мэт болсон байна” гэжээ. Сүүлийн жилүүдэд хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэдэг үгээр олон зүйлийн гэм бурууг өөрөөсөө холдуулдаг болжээ. Гэхдээ Сөнөсөн тэнгис хэзээ ч өөрийн анхны төрхөндөө эргэж орохгүй, тэр бүү хэл 35 орчим жилийн дараа алга болох хэмжээний аюул тулгарсан нь цэвэр хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна.

А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан