Д.Аюуш: Төв банк олон нийттэй харилцах харилцаагаа шинэ шатанд гаргана


Монголбанк 2017 оныг орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах жил болгон зарласан. Энэ хүрээнд орон нутгийн иргэдтэй уулзалт хийж, Төв банкны бодлого үйл ажиллагааг таниулан сурталчлах, сургалт, уулзалтуудыг зохион байгуулдаг болоод байна. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Д.Аюуштай ярилцлаа.

-Монголбанкнаас  өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж,  иргэдтэй уулзалт хийсэн байна.  Та энэ талаар мэдээлэл  хуваалцана уу?

-Тийм ээ. Монголбанкны Ерөнхийлөгчийн шинэчлэлийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлын нэг хэсэг нь олон нийттэй харилцах ажлыг шинэ шатанд гаргах, ажиллах хүчнийг чадавхжуулахад оршиж байгаа юм. Бид 2017 онд орон нутаг дахь салбар хэлтэс, боловсон хүчнийг чадавхжуулах, иргэдийн банк, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр нилээд ажил төлөвлөсөн. Энэ хүрээнд нийт аймгуудаар  тойрч уулзалт, сургалтуудыг хийхээр төлөвлөсний дагуу Өвөрхангай, Архангай аймгуудаас ажлаа эхлүүлээд явж байна.  Тиймээс орон нутагт хийх сургалтууд  дан ганц Монголбанкны салбар хэлтсийн ажилтнуудад бус тухайн орон нутаг дахь арилжааны банк, төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн, иргэд, оюутан сурагчдад   зориулсан хөтөлбөртэйгөөрөө  онцлогтой юм. Анхны уулзалтаасаа бид их урам зориг авлаа. Учир нь олон нийт сургалтанд маш идэвхтэй оролцож байна. Орон нутгийн Иргэний танхим дүүрэн иргэд цуглаж, зарим нь суух ч суудалгүй зогсоогоороо бүтэн цаг гаруй хугацаанд бидний лекцэд анхаарлаа хандуулж байгаагаас харахад иргэдэд санхүү, эдийн засгийн мэдлэг,  мэдээлэл ямар чухал болох нь харагдлаа. Бид сургалттайгаа зэрэгцүүлэн уулзалт хийж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар харилцан ярилцсанаар иргэд мэдэхгүй,  ойлгохгүй зүйлүүдийнхээ учрыг таньж, мэдэхэд ихээхэн ач холбогдолтой боллоо.

-Та бүхэн иргэдэд гол нь юуны тухай таниулж мэдүүлэхийг зорьсон бэ?
-Монголбанкны үндсэн зорилт бол төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршдог.  Тодруулбал, энэ нь хүн бүрийн амьдралд тусах бодлого юм. Тиймээс юуны өмнө Монголбанк, түүний үйл ажиллагааны чиглэл зорилтыг тайлбарлаж, таниулахад анхаарч байна.  Иргэд Төв банкны талаар мэдлэг, ойлголттой байна гэдэг  бол эдийн засаг дахь хүлээлтийг зөв удирдах үндсэн нөхцөл бүрдэж байгаа хэрэг.  Уулзалтын үеэр иргэдээс маш олон асуулт ирж байсан. Тухайлбал, улсын өр, зээлийн хүү, ипотекийн зээл, зээлийн мэдээллийн сан, инфляци, бодлогын хүү, гадаад валютын албан нөөц, гадаад валютын ханшийн талаар илүүтэй сонирхон асууж байлаа. Энэ бүхний хариултыг өгөхийн хамт санхүүгийн үйл жиллагаанд оролцохдоо хууль эрх зүйн талаас нь хэрхэн анхаарвал зохих талаар ч мөн мэдээлэл өглөө. Үүнээс болж иргэд хохирох тохиолдол бишгүй байдаг шүү дээ.

-Монголбанк хөдөө орон нутгийн иргэдтэй ийнхүү дангаараа уулзалт хийж байгаа нь анхны тохиолдол байх. Монголбанкны Ерөнхийлөгчийн таван шинэчлэлийн хүрээнд энэ санаачилга гарсан гэж ойлгож болох уу?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн хэрэгжүүлэхээр зорьж буй таван шинэчлэлийн хүрээн  дэх нэг гол ажил бол Төв банкнаас олон нийттэй харилцах харилцаа, иргэдийн санхүү эдийн засгийн боловсрол. Таны асууснаар, яах аргагүй энэ нь Төв банкнаас хөдөө орон нутгийн иргэд рүү чиглэсэн анхны ажил. Өмнө нь ийм уулзалт, сургалт хийж байгаагүй юм билээ.  Сая биднийг очиход иргэд ч мөн анх удаа ийм сургалт, уулзалт хийж иргэдтэйгээ нүүр тулан уулзаж байгааг онцолж иргэдийн санхүүгийн амьдралд нэн хэрэгтэй мэдээллээр хангаж байгаад их талархаж байсан.
Монголбанк зарим төрийн байгууллагуудтай хамтран иргэдийн санхүүгийн суурь боловсролыг нэмэгдүүлэх хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгааг олон нийт сайн мэдэх байх.  Энэ хөтөлбөрөөр  ахлах ангийн сурагчдад хувь хүний санхүүгийн боловсролын хичээл орж байгаа. Сурагчидтай хийсэн уулзалтын үеэр тэд  жирийн иргэдээс хамаагүй илүү мэдлэгтэй асуултууд тавьж байсан нь хөтөлбөр ач холбогдлоо өгч байгааг харуулж байна. Цаашид энэ хөтөлбөр нийт иргэдэд ч бас зориулагдана.

-Уулзалтуудынхаа хажуугаар сургалтууд хийсэн тухай та яриандаа онцолж байна.  Чухам ямар сэдвийн хүрээнд явагдсан  болохыг сонирхуулна уу?
- Олон нийтэд хандсан сургалтууд маань Төв банкны үйл ажиллагаа, төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн тухайд чиглэгдсэн. Мөн 2016 оны Монголын эдийн засгийн талаарх статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа. Мөн хэвлэл мэдээллийнхнийг онцгойлон авч үзсэн. Төв банкны бодлого шийдвэрийн тухай мэдээлэл үнэн бодитой хүрч байх ёстой. Үүний тулд сэтгүүлчид Төв банкны талаар бүрэн ойлголт, мэдлэгтэй байх хэрэгтэй байдаг. Тиймээс эхлээд, Төв банк ямар үйл ажиллагаа явуулдаг болох, олон нийттэй хэрхэн харилцдаг талаар дээр нь иргэдэд хамгийн их хэрэгтэй байгаа олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн талаар тус тус танилцууллаа.  Арилжааны банкны эдийн засагч нарт зориулан Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмаар тусгай сургалт зохион байгуулсан. Сургалт уулзалтууд ингээд нэг удаа хийгдээд дуусчихгүй. Орон нутгийн салбар хэлтсүүд маань үргэлжлүүлнэ. Монголбанк төвдөө сар тутамд сэтгүүлчид болон оюутнуудад зориулсан сургалт зохион байгуулдаг. Тухайн сургалтуудтай зэрэгцээд орон нутагт яг тэр сэдвүүдээр давхар сургалтууд хийгдээд явна.

-Уулзалтаас ер нь ямар дүгнэлт гарч байна вэ?
-Монголбанк олон нийттэй харилцах харилцаагаа шинэ шатанд гаргаж зөвхөн төвөөсөө удирдах биш хөдөө орон нутагт чиглүүлж эхэлсэн нь үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Ямар нэг улстөржилт байхгүйгээр иргэддээ мэдлэг, мэдээлэл олгосон сургалт, уулзалтыг мэргэжлийн байгууллагууд маань системтэйгээр зохион байгуулах шаардлагатай юм байна.

  • Шинэ
  • Их уншсан