Толгой баячуудын халаасанд 3.6 тэрбум хүн “багтаж байна”


Дэлхийн хамгийн баян найман хүний хэтэвчинд дэлхийн 3.6 тэрбум хүнийхээс ч илүү хөрөнгө мөнгө байна. Тэгш бус байдлын эсрэг Oxfam фирмийн шинэ судалгаагаар баян, ядуугийн ялгаа улам нэмэгдсээр, түгшиж, айж байснаас ч илүүтэй аймаар төвшинд хүрсэн нь харагджээ. 71 мянга 600 доллар бэлнээр гаргаж чадах хүмүүс дэлхийн хүн амын 10 хувь нь. Харин 744 мянган доллар шууд гаргачих хүмүүс дөнгөж нэг хувийг эзэлж байна.

“Хүмүүс ууртай байна, боломж, сонголтыг шаардаж байна. Тэд их ажилладаг ч улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чадахгүй байна. Дэлхийн иргэд өөрсдийгөө хаягдсанд тооцож байна” хэмээн Oxfam-ийн дэлхийн асуудлыг хариуцсан захирал Кэти Райт хэллээ. “Илүү хүнлэг эдийн засаг”-ийг бий болгож, Засгийн газрууд ажил хийлгэсэн гэрээт компаниуддаа мөнгийг нь цаг алдалгүй төлөх, татвараас зайлхийхээс сэргийлэх, мөн дэлхийн толгой баячуудад илүү татвар тогтоохыг уриалав. Мөн пүүс, компаниуд татвараа шударгаар төлж байх, “нэр төртэй” цалин санал болгох, Засгийн газрууд цалингийн доод хэмжээг аль болох өндөр тогтоох ёстой хэмээн үзэж байна.

Гэвч Oxfam фирмийн бодлого чиглэлийг шүүмжлэх хүмүүс их байгаа аж.

ДЭЛХИЙН МАНЛАЙ НАЙМАН БАЯН

(Forbes/Oxfam-ийн судалгаагаар)

Билл Гейтс (Америк): Microsoft-ийг үндэслэгч (75 тэрбум доллар)

Амансио Ортега (Испани): Zara-гийн эзэн (67 тэрбум доллар)

Уоррен Баффет (Америк): Berkshire Hathaway-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч (60 тэрбум доллар)

Карлос Слим (Мексик): Grupo Carso-ийн эзэн (50 тэрбум доллар)

Жефф Безос (Америк): Amazon-ий захирал (45.2 тэрбум доллар)

Марк Зукерберг (Америк): Facebook-ийг үндэслэгч (44.6 тэрбум доллар)

Ларри Эллисон (Америк): Oracle-ийг үндэслэгч (43.6 тэрбум доллар)

Майкл Блумберг (Америк): Bloomberg-ийн эзэн (40 тэрбум доллар)
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

  • Шинэ
  • Их уншсан