Шинжлэх ухааны онцлох нээлтүүд


Хүн төрөлхтөн шинжлэх ухаанаас хамааран хөгждөг гэдэг. Тэр ч утгаараа шинийг сэтгэгч, бүтээгч хүмүүсийн эрэл хайгуул, туршилт судалгааны ачаар дэлхий ертөнц хийгээд хүн төрөлхтний амьдрал өдрөөс өдөрт хөнгөн хялбар болж байна. Өнгөрсөн онд ч мөн шинжлэх ухааны салбарт сонирхолтой олон нээлт хийж, төсөл хөтөлбөрийг амжилттай туршжээ. 2016 оны шинжлэх ухааны салбарын онцлох зургаан үйл явдлын талаар танин мэдэхүйн “RT” цахим хуудаст нийтэлснийг хөрвүүлэн хүргэж байна.

АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙНИЙ ТААМАГЛАЛЫГ БАТАЛЛАА
АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн оны хоёрдугаар сард болсон хэвлэлийн хурлын үеэр олон улсын “LIGO” мега төслийн эрдэмтэд LIGO хэмээх байгууламжийн тусламжтайгаар анх удаа таталцлын долгионыг нээсэн тухай зарласан байна. Эрдэмтдийн үзэж буйгаар тэрхүү долгион нь 1.3 тэрбум жилийн тэртээ нарнаас 62 дахин их масс бүхий сансрын хоёр хар нүх мөргөлдөх үед үүсчээ. Сансрын уудам дахь хоёр хар нүх хэдэн зуун жил эргэлдэж, сүүлдээ хөдөлгөөн эрчимжиж хоорондох зай нь хэдхэн зуун километр болох үед эргэлдэх хурд нь гэрлийн хурд руу дөхжээ. Их хурдаар хөдөлсөн асар их масстай биет таталцлын хүчтэй энерги ялгаруулж эхэлдэг аж. Хэдхэн секундийн дараа хоёр хар нүх нэгдэж, нарнаас 62 дахин их масстай боловч хэмжээ, энергээрээ гурав дахин их масс таталцлын долгионы энергид шилжсэн байна. Хоёр хар нүх нэгдэхэд үүссэн таталцлын энергийн долгион сансрын хязгааргүйн уудамд зүг бүрт тархжээ. Тэрбум гаруй жилийн турш гэрлийн хурдаар тархсан долгион сүүн зам галактикт 50 мянган жилийн өмнө орж ирсэн байна. Энэ үед дэлхий дээр Неандарталууд устаж, Хомосапиенсүүд хүчээ авч байв. Харин 1916 онд буюу одоогоос 100 гаруй жилийн өмнө алдарт физикч Альберт Эйнштейн Харьцангуйн ерөнхий онолоо боловсруулсныхаа дараа таталцлын долгион оршин байж болох тухай санаа дэвшүүлж, энэ долгионы далайц маш бага учир хэзээ ч бүртгэж, илрүүлж чадахгүй хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Таталцлын долгион оршин буйн тухай А.Эйнштейний таамгийг батлах гэж 100 жилийн турш үе үеийн эрдэмтэд асар их хүч хөдөлмөрөө зарцуулжээ.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН БҮГДИЙГ ХИЙЖ ЧАДАХ УУ
Сүүлийн үед хиймэл оюун ухаан гэх технологийн бүтээлийн тухай их сонсогдох болжээ. Хүн төрөлхтний ирээдүйн чухал хэсэг болох хиймэл оюун ухааны хөгжил асар хурдацтайгаар өргөжиж байна. Технологийн тэргүүлэгч улс орон, корпораци бүр өөрийн нэрийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх гэж шат шатны судалгаа шинжилгээг эрчимтэйгээр хийж байгаа нь энэ салбарын ололт юм. Өнгөрсөн онд “Google” компанийн “Deepmind” нэгжийн боловсруулсан “AlphaGo” хиймэл оюун ухааны программ “Го” даамны мэргэжлийн тамирчин И Сэдольтой тоглосон нь энэ оны технологийн салбарын онцлох дэвшлийн нэг байв. Хятад даамын дэлхийн чансаанд нэгдүгээрт бичигддэг Өмнөд Солонгосын тамирчин, дэлхийн аварга И Сэдоль болон хиймэл оюун ухаант программын хооронд өрнөсөн энэхүү тоглолтод “AlphaGo” ялсан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байжээ. БНСУ-ын Сөүл хотноо болсон уг тоглолт хиймэл оюун ухааны хөгжил ямар өндөр төвшинд хүрснийг гэрчлэх нэгэн том баталгаа болсон аж. Жил бүр 200 шинэ нүүдлийг нээж, боломжит нүүдлийн тоо 10-ын 761 зэрэгтэй тэнцдэг энэ тоглоомын хамгийн шилдэг тамирчны эсрэг өөрөө суралцдаг зарчимтай алгоритм бүхий “AlphaGo” гурван өрөг тавьж, бүгдэд нь ялсан байна. Энэхүү хиймэл оюун ухааныг тоглолтын явцад хүнтэй адил сэтгэж, шийдвэр гаргахаар бүтээсэн бөгөөд хоёр төрлийн систем ажилласны нэг нь хийгдэх боломжтой нүүдлийг тооцоолж, нөгөөх нь ялалт байгуулах хамгийн боломжтой хувилбарыг сонгож зохих шийдвэрийг гаргадаг гэнэ.

ГЕНЕТИКИЙН САЛБАРЫН ДУУЛИАНТ НЭЭЛТҮҮД ҮРГЭЛЖИЛСЭЭР
Өнгөрсөн онд генетикийн салбарт дуулиан тарих томоохон туршилтууд амжилттай болжээ. Тухайлбал, Хятадын судлаачид “Crispr-Cas9” технологийн тусламжтайгаар насанд хүрсэн хүний дархлааны эсийн генийг анх удаа засварласан байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 28-нд Хятадын Сычуан мужийн Чэнду хотын их сургуулийн хавдар судлаач Лю Ёоү-гээр ахлуулсан багийнхан бүс нутгийн эмнэлэгт хэрэгжүүлж буй эмнэлзүйн туршилт судалгааны хүрээнд “Crispr-Cas9” технологиор засварласан эсүүдийг, хими болон туяа эмчилгээнд засраагүй хүнд шатны уушгины хавдартай өвчтөний биед оруулах эмчилгээний туршилтыг хийжээ. “Crispr-Cas9” технологийг эмчилгээнд ийнхүү хэрэглэх оролдлого хийсэн нь дэлхийн өнцөг булан бүрт ген засварын эмчилгээг хийх их өрсөлдөөнийг бий болгосон аж. Нэн ялангуяа АНУ болон БНХАУ-ын хооронд био-анагаахын шинэ эриний их өрсөлдөөн эрчээ авсан байна. Эрдэмтдийн дундах өрсөлдөөн эрчимжихийн хэрээр илүү хямд, үр дүнтэй эмчилгээний аргыг нээн гаргах ач холбогдолтой гэж үзэх хүн олон байгаа юм. Мөн саяхан Америкийн эмч нар ийм төрлийн туршилт хийх зөвшөөрөл авсан байна. Түүнчлэн гурван өөр хүний гентэй хүүхэд төрүүлэх туршилт хийсэн нь энэ оны төдийгүй анагаах ухаан, биологи, генетикийн салбарын түүхэн ололтын нэг байжээ. “Митохондрын өвчин” гэж нэрлэдэг генийн ноцтой эмгэгт нэрвэгдэх эрсдэлтэй эмэгтэйчүүдэд эрүүл хүүхэдтэй болоход нь туслахын тулд гурван хүний генийг ашиглан хүүхэд төрүүлэх шинэ аргыг эрдэмтэд боловсруулсан аж. Үүний тулд эрүүл бус митохондртой эх болон эрүүл митохондртой донорын өндгөн эсийг цуглуулдаг байна. Өнгөрсөн оны тавдугаар сард Мексик улсад ийм хүүхэд анх мэндэлжээ.

ОЗОНЫ ДАВХАРГЫН НҮХ БАГАСЧ БАЙНА
Хүн төрөлхтнийг олон жилийн турш айлгаж, "Амьдралын төгсгөл ирж байгааг сануулж” байсан озоны давхаргад гарсан нүх нөхөгдөж эхэлжээ. Хэрвээ энэ эрчээрээ багасаад байвал 2050 он гэхэд цоорхой бүрэн нөхөгдөх аж. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярьж эхлэхээс өмнө энэхүү нүх дэлхий нийтийн анхаарлыг татсан байгалийн хамгийн том гамшиг байсан юм. Озоны цоорлын тухай мэдсэн 1980-аад онд агаар цэвэршүүлэгч, хөргөгч, гал унтраагч, шүршигч зэргийн найрлаганд хлорофлорокарбон буюу CFC хэмээх химийн нэгдэл ордог байжээ. Тэрхүү бодис нь Антарктикдын харалдаа орших озоны давхаргад маш том нүх гаргасан бөгөөд 2000 оны есдүгээр сард 32 сая км2 талбайтай гэж тооцож байсан юм. Харин өнгөрсөн оны есдүгээр сард хийсэн хэмжилтээр озоны цоорхойн талбай 17 сая км.кв болсон байжээ. Энэхүү цоорхойгоор нарны хэт ягаан туяа дэлхий рүү шууд нэвтэрснээр арьсны хавдар, нүдний болорт сэв суух, дархлалын системийн өвчлөл үүсэх аюултай юм. Түүнчлэн цацраг нь загасчлал, хөдөө аж ахуйн салбарыг ч сүйрүүлэх уршигтай. Озоны цоорхойн тухай 1987 онд 20 гаруй орны удирдагчид хуралдаж "Монреалын протокол"-ыг баталсан байдаг. Протоколд заасны дагуу үйлдвэрлэгчид болон худалдан авагчид “дэлхийг аврахын тулд" CFC агуулсан бараа, бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлжээ.

АМЬДРАЛ БАЙЖ МАГАДГҮЙ ГАРИГ ИЛРҮҮЛЖЭЭ
Эрдэмтэд манай гаригаас холгүй орших хатуу гадаргуутай, амьдрал тэтгэх боломжтой агаар мандал бүхий гаригийг олж илрүүлсэн байна. Проксима-Б гэж нэрлэсэн энэхүү гариг нь дөрвөн гэрлийн жилийн зайд оршдог аж. “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайланд тэмдэглэснээр энэхүү одны аймаг нь манай нарны аймагт хамгийн ойр орших Альфа Центавр галактикийн нэг хэсэг байж магадгүй бөгөөд сансар судлалын цаашдын судалгаа шинжилгээний ажилд ихээхэн нэмэр болох чухал ач холбогдолтой байна. Манай дэлхийн хувьд нарыг бүтэн тойроход 365 өдрийг зарцуулдаг байтал энэ гариг эх одыг богино хугацаанд тойрч байгаагаас ойрхон оршдог гэсэн дүгнэлтийг боловсруулжээ. Манай дэлхийгээс 1.3 дахин их масстай Проксима-Б гариг амьдрал тэтгэх боломжтой аж. Учир нь, гаригийн эх од болох улаан одой од нь манай нарнаас бүлээхэн төдийгүй, арай бүдэг юм байна. Тиймээс гаригийн гадаргуу ус шингэн төлөвт оршин байж болохуйц нөхцөл бий гэсэн үг аж. Түүнчлэн дэлхийгээс холгүй орших энэхүү гаригийн ачаар бид хэзээ нэгэн цагт од хоорондын аялал хийх боломжтой болж байгааг судлаачид онцолж байна.

МИТОХОНДРИ АГУУЛААГҮЙ ЭУКАРОИТ БҮТЭЦТЭЙ АМЬД БИЕТИЙГ ИЛРҮҮЛЭВ
Биологийн шинжлэх ухааны судлаачид өнгөрсөн оныг хүртэл эукариот буюу эс дотроо мембран бүтэцтэй эрхтэнцрүүд агуулдаг амь биеийн нэгэн хэлбэр болох амьд биетүүд митохондри агуулдаг гэж үзсээр иржээ. “Эрчим хүчний эх үүсвэр” хэмээн нэрлэдэг, уг жижиг эрхтэнцрийг амьд бие махбодыг энергиэр хангах үүрэгтэй, амин чухал хэсэг гэж үздэг байна. “Giardia intestinalis” зэрэг бичил биетүүдийг өмнө нь митохондри агуулаагүй анхны эукариот амьд бие гэж тодорхойлж байсан боловч удаах судалгаагаар илрүүлэхэд хэцүү, энгийн, жижиг бүтэцтэй митохондри агуулдаг болох нь тогтоогдсон аж. Харин Өмнөд Америк тивд амьдардаг нэгэн зүйл мэрэгч амьтны гэдсээс авсан дээжид байсан Monocercomonoides бичил биетний геномд митохондритой холбоотой ямар ч ген илрээгүй байна. Хоол боловсруулах замын орчин нь хүчилтөрөгч бага агуулдаг тул гэдсэнд амьдардаг ихэнх бичил биетүүдэд митохондрийн тоо харьцангуй цөөн байдаг гэнэ. Судлаачдын үзэж буйгаар уг орчинд хүчилтөрөгчийн хүрэлцээ хэдий бага боловч шим тэжээлт бодис хангалттай байдаг тул Monocercomonoides-д митохондри шаардлагагүй байж болох юм. Өөрөөр хэлбэл, уг бичил биет хүрээлэн буй орчноос өөрт хэрэгтэй шим тэжээлт бодисыг тодорхой энзимүүдийн тусламжтайгаар задалж, амьдралд шаардлагатай энерги үүсгэхийн оронд тэдгээр шим тэжээлд бодисуудыг шууд хэрэглэдэг байх боломжтой аж. Гэхдээ митохондри нь эсийн энергийн эх сурвалж болохоос гадна уургийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай төмөр болон хүхрийн ионыг үүсгэх үүрэгтэй. Энэхүү хэрэгцээгээ хангахын тулд Monocercomonoides бичил биетэн магадгүй бусад бактеруудаас тодорхой генийг өөртөө нэгдүүлж, ашигладаг гэж судлаачид тайлбарлаж байгаа юм.
А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан