Р.Раш: Соёлын яам байгуулж, сайдаар нь Н.Жанцанноровыг тавиасай


Ч.ҮЛ-ОЛДОХ

МАН–ын бага хурлын гишүүн, УИХ–ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.

–Ардын нам саяхан Бага хурлаа хийсэн. Хурлаар юу хэлэлцэв,  ач холбогдол нь юу байв гэдэгт та ямар байр суурьтай байна?


–Хурал тун дажгүй болсон. М.Энхболд дарга улс төрийн илтгэлдээ хариуцлагыг өндөржүүлье, бэхжүүлье, хариуцлагын тогтолцоо бий болгоё гэдэг дээр  нэлээд цохилт өгч ярьсан. Энэ их чухал. Ер нь Үндсэн хуулийг баталж байх үед Ардын хяналт, прокурорын ерөнхий хяналт гэдэг юмнуудыг зах зээлд саад болно гээд алга болгочихсон юм.

Энэ нь хариуцлага гэдэг юм алга болоход нөлөөлсөн. Хариуцлага гэдэг өөрөө нь хэн хүнгүй эрхэлсэн ажил албан тушаалдаа эзний ёсоор хандаж,  тэр дотроос  ялангуяа томоохон албан тушаалтнууд албаны  ажлаа  урд нь тавьж амины асуудлаа ард нь тавьж, хийж буй ажилдаа сэтгэлээ өгч ажиллах ёстой юм. Хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцсэн. Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан, нарийн бичгийн даргаар Ц.Бат–Энх нарын залуусыг сонгосон. Ц.Бат–Энх нь заалнаас нэр нь гарч ирж олонхийн дэмжлэг авна лээ. Д.Амарбаясгаланг учир мэдэх хүн надтай уулзахдаа “Тун зэгсэн залуу шүү” гэж ярьж байна лээ. Ц.Бат–Энхийг бид мэднэ. Намайг тэр жил Зам, тээврийн яаманд хэсэгхэн хугацаанд байхад миний удирдлагад байсан юм. Хүнийхээ хувьд ч, боловсон хүчний тухайд ч тун гайгүй. Тэд одоо  Бага хурлынхаа шийдвэрийг барьж хөөцөлдөж, УИХ, Засгийн газартаа намын бодлогоо сайн хэлж, асууж байх ёстой. Цааш нь Бага хурал дээр гишүүд  Ц.Нямдоржид заалнаас асуулга тавьж байсан.  “Эрдэнэт”-ийн эргэн тойронд юу болоод байна гэдэг талаар. Энэ дашрамд хэлэхэд “Хүний хуучин, дээлийн шинэ” гэж мухар үхэр ус руу зүтгэж байгаа юм шиг энэ хүн л гол ачаалалыг авч зүтгэж байх шиг санагдсан. Тэр  5-6 удаа Их Хуралд сонгогдсон юм чинь арга ч үгүй биз дээ. Дээр нь Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр нар чигжиж өгч ярина лаа. “Эрдэнэт”, Хөгжлийн банк, оффшор данс гээд нийгмийг их цочоож буй асуудлуудыг сайн судалж  үнэн мөнийг нь  нарийвчлан тогтоож, нэг их царцааж удаалгүй шийдвэрлэхийг УИХ, Засгийн газарт ажиллаж байгаа удирдах ажилтан, намын гишүүддээ чиглэл, даалгавар болгож өгсөн. Ер нь тэгээд өнөөдөр төр, засгийн эрхийг барьж байгаа нам  дороо суурьтай, дотроо бодолтой ажиллахгүй бол болохгүй боллоо шүү дээ. Дотоод, гадаад орчин нөхцөл ямар байгааг бид цөмөөрөө мэдэж байна. ХХ зуунд МАН  Монгол Улсаа  сэргээн мандуулсан. XXI зуунд хойтохыг нь уншчих вий гэж болгоомжилж ард түмэн энэ намд өнгөрсөн хавар саналаа өгсөн болов уу. Манай дээд талын нөхдүүд ингэж ойлгож, улсаа  дөрлөж,  мөрлөж  үнэнчээр зүтгэх цаг болсон.

–Цаг үеийн бас нэг онцлох асуудал бол Монгол–Оросын Засгийн газар хоорондын комиссын хурал байлаа. Хойд хөрштэй харилцах харилцаанд ямар дэвшил гарсан гэж та харж  байна?

–Би ажилд нь оролцсон биш, хөндлөнгөөс хааяа чих тавьж байхад комиссын хуралдаан харилцан бие биеэ хүндэтгэсэн, ойлголцсон тун ажил хэрэгч байдалд боллоо. Орос–Монголын харилцааны эгзэгтэй үед  болсон гэж  төрд оймс элээж явсан хүний хувьд ойлгож байгаа.  Мал аж ахуйн салбарт хамтарч ажиллах, монгол малын махыг ОХУ руу экспортлох, мал эмнэлгийн хорио цээрийн албаны хамтын ажиллагаа, энэ салбарт харилцан бие биедээ туслах, геологи, уул уурхайн чиглэлийн  урд өмнө ЗХУ–ын хийж өгсөн судалгааны баримт материалуудыг  Монгол Улсад хэрэг болж магадгүй  гэж үзэж ирэх дөрөвдүгээр сард багтаан шилжүүлэх, усан цахилгаан станцыг хамтран барьж байгуулах, төмөр замын салбарт эрс шинэчлэлт хийж, хамтын ажиллагааг бэхжүүлэх гэх мэт олон асуудлыг хөндөж ярилаа гэж ойлгосон.

–Тэр дотроо  төмөр замын салбарт ямар шийдлүүд гарав. Энэ  салбарыг сайн мэдэх хүний хувьд үүнийг та л ажиглаж харсан байх?

–Төмөр замыг бүрэн судалчихсан, нэвтэрхий мэддэг хүн гэж байхгүй байх. Би сургууль төгсч ирээд л  энэ салбарт  ажилласан. Одоо ч суралцаж л яваа шүү дээ. Одоо ч төмөр замыг мэдэхгүй хүнгүй болж дээ. Хоёр орны Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар төмөр зам дээр юу ярив гэдэг дээр хэлэхэд ер нь төмөр замын салбар, тэр дундаа УБТЗ хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны гол түшиц газар юм. Хоёр орны харилцааны брэнд нь  Улаанбаатар төмөр зам боллоо гэж би үздэг. Үүнийг тунхаглаад байх биш ажил үйлчилгээгээр үлгэр жишээ байх ёстой. Энэ талд монголчууд анхаарахаас гадна Оросын тал ч дээд зэргээр  анхаарах ёстой.

–Тэгвэл урд хөрштэй харилцах харилцаанаас та юу ажиглаж байна?

–Бид хоёр хөрштэйгээ адилаар маш сайн  харилцах ёстой. Дэлхийн агуу том хоёр гүрний хооронд бид оршдог. Бид эндээс нүүгээд явчихгүй, тэд манай мөнхийн хөршүүд. Хятад улстай манайх  бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх ёстой. Зээл авна, эдийн засгийн дэмжлэг авна  гэж байсан яриа  сүүлийн үед  чимээгүй боллоо. Удахгүй  сэргэх байх. Гэхдээ сэргэнэ гээд зүгээр хүлээгээд байж болохгүй л дээ. Олон арга замуудыг сүвэгчлэх ёстой.

–Саяхан Далай лам айлчилснаас болж зээлийн асуудал намжиж, хилийн татвараа  нэмчихлээ?

–Бид гадаад худалдааны ихэнхийг  урд хөрштэй хийж байгаа. Буруу юм юу байхав. Хоорондын зай, тээврийн зардал, ирж очихоос өгсүүлээд боломжтой нөхцөл байдлаа тооцож байгаа байх. Гэхдээ олон өнцөгт эдийн засаг байх  нь зөв шүү. Манайх жижиг улс, хоёр хөрштэйгээ мэдээж нэг номерт сайхан харилцаж байх ёстой. Дээр нь гуравдахь  хөршийн харилцааг алдагдуулж яагаад ч болохгүй.

Далай ламын тухайд  хэвлэл, мэдээллээр зөндөө л  ярьж, бичиж байна. Тэр бол цэвэр шашны айлчлал шүү дээ. Гадаад харилцааны яамны мэдэгдэл ч гарсан. Далай лам 1970-аад оноос хойш 8-9 удаа Монголд айлчилсан. Үзэл суртлын хэцүү үед, шашин, социа­лизм хоёр харш, бурхан авдранд байх цагт ч айл­чилж л байсан шүү дээ. Тэгэхээр харилцан бие биеэ хүндэтгэх байдлаас хандах учиртай. Ганц Мон­голд ч биш монгол туур­гатан тэр чигээрээ буд­дын шашин, Далай ламд  сүсэглэж залбирдаг шүү дээ.

–Энэ үеэр бас нэг мэдээ­лэл шуугиан тарьсан  нь Энэтхэг улсаас манайд  хөнгөлт­тэй зээл олгох тухай ярьж байна?

–Энэ  нь хоёр  жилийн өмнө Энэтхэгийн Ерөнхийлөгч манайд айлчлахдаа амлаад явсан зүйл шүү дээ. Монгол, Энэтхэг хоёр улс  хэзээнээсээ түүх, соёлын асар том уламжлалт харилцаатай  ард түмэн. Харилцан бие биеэ хүндэтгэдэг, ирж очдог,  тусалдаг. Үүнд Гималайн нуруу саад болж байгаагүй. Эрт үед манай бадарчид ч  Гималайг давж Энэтхэгт очиж байсан. Тэндхийн  агуу их соёлыг ар Монголдоо авчирч хөгжүүлж ирсэн. Үүнийг би “Ядрах цагт нөхрийн чанар танигддаг” гэж ойлгож байгаа. 1961 онд Монгол Улс НҮБ–д  гишүүнээр элсэхэд Энэтхэгийн төрийн тэргүүн Ж.Неру “Монгол шиг улс НҮБ–д элсэхгүй юм бол өөр хэн элсэх юм бэ” гэсэн утгатай үг хэлж байсан гэдэг. Тэгж бие биеэ хүндэтгэж ирсэн улс түмэн шүү дээ. Харин энд нэг зүйлийг хэлэхэд, Энэтхэгээс орж ирэх нэг тэрбум ам.долларын зээлийг эдийн засагт шууд үр өгөөжөө өгөх зүйлд зарцуулаасай. Би саяхан Сангийн сайд Б.Чойжилсүрэнтэй уулзсан юм. Мань хүн нефтийн салбар, боловсруулах үйлдвэрийн чиглэлд зарцуулах нь зүгээр юм уу гэсэн бодолтой байх шиг байна лээ.

–Төрд ажиллаж, улс орны төлөө зүтгэж явсан  хүний хувьд та өнөөгийн байдлыг гарц боломж талаас нь харж, судалж үзэв үү?

–Өөрийн дотоод хүч, ямар нөөц бололцоо байна гээд үзвэл Монгол Улсад асар их нөөц бололцоо бий. Оюуны болоод материаллаг бас мал болоод эд баялаг гэх мэт. Бид чадна. Нөөцөө дээд зэргээр шавхаж дайчлах ёстой. Энэ дэлхий ертөнц, энд тэнд хүлээгээд авчихмаар зүйл ч их бий. Манайхан дэлхийн өнцөг булан бүрт очиж ажиллаж, амьдарч байна. Тэд маань ч гэсэн тэгмээр байна, ингэмээр байна гэсэн зүйлүүдийг хэлэх ч ёстой. Нөгөө талаас зээл авахаас өөр аргагүй. Өрийн тааз өндөрслөө, хэцүүдлээ гэж байгаа ч өнөөдрийн нөхцөлд тийм л зам бий. Авсан зээлээ үр ашигтай зүйлд зарцуулах ёстой. Бас нэг зүйл нь ашигт малтмал, уул уурхайн болон бусад  салбар дахь хамтын ажиллагаа чухал. Энд гэрээ хэлэлцээрүүдээ бид хэр чамбай, шахсан бяслаг шиг хийж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал байна. Үүн дээр л жаахан тавьж туугаад байна уу гэж би хувьдаа ойлгодог. Тиймээс тухайн үед “Эрдэнэт”-ийн хэлэлцээрийг хийсэн Д.Содном гуай, Э.Бямбажав гуай, Балжинням гуай гэх мэт туршлагатай хүмүүсээ гэрээ хэлцэлд оролцуулж байх нь зөв гэж боддог.

–Та түрүүнд туршлагатай хүмүүс ямар ч үед үнэтэй гэсэн санааг хэллээ. Өнөөдөр төрийн албан хаагчид тогтвортой биш, улстөрчдийн  тоглоомын дүрмээр халагдаж, солигддог. Монголчууд төрийн хар хүн гэж эртнээсээ ярьдаг байсан, өнөөдөр  тийм хүнийг яаж бэлтгэх ёстой юм бэ?

–Энэ хамгийн чухал асуудал. Төрийн бодлого, уламжлалт шинж чанар. Төрийн хүнийг яаж бэлдэх вэ гэдэгт анхаарах ёстой. Төрд бэлдсэн хүмүүсээ сонгож ажиллуулж чадвал сайн хууль гарна. Би улсын буянаар энд тэнд явсан. Канад, Австралийн уул уурхайн тухай хуулийг судлахад аль 1700-1800 оны юмаа  яриад байдаг юм билээ, тэнд. Хуулиа ч нөхөөстэй дээл шиг болтол хэдэн талаас сайжруулж, улам чамбайруулж байдаг. Тэрийг төрийн сайчууд л хийнэ. Тэгэхээр шинэчлэл байлгүй яахав гэхдээ уламжлалаа хослуулах учиртай. Энд бид  уламжлал талаа эргэж харууштай юм шиг ээ. Төрийн албаны хүнийг дээр үеэс угсаа гарвал, удам судар талаас хардаг байж, энд би ядуу хүний хүүхэд төрд ажиллаж болохгүй гэж байгаа юм биш л дээ. Харин шашин талын хутагт хувилгаадыг жинхэнэ ардын дундаас шодож олдог байсан юм гэнэ лээ. Тэгэхдээ тэр хүнийг ямар хүн эх барьж авч вэ, эх барьсан хүний багш нь хэн бэ, багшийн багш нь хэн байна гэж судалдаг байсан гэдэг.  Мундаг хүмүүсийг тэгж шилж сонгож гаргаж ирдэг байжээ, бидний  дээд үе. Саяхан  Ю.Цэдэнбал даргын 100 насны ойг тэмдэглэсэн. Хурал цуглаан хийж, музей үзэсгэлэн олныг гаргасан. Гэхдээ Ю.Цэдэнбал гэдэг тэр хувь хүний Монгол Улсын төлөө зүрх нь яаж цохилж, судас нь жирэлзэж байсан бол гэдгийг жинхэнэ хэмжүүрээр нь гаргаж ирж чадав  уу, үгүй юу. Ойг тэмдэглээд өнгөрсөн, хөшөөнд  нь цэцэг өргөсөн, ах дүүстэй нь уулзсан. Хэвлэл, мэдээллээр сурталчилсан. Надад ийм л бодол үлдсэн.

–Ер нь төрийн хүнд тавих шалгуур ямар байх ёстой вэ?

–Дээхнэ Ю.Цэдэнбал, Ж.Самбуу гуайн үед хүнийг ажилд авахдаа гурван үеийн намтар шаарддаг байлаа. Одоо эх, эцэг гээд дуусч байна. 10 дугаар ангид, их, дээд сургуульд яаж сурав гэдгийг огт анхаарахаа байлаа. Тэгэхэд 10 жилийг алтан медальтай төгссөн, дээд  сургуулийг улаан дипломтой төгссөн гээд тухайн хүний хөдөлмөр, зүтгэлийн үзүүлэлтийг харуулаад байна аа даа. Хятад оюутныг бол шөнийн нэг, хоёр цагт түмпэнтэй хүйтэн усанд хөлөө дүрчихээд суудаг байсан гэж ярьдаг байсан юм шүү дээ. Тэд  асар хөдөлмөрч гэдгийг тэгж ярьж байна шүү дээ. Өнөөдөр  олны өмнө уран цэцэн үг уралдуулж ярьсан нэгэн улаан шугамаар шууд нэвтэрч байна. Ийм учраас боловсон хүчнийг бэлдэх, төрийн албыг зохион байгуулахад олон талаас судалж чамбайруулж явах хэрэгтэй. Монголчуудын “Төрийн хар хүн” гэдэг  хэлц байна. Ярианы хэлэнд  “Хар ус”  гэдэг. Хар гэдэг нь өнгөгүй тунгалаг гэдгийг хэлж буй  ухаан. Тийм л хүмүүсээ  бид гаргаж ирж, бэлтгэж, төрийн албанд тавьж, тогтвор суурьшилтай ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Гэтэл 2012 оноос хойш  төрийн албан хаагчдыг нэг нам  нь гарч ирээд халдаг, улмаар гарын бээлий шиг сольдог боллоо. Ингэж болохгүй. Гэхдээ тааруухан нөхдийг солилгүй яахав.  Төрийн албанд мэдлэг чадвараас гадна ноён нуруу, ёс суртахуун, ёс зүйг ихээхэн харж байх ёстой.  Дундговь аймгийн Адаацаг сумын хөдөлмөрийн баатар хоньчин Дашзэвэг гуай нэгэнтээ “Ёс суртахуунгүй боловсрол бол ишгүй хутгатай адил” гэж ярьж байсан юм. Би тэрийг одоо хүртэл үнэн гэж боддог. Гэхдээ боловсрол гээч юмыг доош хийж буй юм биш. Өндөр дээд мэдлэг боловсрол үнэхээр чухал. Түүнээс дутуугүй зүйл бол ёс суртахуун. Номыг нь эс сурсан ч номхоныг нь сур гэж үг бий. “Номхон” гэдэг хүлцэнгүй бай гэсэн үг биш. Ялангуяа төрийн өндөр дээд түвшинд ажиллаж буй хүмүүст  төр улсаа гэсэн сэтгэл нэвт шингэсэн. Бүх биеийнх нь судсаар гүйж байгаа цус төрийн, тэр л үзэл бодол гүйж байх ийм л учиртай. Гаднын баячууд бол эргээд ард түмнээ гэдэг бололтой юм. Манайханд бол гэдэс нь  цадсан ч сэтгэл нь цадахгүй байх жишээтэй. Бодвол чөмөг л дутуу суусных байх л даа.

–Төрийг өнөөдөр нам авч явж байгаа. Өмнөх дөрвөн жил төр барьсан АН өнөөдөр хагарч бутарч янз бүр болж байна. АН–ын тухайд та ямар бодолтой байна?

–Би намчирхаж сүйд болдоггүй хүн дээ. Ер нь үзэл бодлоор ангилан ялгах буруу. Сонгуулийн өмнө бол өөр хэрэг. Нэгэнт парламент намуудаас бүрддэг улс төрийн тогтолцоотой, Үндсэн хуультай улс болохоор зэрэг намууд сайн байж л төрийн тооно тогтвортой байх ёстой. АН сайн байх юм бол Ардын намд сайн. Ардын нам хэчнээн сайн байна энэ нь  АН–д сайн. Бие биеэсээ  суралцаж, алдаа онооноосоо туршлага авч  явж л улам бэхжинэ. АН–ын тухайд ярихад манай Ц.Нямдорж хэлдэг юм, фракц буруу гэж. Би тухайн үед УИХ–ын гишүүд асуудал ярихдаа чөлөөтэй маягаар байвал зүгээр юм. Тэр нөхцөл нь үзэл бодол, байр сууриар нэгддэг хүрээ юм. Энэ байж болох юм гэж ойлгож мань хүнтэй  нэг бус удаа зөв, буруу гэж байсан юм бий. Эргээд харахад Ц.Нямдоржийн зөв юм шиг ээ. Бат цул нэгдэл гээч юманд фракц сөргөөр нөлөөлж, явсаар байгаад АН–ыг эвгүй байдалд оруулж байна. Энд мөнгө, санхүүгийн  сүрхий олигархи нөлөөлөх нэгдэл болсон. Ийм юм Ардын намд ч бий, АН–д ч бий. Мөнгөнд хөтлөгдөхгүй юм бас байх шүү дээ. Мөнгөнд хөтлөгдөхөөрөө хэцүү байдал руу орчихож байна. Би АН–ыг сул дорой байгаад харамсч байгаа.

–Шинэчлэгдэж чадах болов уу?

–Намын даргаа нийт гишүүдээсээ сонгоно гэсэн. Их л зардал гарах байх. Ил мөнгө гаргаж ирж байна. Ингэж ил тавих нь зөв, бурууг сайн мэдэхгүй юм. АНУ–ын төрийн тэргүүний сонгуулийг харж байхад хоёр том өрсөлдөгч үзэлцэж байгаад Трамп нь гарч ирсэн. Трамп би ийм мөнгө зарцууллаа гэж хэлээгүй. Германы Канцлер ч, Оросын Путин ч тэгж хэлэхгүй байх. Ингэж мөнгийг ил гаргаж ирж байгаа нь бас л зоосны нүхээр харж байгаа гэдгээ эрээ цээргүй хэлж байгаа юм шиг ойлгогдож байх юм. Эсвэл тэртэй тэргүй мөнгө зарахаас хойш нууж хаагаад яахав гэж бодсон ч юм болов уу, цаадуул чинь тэнэг хүмүүс бас биш шүү дээ. Харин нэг зүйлийг хэлэхэд би Р.Амаржаргалыг нэр дэвшээгүйд харамсч байгаа. Би түүнийг гараасай гэж бодож байсан юм.

–Бидний ярилцлага энэ хүрээнд өндөрлөж байна. Ахмад хүнээс үг сонс гэдэг.  Та Монголчууддаа хандаж үг хэлнэ үү?

-Шударга ёс гэж их ярих юм. Яг хэрэг дээрээ лоозон болоод байна. Энэ үгний үнэ цэнэ асар өндөр байх ёстой юм. Үүнийг ингэж ойлгож, зүгээр ярих биш яг хэрэг дээрээ тийм болгомоор байна. Хаа сайгүй, дээр дооргүй. Их багагүй ихэр сөөнгөгүй.  Ингэж чадвал арай цэвэр хандлага руу явна. Сүүлийн үеийн хэвлэл  мэдээлэл, залуус түүх соёлоо их ярьж байна. Энэ их сайн. Тэр жил Москвагийн цагаан байшин руу буудаж, хэд хоног эвгүй байдал үүссэнийг хүмүүс мартаагүй байх. Тэгэхэд байсхийгээд Орос орны тухай дуу дуулаад л, нэвтрүүлэг явуулаад л… Ер нь бол тэгж хүний сэтгэлийг гаргаж ирдэг юм байна лээ. Бид өнөөдөр арай ч тийм байдалд орчихоогүй байна. Гэхдээ хүмүүсийг шударга, цэвэр ариун байх чиглэлд их юм хийх ёстой. Түүх, соёлоо анхаарах учиртай. Монголын үндэсний соёлыг тээгч нь мал аж ахуй юм шүү дээ. Тийм учраас бид Үндсэн хуульдаа зааж оруулсан. Болдогсон бол зардалдаа багтаагаад Соёлын яамаа байгуулж,  Н.Жанцанноровыг  сайдаар тавиасай. Эрвийх дэрвийхээрээ хөдөлж энэ эх орноо өндийлгөе.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

  • Шинэ
  • Их уншсан