Л.Энхболд: Засгийн газар "Эрдэнэт"-ийг худалдаж авахгүй, хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсооно


“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс корпораци” ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг энэ сарын 24-нд олон нийтэд дүгнэлтээ танилцуулсан. Дүгнэлтэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдан авах ажиллагаа хууль бус болсон гэж үзээд тухайн үеийн Засгийн газрыг хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж дүгнэсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа. Тэрбээр ажлын хэсгийн гишүүнээр ажилласан юм.

-Ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр мэдэлдээ авах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Хэрвээ төр мэдэлдээ авчихвал төрийн ордонд байгаа хэдэн хүний хамаарал бүхий цөөн хэдэн хүний шахаа орох, хөлжих боломжийг бүрдүүлнэ гэж худалдан авагч тал мэдэгдээд байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлыг шалгах ажлын хэсэг хоёр сар орчим ажиллалаа. Үүнд гурван асуудал багтсан. Тухайлбал, “Эрдэнэт”-ийг хэн авав. Хуулийн хүрээнд авсан уу. Монгол Улсын ард иргэдийн ашиг сонирхолд нийцэж байна уу гэсэн асуудал байсан. Үүнээс хэн авав гэдэгт хоёр зүйл байна. Нэгдүгээрт, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монгол хүн худалдаж авсныг миний хувьд дэмжиж байгаа. Хоёрдугаарт, Монгол хүн авсан боловч нэгдмэл сонирхолтой хэсэг хүн хууль бусаар, зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй авсан нь өөрөө асуудал. Тиймээс ажлын хэсгийн дүгнэлт гаргахдаа улсад эргүүлж авах асуудлыг ярья гэж байгаа юм. Яагаад гэвэл, худалдан авах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байгаа. Бид энэ хууль зөрчсөн үйлдлийг дэмжвэл Монголд хулгай хийж, Үндсэн хуулиа зөрчөөд явж болох юм байна гэсэн жишиг тогтчих гээд байна. Магадгүй өмнө нь тогтсон ч байж болох юм. Тэгвэл үүнийг өөрчлөх ёстой гэдэг үүднээс үүнд даруй арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн байр сууринаас хандаж байгаа. “Монголын зэс корпораци”-ийнхан “зөн билэгч” болсон. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-нд “Монголын зэс корпораци” “Ростех” компанид таван сая ам.доллар шилжүүлсэн байдаг. Учир нь, “Монгол Улсын Засгийн газраар шийдвэр гаргуулж чадна” гэж тэр мөнгийг түрүүлж шилжүүлсэн байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын төвшинд яриа хэлцэл өрнөөгүй, Оросын Засгийн газрын асуудал яригдаагүй байхад “Монгол зэс корпораци” таван сая ам.доллар шилжүүлсэн нь “Бид Монголын төрийг барьж чаддаг мафийн сүлжээ” гэдгээ тодорхойлон харуулсан явдал гэж үзэж болохоор байна. Бүхэл бүтэн таван сая ам.доллар барьцаанд тавьж Монголын Засгийн газраар шийдвэр гаргуулж байна гэдэг нь Монголын төрийг ямар хүчгүй вэ гэдгийг харуулж чадсан. Тэгэхээр миний хэлээд байгаа “зөн билэгч” буюу түрүүлээд Монгол Улсын Засгийн газрын гаргах гэж байгаа шийдвэрийг хоёр сарын өмнө мэдэж байна гэсэн үг. Энэ асуудал эргэлзээ төрүүлж байна.
Мөн 27, ер нь хэдэн настай байх нь хамаагүй. Монгол Улсын иргэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан нь маш том давуу тал. Гэхдээ тэр нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчихгүйгээр авсан бол тэр хүн 400, 500 сая ам.доллараар авах нь бидэнд хамаагүй байх байсан. Гэтэл Монгол Улс, ОХУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан гэрээг, стратегийн ордын хувьд заавал УИХ-аар хэлэлцүүлэн баталж байж шийдвэр гаргах ёстой гэсэн заалтыг зөрчсөн байгаа юм. УИХ-ын эрх мэдэлд халдсан учир УИХ эргүүлээд өөрөө юмаа мэддэг гэдгийг харуулж байгаа хэрэг. Ер нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр мэдэлдээ авч хэдхэн хүн шахаагаа хийх гэж байна гэсэн зүйл яригдаж байна. Өмнө нь шахаа байсан эсэхийг би мэдэхгүй. Би шинэ гишүүн учраас өмнө нь юу болсныг судалж үзээгүй. Миний харж байгаагаар одооноос энэ мэт хууль зөрчсөн үйлдэлтэй эвлэрвэл цаашид Монгол Улсад маш муухай жишиг тогтож, Монголын баялаг, томоохон үйлдвэрүүдийг хэдхэн банк хадгаламж эзэмшигчийн мөнгөөр худалдан авч, хувьдаа ашигладаг мафийн сүлжээнд орохоор байна шүү дээ. Ийм байдлаар Монголын ард түмний нийтээрээ эзэмшдэг баялгийг булааж авч болохгүй. Өнөөдөр “Хөтөл”-ийн цемент, Хар төмөрлөгийн үйлдвэрийн асуудал, дагаад “Эрдэнэт”, Асгатын орд, “Монголросцветмет”-ийн асуудал зэрэг маш олон стратегийн ач холбогдол бүхий ордын асуудал яригдаж байна. Тиймээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төр эргүүлэн авч, эргээд зохицуулалт хийх ёстой. Гэхдээ төр маш хурдан зохицуулж цаашаа явахгүй бол магадгүй хардлага дагуулна.

-Төр “Эрдэнэт”-ийн 49 хувийг мэдэлдээ авбал 100 сая ам.долларын торгууль төлөх асуудал яригдаж эхэллээ. Дээр нь “Монгол зэс корпораци”-ийнхан “Наймаа буцвал бид худалдаж авсан мөнгөө Засгийн газраас гаргуулж авна. Цаашлаад ирээдүйд олж болох орлогоо хүртэл нөхүүлж авна” гэж мэдэгдлээ шүү дээ?
-Дээр дурдсанаар тэд ирээдүйг харчихдаг шүү дээ. “Эрдэнэт”-ийн 49 хувийг зургаадугаар сард худалдаж авахдаа хоёр сарын өмнө мэдчихсэн байсан мундаг улс. Тиймээс ирээдүйд хэдэн тэрбумаар нь орлого олно гэж төсөөлснийг мэдэхгүй. Түүнийг Монгол Улсын Засгийн газар ч даахгүй. Тэд наймаа хийхдээ 180 хоногийн дотор гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд 100 сая ам.долларыг “Ростех”-д төлнө гэж байгаа. Гэтэл ер нь “Ростех”-д мөнгөө төлөөд авчихсан байхад яахаараа 100 сая ам.долларыг үлдээж байгааг ойлгохгүй байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар түүнийг худалдаж авах гэж байгаа юм биш. Хууль зөрчсөн үйлдлийг зогсоож байгаа юм. Хэрвээ Засгийн газар шаардлагатай гэж үзвэл Монголбанкнаас хууль бусаар авсан 360 тэрбум төгрөгөө авах замаар асуудлаа шийдээд явна. Мөн Монголын төмөрийн үйлдвэрт барьсан 33 км төмөр замыг 90 сая ам.долларын 30 жилийн концессоор хийсэн гэрээг өөрчилж жил гаруйн дараа аваад явсан. Худалдаа хөгжлийн банкинд байрлаж байгаа Хөгжлийн банкны 3.5 тэрбум иенийн асуудлаар арга замаа олж шийдвэрлэх байх. Энэ мэтээр УИХ-аас Засгийн газарт гэрээг цуцлах чиглэл өгнө.

-Ажлын хэсгийнхэн “Монголын зэс корпораци”-д үгээ хэлэх боломж олгоогүй гэж байсан. Тэдний байр суурийг сонсч болоогүй юм уу?
-Ажлын хэсэг нийт арав гаруй удаа хуралдсан байдаг. Энэ хугацаанд ажлын хэсгээс тэдэнд уулзъя гэдэг хүсэлтийг явуулсан. Нэг ч удаа хариулт өгөөгүй. Харин байнгын хорооны хуралдаан дээр Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Орхон нар ирж уулзсан. Үүний дараа нэг удаа өөрсдөө уулзъя гэдэг хүсэлтээ тавьсан. Бид хүлээж авч уулзаад ажлын хэсэг асуудлаа хойш нь тавьсан. Бүхэл бүтэн 14 хоног хойш нь тавьсан. Бид уулзаагүй биш уулзсан, ярилцсан. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргахгүй байна гэж хүртэл хардлагад орж байсан. Гэтэл хэвлэл мэдээлэлд бодит үнэн юм шиг зүйл яриад, хачир дээрээ өөр зүйл яриад байдаг.

-Хууль хяналтын байгууллагынхан хууль зөрчсөн гэдгийг тогтоогоогүй байхад ажлын хэсгийнхэн гэм буруутайг нь тогтоочихсон юм шиг мэдээлэл тарааж байгаа юм биш үү?
-Ажлын хэсэг дүгнэлт л гаргана. Үүний дагуу ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Цаашлаад Эрүүгийн болон мөнгө угаасан гэмт хэрэг үү, ашиг сонирхол, албан тушаалын гэмт хэрэг үү гэдэг нь цаашаа ангилагдаад явна. Монголбанкны эрх мэдлээ ашигласан Золжаргалын асуудал. Маш их мөнгийг Пүрэвтүвшин гэдэг хүний данс руу нааш цааш болгосон асуудлыг ч шалгах ёстой. Жишээ нь, “Монголын зэс корпораци” арваад удаа нэрээ сольсон байдаг. Маш олон удаа нэрээ, эзнээ солилоо. Энэ компанитай нэгдлээ, түүнээс саллаа гэх зэргээр 13 удаа компани солигдсон. Энэ бол зохион байгуулалттай халхавчилсан, нууц байдал руу шилжүүлэх гэсэн арга. Тэгэхээр хууль зөрчсөн эсэх асуудлыг ангилаад үзэх ёстой. Гэхдээ УИХ-ын эрхэнд халдсан уу гэвэл халдсан. Яагаад гэвэл УИХ-аар ороогүй нь тодорхой. Энэ бол зүгээр дүгнэлт хийж саналаа оруулж байгаа асуудал. Бусдаар шүүхийн шийдвэр гарч, хууль зөрчсөн эцсийн байдлаар хэлж байгаа юм биш. Засгийн газар дүгнэлтээ гаргаад өгчихсөн байхад прокурор, шүүхийн байгууллага яагаад хөдлөхгүй байна гэдэг нь анхаарал татаж байна

-Төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэт оролцоод байна гэсэн шүүмжлэл байна л даа?
-Төр, хувийн хэвшлийн үйл ажиллагаанд халдахгүй байна гээд тэд Монгол Улсын ард түмнийг дээрэлхэж болохгүй шүү дээ. Бүхэл бүтэн гурван сая ард түмнийг хуурч болохгүй. Өнөөдөр хууль тогтоох байгууллага хууль гаргачихаад түүнийгээ зөрчөөд сууж байхад нь хараад сууж болохгүй. Өмнө нь тийм байсан байж болно. Тэгвэл одоо, цаашид ийм байж болохгүй. Тиймээс хууль зөрчсөн хэн ч байсан хуулийн өмнө хариуцлагаа хүлээх ёстой гэдэг зарчмыг барьж байна.

М.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан