АНУ-ын бөхчүүдийг чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд оролцохыг хориглолоо


ТЕГЕРАН. /IRNA/. Иран улс Америкийн бөхчүүдийг улсдаа болох чөлөөт бөхийн эрэгтэй багуудын Дэлхийн цомын төлөөх тэмцээнд оролцохыг хориглолоо. АНУ руу лалын шашинт долоон улс, тэдгээрийн дотор Ираны иргэдийг нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигийг Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасны хариуд Тегеран ийм арга хэмжээ авч байна.

Хоёрдугаар сарын 16-17-нд Ираны Керманшах мужид  болох чөлөөт бөхийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох шилдэг найман багийн тоонд АНУ-ын чөлөөт бөхийн баг тамирчид багтсан байсан юм. Ингээд Америкийн бөхчүүдийг хориглосноор уг тэмцээнд Иран, Азербайжан, Гүрж, ОХУ, Турк, Энэтхэг болон Монголын бөхчүүд өрсөлдөхөөр болж байна.

Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдэгдэл хийхдээ “Д.Трампын гаргасан зарлигийн улмаас манай улс ийм хариу арга хэмжээ авч байна” гэжээ.

Иран, Ирак, Сири, Сомали, Ливи, Судан болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд нэвтрүүлэхгүй байхыг Д.Трамп үүрэг болгосныг Тегеран “лалын шашинтнуудыг бүдүүлгээр доромжилсон хэрэг” гэж тодорхойллоо.

1979 оны Лалын хувьсгалын улмаас Иран болон АНУ дипломат харилцаагаа тасалсан юм. Гэхдээ тус хоёр улсын бөхийн холбоод харилцаа холбоотой, хамтын ажиллагаатай байсаар иржээ.

Г.Доржханд
Эх сурвалж: МОНЦАМЭ

  • Шинэ
  • Их уншсан