Д.Трамп Висконсин мужид ялсан нь батлагдсан байна


АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампыг Висконсин болон Пенсильвани мужид ялалт байгуулсныг дахин тооллогын дүнгээр баталлаа гэж “Foxnews” сайт мэдээллээ. Өнгөрсөн сарын 8-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал асуулгын дүнг дахин тоолох ажлыг Ногоон намаас нэр дэвшигч Жилл Стейн санаачилсан бөгөөд Хиллари Клинтоны кампанит ажлынхан мөн дэмжсэн юм. Тэгвэл Висконсин болон Пенсильвани мужид дахин санал тоолох ажил албан ёсоор дуусчээ. Дахин тооллогын дүнгээр Доналд Трампын ялалт хууль ёсны дагуу болохыг баталсан аж. Тэрбээр Висконсин мужид өрсөлдөгч Хиллари Клинтоныг 22 мянга, Пенсильванид 44 мянган саналаар ялсан гэсэн дүн мэдээ гарчээ. Дахин тооллого өмнөх тооллогын дүнгээс 0.6 хувийн зөрүүтэй гарсан нь сонгуулийн хорооны ажилчдын алдаанаас болсон гэж мужийн сонгуулийг зохион байгуулагчид тайлбарлажээ. Тодруулбал, сонгогчид саналын хуудсан дээр алдаатай тэмдэглэгээ хийснээс үүдэн автомат машин хуудсыг уншаагүй байж болох алдаа гарсныг хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч энэ нь сонгуулийн үндсэн үр дүнд нөлөөлөхгүй гэнэ.
А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан