“Универсиад”-д оролцох тамирчдыг үдэн гаргалаа


Казахстаны Алматы хотод энэ сарын 29-нд эхлэх Дэлхийн оюутны өвлийн спортын “Универсиад” наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Спортын төв ордны хурлын танхимд боллоо. Тус ёслолд БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Казахстан улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд К.Кобландинас болон Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал, тэшүүрийн холбооны ерөнхийлөгч Д.Болормаа нар оролцов. Энэ үеэр тус наадамд цанын төрөлд оролцох Ч.Отгонцэцэг, тэшүүрийн тамирчин Б.Тулга нар тамирчны тангаргаа өргөсөн юм. Мөн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр цанын тамирчин Ч.Отгонцэцэгт Монгол Улсын төрийн далбаа гардуулсан нь энэ өдрийн ёслолын хамгийн оргил мөч байлаа. Ч.Отгонцэцэг тус наадамд оролцох тамирчдын хамгийн туршлагатай нь гэж хэлж болно. Учир нь тэр хоёр жилийн өмнө “Сочи-2014” өвлийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон хоёр тамирчны нэг бөгөөд олон улсын тэмцээнд түрүүлж байсан тамирчин юм.

  • Шинэ
  • Их уншсан