Чөлөөтийн эрэгтэй багийнхныг “Дэлхийн цом”-д урьжээ


Чөлөөт бөхийн эрэгтэй багуудын “Дэлхийн цом”-ын тэмцээн ирэх сарын 16-17-нд Ираны Керманшах хотод болно. Ираны бөхийн холбоо, Дэлхийн бөхийн холбоотой хамтран зохион байгуулах уг тэмцээнд оролцох дэлхийн шилдгүүдийн нэгээр Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийг урьжээ. Тэмцээнд Иран, Азербайжан, АНУ, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг, Монголын баг өрсөлдөх юм байна. Тус тэмцээний шагналын сан 50 мянган ам.доллар бөгөөд түрүүлсэн баг 25, хоёрдугаар байрт 15, гуравдугаар байрт шалгарсан баг 10 мянган ам.долларын шагнал хүртэх аж. Тэмцээнд оролцох тамирчдын нэр одоогоор хараахан тодроогүй байна. Манай улсын баг “Дэлхийн цом”-д 2014 оноос хойш жил бүр оролцож байгаа юм. АНУ-ын Лос-Анжелос хотод болсон 2016 оны багийн “Дэлхийн цом”-д 57 кг-д Э.Бэхбаяр, С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга, 65 кг-д Г.Мандахнаран, Б.Батмагнай, 70 кг-д Д.Алтангэрэл, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 97 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар оролцож зургаадугаар байрт шалгарч байсан билээ.

  • Шинэ
  • Их уншсан