Н.Амарзаяа: Төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай хуулийг бусдаас нь салгах хэрэгтэй


УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэхээр болсон. Гэтэл хоёр том намд зориулсан хууль болсон гэх шүүмжлэл байна. Та үүнд УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Бүх шатны сонгуулийн тухай хууль нэгдсэн нэг хуультай байсан. Миний бие 2009 онд аймгийнхаа МАН-ын дэд дарга, 2013 онд аймгийн намын даргаар ажиллаж байсан болохоор сонгуулиа удирдан энэ хуульд захирагдан ажилласан. Хэрэглэхэд төвөгтэй, хүндрэлтэй, сонгууль тус бүрийн онцлог харилцааг тусгайлан зохицуулаагүй байлаа. Тиймээс Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох хариуцлагатай хуулийг бусад сонгуулийн хуулиас салгаж хатуу хуульчилж өгөх хэрэгтэй. Харин дахин оролдохгүй байх зохицуулалтыг хийвэл сайн байна. Өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар олонхын саналаар хэлэлцэхээр дэмжигдлээ. Аливаа асуудалд шүүмж өрнөлгүй яахав. Шүүмж бүхнээс хэрэгтэйг нь авч хуульдаа тусгах нь зөв. Хэлэлцүүлгийн явцад бид бүгдэд шүүмжлэх эрх нь нээлттэй байгаа.
-Ерөнхийлөгчийн сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдсэн байхад хуулиа өөрчлөх нь хэр зохимжтой вэ. Сонгуулийн ерөнхий хорооноос санал ирүүлсэн учраас хуульд өөрчлөлт оруулах гэж байна уу. Эсвэл танай намынханд энэ хуулийг өөрчлөх сонирхол байсан хэрэг үү?
-Намрын чуулганаар багтаж хэлэлцэж батална. УИХ-ын хэд хэдэн гишүүний өргөн мэдүүлснээр уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боллоо. 2015 оны арванхоёрдугаар сард баталсан Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн төдийгүй УИХ, орон нутгийн сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулах болсон. Сонгууль болгон өөр өөрийн онцлогтой. Гэтэл нэг хуулиар бүгдийг нь зохицуулж, хэрэглээний болон зохион байгуулалтын хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх зайлшгүй нөхцөлд хүргэлээ гэж үзэж байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг гарч ажиллаж байна. Энэ парламентын үед “эцэг” хуулийг өөрчлөх нь хэр оновчтой вэ. Нэг нам парламентад үнэмлэхүй олонх байгаа үед хуульд өөрчлөлт оруулбал эргээд шүүмжлэлд өртөх магадлал өндөртэй юм биш үү?
-Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг намын бүлгээс байгуулан ажиллаж байна. Ингэхдээ ард иргэдээсээ өргөн хүрээний хэлэлцүүлгийг өрнүүлж, нээлттэй сонсч, санал бодлыг тусгах боломжийг бүрдүүлэх байх. Шүүмжлэлд өртөх вий гэдэг болгоомжлолоос болж хуулиа өөрчлөхгүй байх нь цаг үетэйгээ нийцэхгүй болов уу. “Эцэг” хуульдаа хүндэтгэлтэй хандана. Монгол Улсынхаа нийт иргэдийн эрх ашигт нийцсэн хууль гаргах ёстой гэдэгтэй санал нэг байна.
-Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарах ямар боломж байна гэж та харж байгаа вэ?
-Цаг хугацаа гэдэг маш чухал хүчин зүйл. Манай Засгийн газар хямралыг даван туулах олон гарцыг хайж, түүнийхээ төлөө зүтгэж байна. Улстөрчид болон ард иргэдийн итгэл, хүлээлт асар их байгаа. Том мега төслүүд урт удаан хугацааных учраас төдийлөн үр дүн харагдахгүй байж магадгүй. Харин төслийг эхлүүлж ажлын байрыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг бий болгож, бүтээн байгуулалтыг өрнүүлж байж л бид хамтдаа хямралыг давна.
-Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудал олны анхаарлын төвд байгаа. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд төгрөгт хүргэхийн тулд Засгийн газар бонд гаргахаар болсон. Ингэж шийдвэл Засгийн газрын өр нэмэгдэнэ гэж зарим гишүүн үзэж байгаа. Таны хувьд бонд гаргах нь хэр зөв алхам бэ?
-Хөгжлийн банкыг анх байгуулсан утгаар нь ажиллуулъя гэвэл үүнээс өөр ямар ч гарц байхгүй. Нөгөө талдаа өр нэмэгдэж байгаа болохоор энэ нь маш хүнд шийдвэрийн нэг байсан. Гэхдээ ирээдүйг зөвөөр төсөөлж байна. Би энэ банкны уналтыг санхүүгийн сахилга батгүй, улс төр хэт орсон, зөвхөн нэг компанитай байгуулсан анхны гэрээний үнийн дүн 5000 дахин өссөн, УИХ-аас гаргасан хууль дүрэм, журмыг огт хэрэгжүүлэхгүй байгаа зэргээс харахад зүгээр л улстөрчид, шийдвэр гаргагчдын хувийн банк болон хувирсан байна гэж харж байгаа. Үүний хариуцлага одоо төрийн нуруун дээр ирж байгаа нь харамсалтай. Хөгжлийн банкны асуудлыг олон нийтэд ил болгохоор УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Миний бие уг ажлын хэсэгт орсон. Үнэн бодитой, тооцоо судалгаанд тулгуурлан бүх мэдээ мэдээллийг нэгтгэж, дүгнэж, зөв шийдвэр гаргахын төлөө зорьж байна.
-Монгол Улс ирэх гуравдугаар сард “Чингис”, “Самурай” бондын өр, төлбөрийг төлж эхлэхээр байгаа. Үүний эх үүсвэрийг хаанаас босгохоор байгаа вэ. Хэрэв гурван сард төлж чадахгүй бол Монгол Улс дефолт зарлалаа гэж олон улсад ойлгогдохоор байгаа. Үүнийг хэрхэн шийдвэрлэх арга зам байна вэ?
-Засгийн газар, Сангийн яам бүх талын арга хэмжээг авч байна. Эхний ээлжийн төлөлт болох 580 сая ам.долларын өрийг ирэх гуравдугаар сараас төлж эхэлнэ. Хэрхэн төлөх талаар Засгийн газраас мэдээллийг өгөөгүй байгаа учраас би үүнд тайлбар хийх боломжгүй.
-Улаанбаатарын утаа зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэд дахин давж, гамшгийн төвшинд хүрснээр хүний, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ээж, аавууд нэгдэж жагсаал хүртэл зохион байгууллаа. Иргэн, эх хүний хувьд агаарын бохирдлыг бууруулах талд ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн хэдэн жилд нийслэлийн хамгийн тулгамдсан асуудлын нэг утаа болоод байна. Ганц нийслэл гэлтгүй, төвлөрсөн суурин газруудад утааны зовлон бий. Төрөөс утаа, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр жил бүр өчнөөн тэрбум төгрөгийг зарцуулж байна. Гэтэл үр дүн муутай л байдаг. Миний бодож тооцоолж байгаагаар бүсчилсэн хөгжлийн бодлого, хүн амын төвлөрлийг сааруулах, аймаг, сумдад үйлдвэрлэл үйлчилгээг хөгжүүлэх, бага дунд орлоготой болон хот руу орж ирж байгаа айл өрхийг хямд үнэтэй түрээсийн орон сууцаар хангах, шөнө нь цахилгаан, өдөр нь нараар халдаг хосолсон систем бүхий хямд үнэтэй орон сууцуудыг барих, гэр хороололд байгаа өрх нэг бүрийн санхүүгийн чадавхийг тооцоолж түүнд нь тохирсон боломжийн нөхцөлийг санал болгох зэргээр хүн ам руугаа чиглэсэн бодлого хэрэгжүүлж байж үр дүн харагдана гэж боддог. Нөгөө талаас шахмал түлшээр хангах боломж хэр байгааг ч нарийн тооцоолж зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Утааг хоёр дахин бууруулна гэдэг нь гэр хорооллын нийт өрхийн 50 хувийг утаагүй, өөр шийдэл бүхий орон сууцаар хангах ёстой гэсэн үг. Өөр юу ч биш. УИХ-ын чуулганаар оруулж хэлэлцүүлэн тодорхой шийдвэрийг гаргаж бүх нийтээрээ тэмцэх хэрэгтэй гэсэн зарчмын байр сууриа Өргөдлийн байнгын хороонд дэвшүүлсэн байгаа.
-Өнгөрсөн долоо хоногт болсон байнгын хорооны хуралдаанаар “Утааны эсрэг авах арга хэмжээний тухай” Засгийн газарт ямар чиглэл өгөв. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-“Утааны эсрэг авах арга хэмжээний тухай” сэдэвт хуралдаанаар байнгын хорооны гишүүд албаны хүмүүсээс зохих мэдээллийг авч улмаар Засгийн газарт өгөх тогтоолын төслийг дэмжлээ. Үүнд, агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх, агаарын бохирдлын төлбөрийг уг арга хэмжээнд нь зарцуулах, агаар цэвэршүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, барилгажуулах зэрэг олон асуудлаар чиглэл өглөө.
-Шинэ парламент байгуулагдаад нэлээд хугацаа өнгөрлөө. Таны хувьд Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн. Энэ хугацаанд тойрогтоо ямар ажлыг хийж хэрэгжүүлэв?
-Хагас жил болж байна. Хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнан сонин хэлбэрээр улирал тутам сонгогчдодоо хүргээд байна. Сүүлийнх нь удахгүй сонгогчдын гар дээр очихоор болж байна. Нэлээд олон ажлыг хийж хэрэгжүүллээ, цаашид ч хийх ажил их байна. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн өөрийн бүрэлдэхүүний хамт орон нутагт очиж, нөхцөл байдалтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Манай аймаг өөрөө их онцлогтой, уул уурхай эрдэс баялгийн гол бүс нутаг. Аймаг, орон нутгийн удирдлагууд бид хамтдаа бие даан асуудлаа шийдвэрлэх боломж нөхцөл бас хомс. Нутаг орны минь, ард иргэдийн санал бодлыг сонсч, төрийн хэмжээнд зохих төвшинд асуудлууд шийдэгдэж байгаад талархалтай байгаа. Өөрөө санаачлан аймаг, орон нутгийнхаа удирдлагуудын дэмжлэг туслалцаа, ард иргэдийнхээ оролцоотойгоор олон арга хэмжээг зохион байгуулж байна. Хүн рүүгээ чиглэсэн, хүн төвтэй бодлого арга хэмжээг хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, иргэдийнхээ өсөлт, хөгжил, боловсрол, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр голлон анхаарлаа хандуулан ажиллаж байна.
М.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан