П.Орхон хошой алтан медальтан боллоо


ОХУ-ын Красноярск хотноо өнгөрсөн баасан гаригт эхэлсэн чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо. Тэмцээний эмэгтэй 53 кг-ын жинд Д.Отгонцэцэг учраа бөхчүүдээ ялсан ч алтан медалийн төлөө Японы бөх Маю Мукаидатай барилдаж 0:5-аар дийлдэж мөнгөн медаль авчээ. Тэрбээр тус тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн бүрэн цуглуулгатай болжээ. Э.Сумьяа хоёрдугаар тойрогт Б.Хатантуулыг 11:0-ээр ялж, гуравдугаар тойрогт Д.Отгонцэцэгт 0:10-аар дийлдэж, дагах барилдаанд Оросын бөх Наталья Малышеваг хожиж, хүрэл медалийн төлөө Оршуш Стальвиратай барилдаж 11:1-ээр хожсоноор хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээний 55 кг-ын жинд А.Батцэцэг хагас шигшээ барилдаанд Японы бөх Сае Нанжод 2:8-аар хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд Э.Даваачимэгийг 2:1-ээр ялжээ. Ингэснээр тэрбээр тус тэмцээний хошой хүрэл, мөнгөн медальт бөх болж байна.
63 кг-ын жинд П.Орхон хоёрдугаар тойрогт Оросын бөх Анна Щербаковаг 15:4-өөр ялж, хагас шигшээ барилдаанд Японы бөх Аяка Итог 10:0-ээр дийлж, алтан медалийн төлөө Инна Тражуковаг 7:6-аар хожиж энэ тэмцээний анхны хошой алтан медальт бөх боллоо. 75 кг-ын жинд Г.Уртнасан хоёрдугаар тойрогт Киргизийн бөх Айпери Медет Кузуг 7:2-оор хожиж, хагас шигшээ барилдаанд Ц.Баярзаяаг 10:3-аар ялж, алтан медалийн төлөө Оросын бөх Алёна Стародубцеваг 11:7-оор буулган авч олон улсын тэмцээнд анхны том амжилтаа гаргаж, эмэгтэй хүнд жинд шилдэг бөх төрж байгаагаа зарлалаа. Гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн шавийн алтан медаль нь манай бөхчүүдийн тус тэмцээнээс авсан 10 дахь алтан медаль байснаараа тэмдэглүүштэй үйл явдал болов. Манай эмэгтэй бөхчүүд энэ тэмцээнд амжилттай оролцож хошой алт, мөнгө, 5 хүрэл нийт 9 медаль хүртжээ.
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан