Доналд Трамп: Манай оронд ч олон алуурчин бий



АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “FOX NEWS” телевизийн Билл О Рэиллийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путиний эсрэг дайралтад, түүнийг өмгөөлсөн хариу өгчээ. Сэтгүүлчийн “Владимир Путин бол алуурчин” гэсэн үгэнд Доналд Трамп “Манай оронд ч гэсэн олон алуурчин бий. Манай орон тийм гэмгүй, ариухан газар уу” гэж сөргүүлсэн хариу өгсөн байна. Мөн энэ үеэр тэрбээр “Оростой эвдрэлцэж байснаас учраа ололцоод хамтарсан нь дээр гэж бодож байна. Хэрэв Исламын улс бүлэглэл болон алан хядагчдын эсрэг тэмцэлд ОХУ бидэнтэй хамтарвал сайн хэрэг” гэж байр сууриа илэрхийлжээ. Ерөнхийлөгч Доналд Трампын хувьд өмнө нь В.Путиний тухай сөрөг мэдээлэлд үл итгэдэг, түүнийг хүндэлдэг, сайхан харилцаа тогтоохыг чухалчилдаг гэдгээ удаа дараалан илэрхийлж байсан юм. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд Оросын хакерууд нөлөөлсөн гэх дуулианы үеэр талууд харилцан бие биеийнхээ хувийн зан чанарыг магтсан үг хэлж, хоёр орны харилцаанд шинэ уур амьсгал оруулахаа амлаж байжээ.
Удирдагчид өнгөрсөн долоо хоногт Доналд Трампыг албан ёсоор Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээн авснаас хойш анх удаа утсаар ярьсан нь улс төрийн онцлох үйл явдал байсан аж. Талууд хоёр дахь удаагаа холбогдох үеэр хоёр орны хоорондын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлж, тогтворжуулан, хамтын хүчин чармайлтад ач холбогдол өгч олон улсын гол аюул заналхийлэл болох терроризмын эсрэг тэмцэж, Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргааны үед хүчингүй болгосон зарим заалт гэрээг сэргээхээр тохиролцсон байна. Мөн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг хэрхэн шийдвэртэй тэмцэх талаар санал бодлоо солилцож, ойрын хугацаанд биечлэн уулзах боломжтой гэдэгт эерэг хариу өгөхөөр санал нэгджээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар ОХУ-тай найрсаг харилцаатай энэ орны талаар хангалттай ойлголт, туршлагатай Рекс Тиллерсоныг томилсны дараа шинжээчдийн зүгээс Ерөнхийлөгч асан Барак Обамагийн үед “зогсонги” байсан зарим харилцаа Д.Трампын засаг захиргааны үед сэргэж, Рекс Тиллерсон гол гүүр нь болно гэсэн дүгнэлтийг дэвшүүлсэн байна.
А.ДАВААХҮҮ
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан