Д.Ганбат: Би салбартаа эрс шинэчлэл хийнэ гэж гарч ирсэн, үгэндээ эзэн болно


УИХ-ын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд төмөр замын нарийн, өргөн царигийн талаар хөндөж, “Нарийн нь ашигтай гэчихээд яагаад өргөн төмөр зам барих гээд байгаа юм бэ” гэдэг асуултыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад тавьж байлаа. Мөн эдийн засгийн үр өгөөжөөс илүүтэй хувь улстөрчдийн эрх ашгаас үүдэлтэй төмөр замын маргаан нь эргээд Засгийн газрын хувь заяатай холбогдож яригддаг гэдгийг ч анхааруулж байсан. Иймд бидний ярилцлагын эхний сэдэв ч үүн рүү чиглэсэн юм.
 
-“Төмөр замын царигтай холбоотой таныг тун ойлгомжгүй байр суурь илэрхийллээ” гэх улстөрчид байсан.Иймд “Яагаад” гэдгийг лавлаж асууя?

 
-Төмөр замын бодлого дээр их нухацтай хандах хэрэгтэй. Орос, Хятад гэсэн хоёр хөрш орныхоо эрх ашиг, сонирхлыг анхаарах нь зүйн хэрэг. Тэр дундаа “Улаанбаатар төмөр зам”-ын хувь эзэмшлийн асуудал байна. Энэ нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж бодлогоо тодорхойлох ёстой. Оросын талтай зөвхөн энэ онд гэхэд Монголын газар нутгаар гурван сая тонн бараа бүтээгдэхүүн дамжуулан тээвэрлэхээр тохирсон. Ойролцоогоор эндээс “Улаанбаатар төмөр зам”ХНН 40 сая ам.долларын орлого олно. Энэ мэт олон асуудал байгаа.
 
-Энэ тайлбартай уялдаад танд аль хэдийнэ “Женкогийн гар хөл” гэсэн “хоч” өгсөн байгаа харагдсан. Эмзэглэв үү?
 
-Үгүй ээ. Би хэзээ ч “Нарийн цариг барихаар Хятадаас танк ороод ирнэ” гэж ярихгүй. Тийм юм угаасаа байхгүй. Женкогийн гар хөл, хамсаатан гэж бичихийн тухайд айх, эмээх юм алга.  Аль нь бодит үр дүнтэй вэ гэдгийг бодож л шийдвэрээ гаргана. Би “Женко”-ийн хүн биш гэдгээ нотлохын тулд “Улаанбаатар төмөр зам” болон Монголын эрх ашгийг хохироож чадахгүй. Өөрийнхөө нэр хүндийг бодож Монголын эрх ашгийг хойш тавихгүй. Мэргэжлийн хүний хувьд  Монголын ирээдүйн төлөө л шийдвэрээ гаргана. Мэргэжлийн байна гэдэг өөрөө давуу тал.
 
-Тэгвэл улс тэр аяараа мөнгөний эрэлд гарч, эдийн засаг хүндэрсэн үед та Нарийн сухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт, Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоотын уурхай гэсэн чиглэлийн төмөр зам барих санал оруулж ирсэн нь ямар учиртай юм бэ. Ямар мөнгөөрөө энэ олон төслийг санхүүжүүлэх гээд байгаа юм бэ гэж гайхах хүн олон байсан?
 
-“Мөнгөгүй учраас төмөр зам барьж болохгүй” гэж үү?
 
-Олон хүнд л тийм сэтгэгдэл төрөх шиг болсон?
 
-Мөнгө байгаа, байхгүй гэж сүүлийн арван жил ярилаа. Энэ янзаараа үргэлжилбэл дахиад дөрвөн жил үр дүнгүй ярих болчихоод байна. Надад тэгж зүгээр суух эрх алга. Төрийн сайдын сандал дээр суучихаад мөнгөгүй гээд ажил хийхгүй байх юм бол төмөр замын бодлого цаашаа яаж явах юм. Мөнгө олохын төлөө ажиллана. Сайд болоод долоон сар боллоо. Бүх нөөц бололцоогоо дайчилж ажиллаж байна. Оргүй хоосноос мөнгө босгох гээд байгаа юм бидэнд байхгүй. Огт орлогогүй, хөрөнгийн баталгаагүй хүнд банк зээл өгөхгүй биз дээ. Харин Ланд 570-тай хүнд банкууд машиныг нь барьцаалаад уралдаад л зээл өгнө. Өөрөөр хэлбэл бидэнд баталгаа хөрөнгө нь байна. Энэ бол хөрөнгө босгох том баталгаа. Үүнийг ашиглана. Нэр дурьдсан төмөр замуудыг барьчихвал ирээдүйд олох орлогын хангалттай эх үүсвэртэй болж чадна. Гол нь өнгөрсөн арван жил асуудлыг шийдэхгүй тойрч ярьсан шиг цаг алдаж л болохгүй. Зөвхөн төмөр зам ч бус эрчим хүч, авто зам гэх мэт дэд бүтцийн төсөлд их хөрөнгө орох ч гэлээ эргээд ашиглалтын хугацаа, үр ашиг нь харьцуулашгүй их. Иймд сайдад нэр дэвшиж УИХ-аар орж байх үедээ “Бага хүүтэй урт хугацааны зээл олж, дэд бүтцийн төслүүдээ урагшлуулж орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахын төлөө ажиллана” гэж хэлж байсандаа хүрэхийн төлөө ажиллаж байна. Гэтэл Чингис, Самурайбондоос нийтдээ 570 тэрбум төгрөг зээлж зам барьсан байх жишээний. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээл. Өнөөдөр бүр дуусаагүй зам ч байна. Ард түмэн харахдаа “Ардчилсан нам сайн ажилласан. Улаанбаатараас манай нутаг хүртэл зам тавьсан” гэж ярьж байна. Харамсалтай нь, богино хугацаатай энэ зээлийн эргэн төлөлтийн асуудал улсын төсөвт асар их дарамт болж байна, үүний цаана асар их эрсдэл, ноцтой асуудлууд байна. Би тэгж ажиллахгүй. Улс орны ирээдүйтэй холбоотой асуудлыг бодож байж шийдэх хэрэгтэй. Зам болон бусад дэд бүтцийн төслийг ер нь бол 20-30 жилийн хугацаатай, хоёроос ихгүй хувийн хүүтэй зээлээр л санхүүжүүлэх хэрэгтэй.
 
-Гол нь тэр мөнгө олдох уу?
 
-Олдоно, олох ч ёстой. Маш их уулзалтууд хийсэн. Алхам алхмаар урагшилж байна. Би яагаад ийм итгэлтэй хариулж байна гэхээр Монголын төмөр зам компанийг жил гаруйн хугацаанд удирдахдаа маш олон санхүүгийн байгууллага, тэдний төлөөлөлтэй уулзаж ярилцсан. Судалсан судалгаа маань бэлэн байгаа учраас итгэлтэйгээр хэлж байгаа юм.
 
-Жишээ нь, Зүүнбаян-Хангийн чиглэлд төмөр зам тавих саналыг тань төмрийн үйлдвэрүүдийн лоббинд орлоо гэх маягаар асууж байсан даа?
 
-Яг тодорхой жишээгээр асуудлыг тайлбарлахгүй бол зарим хүмүүс ойлгохгүй байх талтай. Тэр үүднээс төмрийн хүдэр тээвэрлэхэд үр ашигтай гэж танилцуулга дээр бичиж өгсөн. Түүн дээр дөрөөлөх нь дөрөөлсөн. Гэхдээ энэ чиглэлийн төмөр зам баригдлаа гэхэд зөвхөн Дарханы районы ойр хавийн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг болоод зогсохгүй олон улсын ачаа тээврийн дамжин өнгөрөх боломж ч нэмэгдэнэ. “Манайхан арчаагүй тулдаа Хятадын ачааг өөрийнхөө нутгаар явуулж чадаагүйгээс Лондон хүргэсэнгүй” гэж загнаж байна. Гэтэл Дарханаас шууд Улаанбаатар орох уу, Шарын голоор дайраад Улаанбаатар орох уу гэвэл дөтийн нь бодоод эхнийхийг нь л сонгоно биз дээ. Түүнтэй адил Бээжин Лондонгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараар явснаас Казакстанаар дайрах нь илүү дөт юм. Хятадууд Өрөмч хүртэл төмөр зам тавиад түүнийгээ Казакстантай холбосон учраас тэд өөрсдөд ашигтайгаа л сонгоно. ОХУ-ын хувьд өнгөрсөн зун Ташикентэд болсон гурван улсын Ерөнхийлөгч нарын уулзалтын үеэр В.Путин “Эдийн засгийн коридор байгуулснаар Монголын нутаг дэвсгэрээр 100 сая тонн ачаа тээвэр явуулна” гэж хэлсэн. Монголоор явах нь Орост ашигтай, яагаад гэвэл Оросын газар нутгаар олон мянган км явна. Тиймээс тээвэр бол зөвхөн ачих буулгах асуудал биш. Үүний цаана алхам тутамд мөнгө яригддаг. Иймд миний хувьд Замын-Үүдийн төмөр замын шилжүүлэн ачих үйл явцыг хурдасгах тал дээр нэлээн анхаарч ажиллаж байна. Монголын нутгаар ачаа дөрөв хоног бус гурав хоног явдаг болчихвол Хятадын талд ч ашигтай. Тэгэхлээр төмөр замын тээвэр гэдэг нь тарифийн уян хатан бодлогоор тээвэрлэх ачааны хэмжээгээ нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.
 
 -Төмөр замын асуудал босоод эхлэхээр засаг огцорч, салбар хариуцсан сайд нь ажлаа өгдөг бараг жишиг гэмээр үйл явц бий болсон байна л даа. УИХ-ын гишүүд ч энэ талаар анхаарч байсан.Тэр утгаар танд эмээх эсвэл тодорхой асуудлаар түдгэлзэх бодол төрж байна уу?
 

-Мэргэжлийн Засгийн газрын хувьд, тэр дундаа би энэ салбарын мэргэжлийн хүний хувьд болох болохгүй зүйлийг нь ялгаж салгаж, алдаатай зүйлийг нь өөрчлөхийн төлөө ажиллана. Өмнө нь олон талаас нь боддог, хардаг байсан. Одоо бол надад өөрчлөх боломж олдож байна. Манай салбарт төрийн бодлого удирдлагатай, чиг шугамтай юм шиг хэрнээ дандаа замхарч, алдагдаж ирсэн. Би их ч эсэргүүцэлтэй тулгарч байна. Гар утас руу заналхийлсэн, айлгасан, дарамталсан мессеж ч их ирж байна. Гэхдээ би харин тэр бүхнээс айхгүй.
 
-Мэдээж төмөр замын асуудал хараахан эхлээгүй байгаа учраас юу тэгтлээ тань руу мессеж бичихэд хүргээд байна вэ гэдэгт уншигчид гайхаж магадгүй юм?
 
-Олон асуудал байна. Автомашины улсын дугаар үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг манай яам олгодог л доо, гэтэл энэ зөвшөөрлийг өнгөрсөн хугацаанд 35 компанид олгосон байна. Ийм байж болохгүй. Энэ олон компани эргээд зөв өрсөлдөж чадахгүй, хамтдаа дампуурахаар болсон байна. Тээвэр зуучийн үйлчилгээ байна. Энэ компаниуд ямар ч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Нэг аж ахуйн нэгжийн барааг нөгөөд хүргэж өгөх зуучлалын үйлчилгээ л үзүүлдэг. Тэгэхэд энэ тусгай зөвшөөрлийг 350 гаруй компанид олгосон, үүний 25 нь гадаадын компани байна, тэд маш идэвхтэй эрчимтэй ажиллаж байна. Монголчуудын ажиллах ёстой зах зээлийг эзэлчихсэн. Би Тяньжинд Далайн тээврийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа гадны улс орнуудаас Монгол руу явуулж байгаа ачааг Хятадын тээвэр зуучийн компаниар бус төрийн өмчит Хятад-Монголын хамтарсан Далайн тээврийн компаниар тээвэр зуучийн үйлчилгээ хийлгэхийн тулд чамгүй удаан хөөцөлдсөн. Ёстой хөлийнхөө тавхайг эргэтэл гүйгээд зөвшөөрөл өгөөгүй. Сүүлдээ Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисст хүсэлт гаргаж манай талаас дэмжин асуудлыг тавьсан ч Хятадын тал зөвшөөрөөгүй. Тээвэр зуучлалын үйлчилгээг ер нь тухайн улс орнууд өөрсдийн газар нутаг дээрээ зөвхөн өөрийн үндэсний компаниудаараа л хийлгэх бодлого барих ёстой. Тэгэхэд манайх ямарч бодлогогүй, гадны компаниудад замбараагүй эрх олгосон байх жишээний.
 
-Манайд бол тухайн орных нь Засгийн газар нь ч лобби хийх шаардлагагүй юу?
 
-Юу яасан Засгийн газрын дэмжлэг вэ, огт шаардлагагүй, зүгээр л хэн дуртай нь хүсэлтээ бариад ирэхээр нь зөвшөөрөл өгчихдөг байсан. Үүнээс болоод маш олон сая долларыг гадны компаниуд аваад гарчихаж байна. Ийм байж болохгүй. Дараагийн нэг асуудал нь замтай холбоотой. Зам барихад мөн манай яамнаас тусгай зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл авсан компаниуд нь ядаж л техник хэрэгсэл, машин, механизм, мэргэжилтэй боловсон хүчинтэй байх ёстой. Тэрийгээ шалгуулж байж зөвшөөрөл авна. Гэтэл ямар ч техник тоног төхөөрөмж, мэргэжилтэн байхгүй хирнээ хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгдөг, тэрийг нь шалгадаггүй бололтой зөвшөөрөл өгчихдөг.Замын чиглэлийн тусгай зөвшөөрөл авсан 550 гаруй компани байна. Дийлэнхэд нь нэг цүнх, тамга, бүртгэлийн хуулбар л байх жишээний. Өөр ямар ч хөрөнгөгүй. Энэ гурваа бариад тендерт оролцдог. Хамгийн бага үнэ хэлж тендерт ялдаг. Хэрвээ ялахгүй бол бага үнэ хэлсэн гэдгээрээ бөөн зарга заалхай болно. Тэгж байж тендер авангуутаа бусдад зарна, авсан хүмүүс нь төсөв бага байна гэж яамаар гүйж байгаад төсвөө нэмүүлэх гэж зүтгэнэ. Танил талаараа яриулах гэх мэт. Би ийм завхарсан зүйлийг арилгана. Үүнийгээ ч хэлсэн. Би салбартаа “Эрс шинэчлэл хийнэ” гэж гарч ирсэн үгэндээ хүрнэ. Машин унаж, цалин авсан хэрнээ хийж бүтээсэн зүйлгүй, хүнтэй муудалцахгүй, тал алдахгүй жирийн нэг сайд байхыг хүсэхгүй байна.
 
-Хэрэв Засгийн газрын хувь заяатай холбоотой асуудал дэгдвэл яах вэ. Төмөр зам дээр?
 
-Айвал бүү хий. Хийвэл бүү ай гэж. Хийнэ гэснээ хийнэ. Тэрний дараа ямар асуудал үүсэхийг мэдэхгүй. Хаа очиж манай Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат асуудлыг их зөв өнцгөөс хардаг, ямар нэг компанийн эрх ашиг гэхгүй улс орны эрх ашгийн үүднээс асуудалд ханддаг юм байна лээ шүү.
 
-УИХ-ын гишүүн, Зам, тээврийн сайд асан Х.Баттулгын лоббидож бариулж эхэлсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудал байна. Таныг “Монголын төмөр зам” компанийн захирлын хувиар уг төслийг санхүүжүүлсэн 200 сая ам.долларт гар дүрэлцсэн гэж хардах нь бий?
 
-Бичих нэг хэрэг. Миний хувьд 2015 оны гуравдугаар сард “Монголын төмөр зам” компанийн ерөнхий захирлаар очсон. Харин 2013 оноос замын барилгын ажил эхлээд 2014 оны наймдугаар сард өөрийн тань асуусан 200 сая ам.долларын санхүүжилт хийгдээд, ажил нь зогссон байсан. Тэгэхээр надад тэр мөнгөний нэг цент ч хамаагүй байгаа биз дээ.
 
-Та тэгээд яагаад тайлбар хийдэггүй юм бэ?
 
-Цаг зав алга. Хоёрт тэр бүхнийг тайлбарлаж, өөрийгөө өмгөөлөх ямар ч шаардлага байхгүй. Нэгэнт надаас өмнө зарцуулагдаад дууссан мөнгөнд би тайлбар хийх нь утгагүй биз дээ. Үнэн юм үнэнээрээ л үлдэнэ. Өөрийгөө хамгаалах гэж хичээх ямар ч хэрэг байхгүй. Намайг өмгөөлөөрэй гэж гуйх ямар ч шаардлага байхгүй. Надад барьцаалагдах барьцаа байхгүй.
 
-Төмөр замд мөнгө нь орсон ороогүй. Овоолсон шороо мөн биш гэдэг дээр асуудал нэлээн яригдаж байна. Яг зарцуулалтынх нь учир начрыг шалгасан, нягталсан зүйл бий юу?
 
-208 км далан хийсэн нь одоо байгаа. Манай үндэсний 13 компанийн бүтээн байгуулалт, 198 сая доллар зарцуулсан гэдэг тооцоо бий. Гэрээнд нь энэ асуудал тодорхой байгаа. Би хууль хяналтын байгууллагаас өмнө буруу, зөрүүг нь хэлж мэдэхгүй. Манайхэвлэлээр харин 200 саяар шороо овоолсон гэж яриад байдаг. Тэгж хэлж бол бас болохгүй байх. Төмөр замын далан гэдэг өөрөө асар том бүтээн байгуулалт. Давхарга, нягтрал гээд олон зүйлийг ярих ёстой. Эргэлтийн хэм гээд байна. Тэр бүхнийг тооцоо судалгаан дээр үндэслэж хийдэг. Мэдээж хууль хяналтын байгууллага дүгнэлтээ гаргах үед бүх асуудал тодорхой болно байх гэсэн хүлээлт бусад хүмүүсийн адил надад ч байгаа.
 
-Та УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хэр ойр харилцаатай вэ?
 
-Ажлын дагуу нэг л удаа уулзаж байсан. Ямарч хувийн харилцаа, найз нөхдийн холбоо байхгүй.
 
-Та сая Монгол, Хятадын Хөрөнгө оруулалтын уулзалтанд оролцоод ирсэн. Энэ үеэрээ Торгоны зам дагасан бодит хөрөнгө оруулалт хийгдэх тухай онцолсон байсан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч Давост болсон уулзалтын үеэр энэ асуудлыг онцолсон. Гэтэл бодит байдал дээр Хятад, Орос хоёр Монголыг тойруулж хийн хоолой барьж, төмөр зам тавихаар бэлтгэж байгаа тухай мэдээлэл олонтаа гарах болж. Иймд яг ажил хэрэг талаасаа Торгоны замд монголчууд эрх ашгаа хамгаалж, нэгтгэж чадна гэдэгт итгэж болох уу?
 
-Ташикентад өнгөрсөн оны зургаадугаар сард болсон гурван улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр Эдийн засгийн коридорын хэлэлцээрийг байгуулж энэ хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Түүний 13 нь дэд бүтцийн төсөл байна. Найм нь яг төмөр замтай холбоотой. Монголын нутаг дэвсгэрт төмөр замын сүлжээ үүсгэх асуудал. Зүүн, Баруун коридороор холбогдоно. Төв коридорыг шинэчилнэ гэдгээ түрүүн хэлсэн. Зүүн чиглэлд Хөөт-Бичигтийн төмөр замын ТЭЗҮ-г би “Монголын төмөр зам” компанийн захирал байхдаа төрөөс огт мөнгө гаргалгүй хийлгүүлсэн, бэлэн болсон. Одоо тэрийгээ ахиалууд Хөөт-Чойбалсан-Эрээнцав хүртэлх төмөр замын ТЭЗҮ-ээ хийлгэх шаардлагатай. Хэрэв ингээд зүүн чиглэлийн төмөр замын коридорыг битүүрүүлчих юм бол хамгийн багадаа энэ замаар Орос-Хятад, Хятад-Оросын чиглэлд жилдээ таван тонн ачаа дамжиж явах судалгаа байгаа. Монгол Улс хангалттай орлого олж чадна. Ийм ашигтай болохоор Хятадын компаниуд хөрөнгө оруулж барья гэдэг өрсөлдөөн нэмэгдсэн байгаа.
 
-Хятадын компаниар бариулсан тохиолдолд хувь эзэмшил яригдах уу?
 
-Монголд хамгийн ашигтай хувилбарыг л сонгоно. Хятадууд Торгоны замын сан гэж байгуулаад 40 тэрбум ам.доллар байршуулчихсан байгаа. Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын төслийг санхүүжүүлээд эхэлчихсэн. Бид хурдтай ажиллах хэрэгтэй. Оросууд ч, Хятадууд ч удаан байгааг хэлж “Ярьсан хэлсэндээ байгаарай” гэдэг анхааруулга өгөөд байна. Иймд манай яам аль болох л хурдан ажиллах хэрэгтэй байгаа биз.
 
-Та өөрөө хэр шуурхай хүн бэ?
 
-Аль болох шуурхайлахыг хичээж байна. Гол нь надад айдас алга. Огцруулчих болов уу гэж эмээх эмээлт ч алга. Зоригтойгоор хийсэн шиг хийгээд явах зорилго л байна.
 
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 49 хувьд “Шинхуа” компанийг оролцуулна гэж зарласан нь ямар учиртай юм бэ?
 
-Төмөр замын төслийг урагшлуулах асуудлыг хариуцсан Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдууд ажиллаж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг Хятадын тал цогцоор нь хөгжүүлнэ гэж анхнаасаа л санал тавьж байсан. Энд нэг зүйл хэлэхэд хөрш орны харилцаа гэдэг дэд бүтцийн төсөл, цаашлаад төмөр замын хөгжилтэй холбогддог асуудал. Үүнийг Орос уу, Хятад уу гэдэг байдлаар харж шийдэж болохгүй.
 
-Таны ярианаас үүдээд бодоход Гадаад харилцааны яамыг эс тооцвол бүхий л яам дотоодын асуудлаа анхаардаг. Харин танай яамны хувьд хил дамнасан дэд бүтцийн сүлжээ, хил дамнасан тээвэрлэлт ярих хэрэгтэй гэдэг талаасаа гадаад харилцааны салбарт чамгүй үүрэг гүйцэтгэдэг болох нь ойлгогдож байна. Тийм үү?
 
-Улс төр, эдийн засаг, үзэл суртал гэсэн гурван том зүйлийн зангилаан дээр ажил явуулах хэрэгтэй болж байна. Манайхан дозыг нь тааруулах гэж ярьдаг яг тэгж явах хэрэгтэй. Найрлагыг нь тааруулахгүй бол асуудал шийдэгдэхгүй.
 
-Тэгвэл таны удирдаж байгаа салбарт Монголын эрх ашиг гэдгийг яаж тодорхойлох ёстой юм бэ?
 
-Авто зам, төмөр замаар хүний нутгаар чөлөөтэй явж, аль нэг боомтод очих тухай асуудал нь авто юм уу эсвэл төмөр замаар холбогдчихвол бүрэн шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Заавал хөршүүдтэйгээ хэлэлцээр байгуулж байж шийдэгдэнэ. Хэлэлцээртэй ч гэсэн тухайн чиглэлд зөвшөөрөл аваагүй бол агаараар ч дураараа нисч болдоггүй юм. Манайхан нүдэнд харагдаж байгаагаар нь төмөр замыг л яриад байдаг. Тиймээс газар зүйн байршлын хувьд хаана байгаагаа бодож, хоёр хөрштэйгээ маш зөв харилцах ёстой. Тэгэхгүй байгаа болохоор манай улс дандаа хохирч, асуудал шийдэгдэхгүй явж ирсэн. Маш ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Тэгэхгүйгээр эргэж бусгаад эсвэл аль нэгэнд нь давуу тал олгоод явах юм бол бид нар эх орныхоо эрх ашгийг хамгаалж чадахгүй. Гэтэл манайхан энэ хоёр хөрш орноо бодолцохгүй шууд давж нисээд, давж төмөр замаар давхиад гуравдагч хөрш рүү нүүрсээ гаргах тухай яриад байна. Харамсалтай нь, бидэнд тийм боломж байхгүй. Ядаж эхний ээлжинд үүнийг ойлгож, ухаарчихаад бодлого ярих хэрэгтэй. Тэгэхгүй нарийн бол Хятад, өргөн бол Орос гэж хараад тэр дагуудаа дэмжиж эс бол эсэргүүцэж ирснийх нь балгаар төмөр замын бодлого өнгөрсөн хугацаанд урагшаа явж чадаагүй. Бодит үнэн бол энэ.
 
-Таныг Хятадын талтай их сайн харилцаатай гэж учир мэдэх хүмүүс ярилцдаг. Үнэн үү?
 
-Би Хятадад есөн жил ажилласан. Далайн тээвэр дээр хоёр жил хагас, ГОК-ийн төлөөлөгчийн газрын даргаар зургаан жил хагас ажилласан. Энэ үедээ хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд багагүй ажил хийсэн. Орос хэлний дээд сургуулийн хятад хэлний ангийг төгссөн. Энд нэг зүйл тодруулж хэлэхэд “Монголын төмөр зам”-ын ерөнхий захирлаар намайг томилохдоо “Хойшоо, урагшаа аль алинтай нь харилцаж чадах хүн” гэдгийг их гол үзүүлэлт болгосон гэж хэлж байсан. Тээврийн менежментийн чиглэлээр их сургуульд багшилж, докторын зэрэг хамгаалсан
 
-Та “Эрдэнэт” үйлдвэрийн орлогчоор ажиллаж байсан. Хэний үед билээ?
 
-2000 онд Х.Наранхүү ГОК-ийн захирал болж, 2004 оны сүүлээр намайг “Монголдоо ажилла” гэсэн. Бээжинд “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын даргаар ажиллаад нэл

  • Шинэ
  • Их уншсан