П.Батхуяг: Утга зохиолын ертөнцөд дурлан шохоорхогч биш мэргэжлийн зохиолч хэрэгтэй


СУИС-ийн ТУИС-ийн багш, утга зохиол судлаач, шүүмжлэгч, зохиолч П.БАТХУЯГТАЙ хөөрөлдлөө.
 
-Юуны өмнө “Эсрэг цаг 3” номоороо зургаа дахь “Алтан-Өд” шагналыг хүртсэнд баяр хүргэе. Энэ номоо уншигчдад танилцуулаач?

 
-Баярлалаа. Утга зохиолын судлал шүүмжийн төрлөөр “Алтан-Өд” хүртсэндээ баяртай байна. Өмнө нь богино өгүүллэгийн төрлөөр хоёр, жүжиг, киноны төрлөөр нэг удаа, судлал шүүмжийн төрлөөр хоёр удаа энэ шагналыг хүртэж байлаа. Би сүүлийн жилүүдэд утга зохиолын судлал шүүмжийн бүтээлүүдээ эмхтгэн “Эсрэг цаг” нэртэйгээр цувралаар гаргаж байгаа юм. Өнөөдөр манайд үгийн урлагаас гадна театр, кино гээд урлагийн бусад салбарт шүүмж судлал үгүйлэгдэж байгаа. Тиймээс шинээр гарч буй кино болоод тайзан дээр шинэ тавигдаж буй бүтээлийг задлан шинжилж, шүүмжлэлт өгүүллүүд бичсэн. “Эсрэг цаг 3” номд үгийн урлагийг шүүн цэгнэсэн бүтээлээс гадна кино, театр урлагийн шүүмж орсноороо онцлог болсон.
 
-Монголын уран зохиолын өнөөгийн чиг хандлагын талаар юу хэлэх вэ?
 
-Монгол үндэстний утга зохиол хөгжлийнхөө л зүй тогтлоор л явж байна. Харин өмнөх үетэй харьцуулах юм бол зохиолчдын хөгшин, залуу, шинэ гээд гурван үе зэрэг уран бүтээлээ туурвиж буй нь их сонирхолтой байна. Магадгүй манай уран зохиолын ертөнцөд энэ үзэгдэл тийм ч тодорхой харагддаггүй байсан байх. Судлаач хүний нүдээр харахад өмнөх нийгмийг дамнасан зохиолчид болон өнөөгийн нийгмийн босгон дээр утга зохиолын ертөнцөд орж ирсэн нэг үеийнхэн байна. Мөн 2000-аад оноос хойш утга зохиолд төрөн гарч ирсэн залуучуудын үе байна. Ийм үзэгдэл аль ч орны уран зохиолд үзэгдээд байдаг зүйл биш. Энэ нь уран зохиолын хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа юм. Тодруулбал, аливаа үндэстний түүхийн залгамж халаа болсон залуус өөрсдийнхөө оюуны тэг /онцлог/- ийг тээж оршиж байна гэдэг хамгийн сонирхолтой явдал. Социалист нийгэмд амьдарч байсан зохиолчдын суурь итгэл үнэмшил одоо ч тэдэнд бий. Ардчилсан нийгэмтэйгээ хамт утга зохиолд орж ирсэн үеийнхний итгэл үнэмшил магадгүй өнөөгийн уран зохиолын үзэл санааг тодорхойлж байна. Энэ үзэл санааг даган дуурайж, хүлээн зөвшөөрсөн шинэ үеийнхэн. Ингэж бодоод үзэхэд Монголын уран зохиол хөгжлийн хувьд гараан дээр, хурд хүч авах агшин дээрээ зогсч  байна. Гэрэл гэгээтэй сайн талаас нь харах юм бол энэ хөгжлийнхөө зүй тогтлоор явах юм бол магадгүй 20- 30 жилийн дараа манайхан дорно дахины утга зохиолд өөрийн гэсэн бие даасан хэв шинжтэй, томоохон цар хүрээтэй сэтгэлгээний чиг хандлагыг бий болгоно.
 
-Сүүлийн жилүүдэд яруу найраг бичдэг, сонирхдог хүн олон боллоо. Олон хүн бичихийн хэрээр чанаргүй бүтээл гарах нь олширч байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
 
-Ганц яруу найрагт ч биш уран сайхны ертөнцөд дуртай, сонирхолтой, өөрийгөө олонд таниулах гэсэн хүмүүсийн тоо өсч байна. Цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Учир нь, нэг талдаа бидний оюун санааны эрх чөлөө хэтэрхий их болжээ. Хүний оюун санааны эрх чөлөөг ямар нэг байдлаар хаших, боох боломжгүй чөлөөт оюун санааны ертөнцөд бид амьдарч байгаа шүү дээ. Дурлан шохоорхогчдын эгнээ манай уран зохиолд хэтэрхий их нэмэгдсэн. Энэ эгнээ өнөөгийн уран зохиолд өргөн хүрээг хамарч байгаа нь сөрөг талтай. Харин ямар хүн утга зохиол бичих вэ гэхээр дурлан шохоорхогч биш, бүх амьдралынхаа утга учрыг энэ салбарт зориулж чадах сэтгэл зүйн бэлтгэлтэй мэргэжлийн зохиолчид л хэрэгтэй байгаа юм.
 
-Уран зохиол сонирхогчдын тоо нэмэгдэхийн хэрээр шүүмж судлал хөгжих үү?
 
-Чанарын хувьд сулавтар, уран сайхны хувьд шаардлага хангахгүй бүтээлүүд гарахаар түүнийгээ дагаад мэргэжлийн шүүмжлэл өрнөх магадлал өндөр юм. Хэдий чинээ бүтээлийн чанар сул байна, тэр хэмжээгээр тухайн бүтээлийг үнэлж дүгнэх уран сайхны шүүмж олноор гарах юм. Нэг үеэ бодвол уран сайхны шүүмж бичдэг залуус ч гарч ирлээ. Харин хатуухан хэлэхэд огт үг дуугарахгүй зүгээр л хувь тавиланд нь найдаад орхичихоор бүтээл олон байна. Ийм бүтээлийн талаар өөрийнхөө санал дүгнэлтийг хэлэх нь нэг талдаа цаг үрсэн дэмий зүйл. Огт дуугарах шаардлагагүй зүйл гэж байна шүү дээ. Ер нь шүүмжлэлд өртөж, шүүмжлэгчийн анхааралд байгаа уран сайхны бүтээл нэг талдаа нэлээд уран сайхны сайн төвшинд бичигдсэн байдаг. Мэргэжлийн шүүмжлэгчдийг ажиглаж байхад муу бүтээлийн талаар дуугүй өнгөрөх нь хамгийн том шүүмжлэл гэсэн байр суурийг баримталдаг юм болов уу гэж боддог.
 
-Гэтэл уншигчид үүнийг өөрөөр хүлээж авдаг шүү дээ?
 
-Аль ч нийгэмд үндэсний утга зохиолынх нь сэтгэлгээний төвшин массын сэтгэлгээнээс дээгүүр явж ирсэн байдаг шүү дээ. Доор юу буцалж, юу өрнөж, ямар давалгаа үүсч байгаа нь зарим талдаа мэргэжлийн хүрээнийхэнд огт падгүй. Би номын дэлгүүрийн бест селлерийг огт тоодоггүй. Энэ нь бидэнд ямар ч хамаагүй зүйл. Тэнд зүгээр л худалдан авагчдын тоогоор тэргүүлсэн бүтээлийг шалгаруулдаг болохоос тэр бүтээлийг уран сайхны талаас нь шалгаруулж байгаа зүйл биш юм. Уншигчийн худалдан авч байгаа тоогоор зарим тааруу зохиолч өөрийгөө үнэлж, өөрийгөө сайн зохиолч гэж бодож, надад шагнал өгсөнгүй гэж гоморхох тохиолдол гардаг. Энэ бол бидэнд ердөө хамаагүй. Доор юу буцалж байх мэргэжлийн хүрээнийхэнд огт хамаагүй байж магадгүй. Гэхдээ мэргэжлийн хүрээнийхэн аль ч төвшинд болж буй зүйлийг өргөн хүрээнд нь ажиглаж л байх ёстой. Тэр тусмаа шүүмжлэгч хаана, юу болж байгааг сайн ажиглаж түүнд дүгнэлт хийж байх хэрэгтэй. Харин мэргэжлийн зохиолчдод энэ нь хамаагүй байх. Мэргэжлийн гэж онцлоод байгаагийн учир нь манай уран зохиолд хэн гэдэг зохиолч нь мэргэжлийнх, хэн нь хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг ярилцах шаардлагатай байна. Өнөөдөр гайхамшигтай уран бүтээл туурвиж байгаа уран бүтээлчтэй нөгөө нэг массын төвшний тааруу зохиолч мөр зэрэгцээд, мөрөн дээр нь алгадахыг санаархаж байна шүү дээ. Тэгэхээр өөрийгөө хэн гэдгээ мэдэх мэдрэмж тэдэнд байхгүй байна гэсэн үг. Энэ мэдрэмж түүнд байхгүй байгаа нь тэр хүн үнэндээ утга зохиолын маш доогуур боловсролтойг илтгэдэг. Утга зохиолын боломжийн боловсролтой хүн бол өөрийгөө хаана явааг мэдэж, мэдэрч байдаг юм. Тиймээс өөрийнхөө хийж буй зүйлийн хэмжүүрийг анзаарч байдаг. Гэтэл манайд энэ хэмжүүр алга. Магадгүй энэ хэмжүүрийг нь тогтоож өгөх, үүнд дуу хоолойгоо хүргэх мэргэжлийн шүүмжлэгчийн орон зай дутаж байхыг үгүйсгэхгүй.
 
-Тэгэхээр судлаач шүүмжлэгчид ажлаа муу хийж, уншигчдад утга зохиолын тодорхой хэмжүүрийг ч ойлгуулаагүй яваа юм болов уу?
 

-Үүнд хоёр шалтгаан бий. Эхний шалтгаан нь бидний өмнө нь явж ирсэн 80 гаруй жилийн түүхэнд үзэл сурталжсан плакатын уран зохиолыг хөгжүүлж ирсэн байдаг. Энэ зүйлийн үлдэгдэл одоог хүртэл арилаагүй байна. Уншигчдын сэтгэл зүйд үзэл сурталжсан нийгмийн үнэт зүйлс үлдчихсэн байна. Бүр зарим зохиолчийн оюун санаанд ч байна. Удаах шалтгаан нь өнгөрсөн хориод жилийн хугацаанд бидний хувьд үзэл санааны болоод үнэт зүйлсийн төлөвшилт явагдсан. Одоо ч гэсэн монгол хүний үзэл санаа ингэж тогтож, бүрэлдсэн гээд хэлж, харуулах зүйл бидэнд алга байна. Магадгүй тодорхой цаг хугацааны дараа судлаач шүүмжлэгчид нь эдгээр зүйлийг оноож хэлдэг төвшинд хүрнэ. Хэдийгээр өнөөдөр манай улсын эдийн засаг доош унаж байгаа боловч бидний амьдрал, итгэл үнэмшил, оюун сэтгэлгээ дээшээ явж байгаа гэж би хардаг. Саяхан багштай ярьж байхдаа түүнээс Америкаас дэлхийн нийтэд зөвшөөрөгдсөн томоохон зохиолч төрөхгүй байгаагийн шалтгааныг асуухад “Эдийн засгийн хэт өндөр хөгжилд тэр улс хүрсэн учраас хүний хэрэглээний бусад сонирхол багассан. Харин дайн тулаан, эдийн засгийн хямрал, амьдралын олон ээдрээтэй цаг үед сайн зохиолчид төрдөг юм болов уу” гэж хэлж байсан. Үүнийг ортой байх гэж боддог юм. Бид үнэндээ өмнөх судлаач шүүмжлэгчдийн байр сууриас огт цоо шинэ үзэл хандлага, арга зүйгээр утга зохиолыг судлах шаардлагатай болсон нь үнэн. Уран зохиолыг судалж байсан хуучин арга зүйгээр өнөөдрийн шинэчлэгдэн өөрчлөгдөж буй уран зохиолыг судлах боломжгүй. Уран зохиолын сургалтад бас анхаарах хэрэгтэй. Ер нь суурь хөрсөө янзлах хэрэгтэй. Үндсэн суурь зарчмуудыг шинэчилж байж бид дараагийн өөр үе шатны тухай ярих боломжтой болно. 1990- ээд онд ардчилсан хувьсгал хийсэн гэж олонтаа ярьдаг ч үнэндээ бид өнгөцхөн зүйлүүд дээр өөрчлөлт хийснээс биш яг дотоод суурь зүйл дээр хувьсгал хийгээгүй. Цэцэг навчаар жишээ аваад ярихад үндсэнд нь бид гэрэл гэгээ тусгаж чадаагүй юм байна гэж боддог. Энэ нь ганц уран зохиолд ч биш нийгмийн олон салбарт ажиглагдаж байна. Улс төр, эдийн засгийн байдлаа хархад л тодорхой байгаа биз. Нийгэм соёлын салбар хүртэл нэг хэвийн царцмал байдалтай болчихсон. Үүнд шалтгаалж буй хүчин зүйл олон бий. Миний ажигласнаар хамгийн гол нөлөөлж буй зүйл нь хүний дотор байдаг өөрийнх нь оюун санааны болоод итгэл үнэмшлийн мөн чанарын контроль /хэмжүүр/ нь хэт эрх чөлөөний дур ханалтаас болоод алдагдчихсан шиг байгаа юм. Сайн, муу бүтээл гарахын шалтгаан нь тухайн хүнтэйгээ холбоотой. Ер нь өөрийнхөө хэм хэмжээг мэдэхгүй байна гэдэг гутамшигтай явдал.
 
- Уран зохиолын шүүмж харьцангуй идэвхжээд хүмүүс ч сонирхдог боллоо. Нөгөө талдаа жүжиг, киноны шүүмж орхигдоод байх шиг. Ялангуяа орчин үеийн монгол киноны шүүмж байхгүй байна. Чанаргүй муу кино гарч байгаагийн шалтгаан нь юу вэ?
 
-Мөнгө муутай хүмүүс аль болох хямд кино хийхийг бодно. Хэрэв төсөв мөнгө нь хангалттай бол мэдээж мэргэжлийн зохиолчид хандаж, зохиол бичүүлээд сайн кино хийхийг бодно. Харамсалтай нь, аль болох бага зардлаар хямд кино хийгээд их мөнгө олох зорилготой хүмүүс энэ урлагт байгаа. Тиймээс муу кино олноор төрж байна. Би энэ талаар хангалттай дуугарч, хэд хэдэн шүүмж бичсэн. Энэ салбарын уран бүтээлчид их эмзэг юм билээ. Үг даадаггүй, аливаа зүйлийг тунгааж бодох чадваргүй. Магадгүй, олон сайн дурынхан энэ салбарт хүч үздэг юм болов уу гэсэн бодол төрдөг болсон. Сүүлийн үед тэр хүмүүстэй ойр байж, хийж буй бүтээлийнх нь талаар үзэл бодлоо илэрхийлж байхаа больсон. Яагаад гэвэл, энэ салбарт амьдарч байгаа хүмүүс эмзэг, дээр нь их бүдүүлэг. Тиймээс би зөнгөөр нь орхихоор шийдсэн. Миний дуугарах утга зохиолын салбар маань байхад олон долоон үг илүү дуугарч, хүн амьтны уур хүргэхээ байя гэж бодоод хаячихсан.
 
-Зөнгөөр нь хаячихлаар энэ салбар уруудсаар байх юм биш үү. Мэргэжлийн шүүмжлэгч нь үг дуугарч байх нь зөв юм биш үү?
 
-Өнөөдөр аливаа салбарт гэр бүлийн ч юм уу ах дүүс, багш шавийн цус ойртолт их явагдаж байна. Энэ цус ойртолт гаднаас шинэ дуу хоолой, үзэл санаа орж ирэхэд хүлээж авдаггүй. Өөрсдийгөө тойруулаад дээс татчихаад тэр дээсэн дээгүүр алхах гэхээр сэрээгээр хатгаад байдаг үзэгдэл кино урлагийн салбарт их байна. Ер нь театр, утга зохиолын салбарт ч байна. Яг үнэндээ манай утга зохиолынхон их бөөрөлхүү. Өөрсдийнхөө хүрээн дотор л эргэлдэж байдаг. Энэ нь ганц салбарынх ч биш манай нийгмийн хамгийн том эмгэнэл юм. Бид баялаг түүхтэй том үндэстэн. Гэхдээ бидний амьдрал их жижиг болчихсон. Энэ жижиг болж байгаа амьдралд гэр бүлсэг хүрээлэл байгуулдаг юм болов уу. Кино шүүмж хэрэгтэй. Ганц энэ салбарт ч биш бүх салбарт шүүмж хэрэгтэй. Гэтэл шүүмжийг огт хүлээж авахаа байж. Шүүмжийг хүлээж авахаа байна гэдэг нь тухайн нийгмийн хөгжил, зүй тогтол, гол чиг шугам их будлиантай болсныг гэрчилнэ. Надад заримдаа шүүмж бичих нь дэмий зүйл хийж байгаа юм шиг санагддаг болсон. Өөрийнхөө уран бүтээлд анхаарч зохиолоо бичээд суувал дээр гэж заримдаа бодно. Гэтэл тодорхой цаг хугацаанд сайн муугаар хэлүүлээд шүүмжлэгч гээд явчихсан. “Би хийхгүй бол хэн хийх вэ” гэдэг хариуцлага надад байдаг юм.
 
-Таны уран бүтээлийн сонин сайхнаас сонирхмоор байна. Роман бичиж байгаа гэж дуулсан?
 
-Би өмнө нь “Чулуун догшид” гээд домог зүйн чиглэлийн роман бичиж байгаад орхисон юм. Одоо “Хамгийн хүйтэн хот” гэдэг нэртэй роман бичээд дуусч байна. Роман гэдэг зүгээр нэг гарын үзүүрээр хийчих зүйл биш. Хүний хамаг цаг зав авдаг төрөл юм байна. Энэ романдаа их итгэл хүлээлгэж байна. Учир нь, би 1990 оноос хойшх монгол зохиолчдын бичсэн романуудыг бараг бүгдийг нь уншсан. Гэхдээ унших ёстойг нь уншсан. Ямар захын авгайн муу романыг уншаад сууж байлтай биш. Уншвал зохихыг нь харсан юм. Тэгээд ийм роман бичвэл зүгээр юм байна гэдэг санаа төрсөн. 1990-ээд оноос хойшх хотын амьдралын гэрэл гэгээтэй талыг анзаарч энэ романдаа бичсэн. Ихэнх зохиолчид энэ үеийн амьдралын эрээн бараан талыг бичиж байсан. Үүний эерэг талыг харуулахыг хүссэн юм.
 
-Таныг зохиолч, шүүмжлэгч, багш гэсэн мэргэжлийн аль нь илүү тодорхойлно гэж боддог вэ?
 
-Би өөрийгөө мундаг яруу найрагч гэж боддоггүй. Гэхдээ яруу найргаасаа холдоогүй явж ирсэн. Судлаач шүүмжлэгчийн хувьд тийм “тасарчихсан” нөхөр биш. Багш бол миний хийж яваа үйл хэргийн нэг хэсэг. Өөрийгөө муу багш гэж хэлэхгүй. Хэрэв П.Батхуягийг үндэсний оюун санаа цамц шиг мушгиад салхинд хатаавал надаас юу үлдэх вэ гэдэг бодол төрдөг юм. Ингээд бодохоор би гарцаагүй хэдэн богино өгүүллэг бичсэн. Энэ л надаас үлдэнэ. Нөгөө хусавч арилахгүй нэр гэдэг шиг хэдэн өгүүллэг минь л намайг тодорхойлно. Магадгүй энэ хэдэн өгүүллэгийг минь гаднын хэл дээр орчуулбал Монголын өнөөгийн утга зохиолын хэнээс ч ичээхээргүй нүүр царай нь гэж боддог.
 
Б.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан