Б.Амартүвшин хүрэл медаль хүртэв

ОХУ-ын Оренбург хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн Европын цомын тэмцээн эхэллээ. Тэмцээнд 15 орны эрэгтэй 195, эмэгтэй 79 тамирчин хүч үзэж байна. Эхний өдөр эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж манай долоон бөх хүч үзлээ. Тэднээс эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Амартүвшин хүрэл медаль хүртэв. Тэрбээр Армен, ОХУ-ын бөхийг дараалан ялж, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Гамзат Зайрбековт ялагджээ. Улмаар торгуулийн тойрогт ОХУ-ын Данила Курташов, Францын Ришард Вергне, ОХУ-ын Обид Жебов нарыг дараалан ялж, медалийн тавцанд гарсан байна. Харин эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн энэ оны залуучуудын улсын аварга Б.Алтанцэцэг ОХУ-ын бөхчүүдийг дараалан ялж, хэсгийн аварга болсон ч хагас шигшээд Канадын Жессика Климкайтад ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө дэлхийн аваргын тавдугаар байрын шагналт Кэдрин Бушмен-Пинардад ялагдсанаар медальгүй хоцров.
Б.Номуун

  • Шинэ
  • Их уншсан