Х.Нямбаатар: Тодорхой хэдэн зөрчилд баривчлах шийтгэл гарцаагүй байх ёстой


УИХ-ын чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг эцэслэн баталсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.
-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг баталлаа. Хууль санаачлагчийн хувьд ямар хууль болсон гэж харж байна вэ?

-Эрүү болон Зөрчлийн тухай хуулийг өнгөрсөн пүрэв гаригийн УИХ-ын чуулганы хуралдаанаар баталсан. Эрүүгийн хуулийн хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан бол Зөрчлийн хуулийн тухайд шинэчилсэн найруулгаар баталлаа. Эрүүгийн хэргийн хууль бол Үндсэн хуулийн дараа орох том үйлчлэлтэй. Үүнийг сайн болоосой, хүний эрхийн зөрчил, дутагдал бага гараасай гэж бүгд санаа зовж байлаа.
Эрүүгийн хэргийн хууль нь хүний эрхэд шууд халддаг. Энэ хуулийн үндсэн чиг үүрэг нь хүнийг нийгэмд амар тайван, аюулгүй амьдрах баталгаа нь болдог. Энэ утгаараа ял, шийтгэл ногдуулдаг хуулийг УИХ-аар хэлэлцүүлж батлахад нийгэмд тэр бүр эерэг уур амьсгалыг бүрдүүлэхгүй нь ойлгомжтой. Эрүүгийн хуулийн гол онцлог нь өмнөх 2002 онд баталсан хуулиасаа ял шийтгэлийн бодлогын хувьд харьцангуй хөнгөрсөн гэж хэлж болно. Мөн тодорхой төрлийн гэмт хэрэгт сонгох санкц олонтой болсон. Хорих ялын интервал харьцангуй багатай хуулийг баталлаа. Харин хуулийг хэрэгжүүлэх явцад ялангуяа хууль хэрэгжүүлдэг байгууллага, шүүхээс ял шийтгэлийн бодлогын хувьд ялгамжтай байдлыг үүсгэхгүй байх болгоомжлол бий. Тухайлбал, Хөвсгөл аймгаас төлөг хулгайлаад өөр төрлийн ял. Архангай аймгаас төлөг хулгайлсан нь түүнээс хөнгөн ял авах шийтгэлийн бодлогын ялгамж үүсэхвий гэдэг болгоомжлол байна. Бусдаар Эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд өмнөх жилүүдэд гарсан алдаа оноонд дүн шинжилгээ хийсэн хууль болсон. Эрүүгийн хууль, тогтоомжийг баталснаас хойш нийгмийн амьдралд хэрэгжүүлэх явцад тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулдаг. 2002 онд Эрүүгийн хуулийг баталснаас хойш нэлээд олон нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Энэ нь хууль нийгмийн амьдралд нэг мөр хэрэгжих явцад янз бүрийн доголдол үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хууль тогтоогчдын зүгээс аль болох ийм үйлдэл гаргахгүй байхыг хичээж, ажлын хэсэг, яамныхан чамгүй хугацаанд ажилласан.
-Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүд хуулийг нэлээдгүй шүүмжлэл хэлсэн байсан. Яг ямар заалтыг нь онцолсон бэ?
-Эрүүгийн хуульд гишүүдийн шүүмжлээд байгаа шиг урвах гэмт хэргийг хассан зүйл огт байхгүй. Энэ заалт 2015 онд баталсан тэр хэвээрээ байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг асуудлыг онцолж үзэх байсан бол 2015 онд хууль хэлэлцэж байхад нь ярих ёстой байсан. Бид нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 19 дүгээр зүйлийг огт хөндөөгүй. Эх орноосоо урвах үйлдэл гурван үндсэн үйлдлээс бүрддэг. Нэгдүгээрт, дайны үед гадаадын байгууллагад урваж орох, хоёрдугаарт, Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдалтай холбоотой мэдээ мэдээллийг гадаадын тагнуулын байгууллагад дамжуулах, гуравдугаарт, олон улсын алан хядах байгууллагад элсэх үйлдлээр илэрдэг. Эдгээр үйлдлийг Эрүүгийн хуульд тус бүрт нь зааглаж, бие даасан гэмт хэрэг болгон хуульчилсан байдаг. Гэтэл О.Баасанхүү гишүүн юм бүхнийг сенсаацлах гэж явдагт нь харамсч байна. Мөн УИХ-ын зарим гишүүн бусдыгаа шинэ хуучнаар, ажлын туршлагаар нь ялгаварлаж, олон хуульд ажиллаж байна гэдэг шүүмжлэл хэлсэн. УИХ-ын гишүүдийг ажилласан жил, нас хүйс, өндөр намаар нь ялгаварласан хууль байхгүй. Хууль санаачлах эрх, хуулийн ажлын хэсэгт орж ажиллах нь бүх хүнд нээлттэй. Ажил хийж байгаа хүмүүсээ шүүмжлэх гэж УИХ-ын индрийг ашиглахаа болимоор байна.
-Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгийн явцад гишүүд мөн л шүүмжлэлтэй хандаж байсан. Ер нь энэ хуулийн давуу тал нь юу вэ?
-Зөрчлийн тухай хууль нийгмийн хор аюул нь харьцангуй бага, эрх зүйн эсрэг чиглэсэн үйлдлийг бүхэлд нь зөрчил гэж тодорхойлдог Монгол Улсын 240 хуульд орсон зөрчлийг бүгдийг нь нэгтгэж, нэг хууль болгосон. Үүнд би нэг ч шинэ хэм хэмжээ тогтоогоогүй. Гэтэл зарим гишүүн хуулиа уншаагүй атлаа шүүмжлэх байр сууринаас л ярьж байна. Зөрчлийн хуульд торгуулийн хэм хэмжээг 50 хувь бууруулсан. 15 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулдаг байсныг дөрвөн төрөлд ногдуулдаг болсон. Түүнээс биш зөрчилд нэг ч хэм хэмжээ нэмсэн зүйл байхгүй. Өмнө нь байсан хэм хэмжээг л нэгтгэсэн. Өөрөөр хэлбэл, төрөлжүүлэн нэгтгэсэн хууль гаргасан. Үүний давуу тал нь хуулиудын давхардал хийдэл үүсэхгүй байх. Зөрчилд ногдуулах шийтгэлийн нэгдсэн бодлоготой байх давуу талтай. Бид Зөрчлийн хуулийг төрөлжүүлэн нэгтгэх явцад нэг зүйлийг ажигласан. Тухайлбал, зарим салбарын төрийн хяналт, шалгалт, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа Төрийн хяналт, шалгалтын үндсэн хууль тогтоомжоосоо давсан, хэтэдсэн чиг үүрэгтэй байлаа.
-Зөрчлийн тухай хуульд баривчлах шийтгэлийг нэлээд хассан гэлээ. Тухайлбал, ямар зөрчилд уг шийтгэлийг хассан бэ?
-Баривчлах шийтгэлийн төрлүүдэд зарим төрлийн шийтгэл үлдэх байсан гэж бодож байна. Тухайлбал, нийтийн орон сууцанд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах үйлдэлд баривчлах шийтгэл хэвээр үлдэх байлаа. Гэтэл Ж.Батзандан гишүүн гуйвуулж “Хүүхэд уйлбал торгож, баривчлах юм уу” гэж эсрэгээр нь тайлбарласан. Хөршийн чинь айл зодоон хийгээд эсвэл хөгжим шөнөжин чанга дуугаргаад таны, миний амьдрах эрхэд халдаад байвал яах вэ. Гадаадын бүх оронд энэ үйлдлийг таслан зогсоож, баривчлах болон бусад төрлийн арга хэмжээ авдаг. Харин манайд байхгүй боллоо. Танхайрах зөрчилд хүний эрүүл мэндэд эрүүгийн хэрэг үүсгэхээргүй тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгох саналыг оруулж, хажуугийн саналаар АН-ын гишүүд дэмжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг зодож гэмтээхдээ хөхрөлт няцралт үүсгээгүй бол 100 мянган төргөг өгөөд л болчихож байгаа юм. Үүнийг цаашид өөрчлөх ёстой.
Зодох гэдэг хүний хамгийн том эрхэд халдаж байгаа үйлдэл. Түүнчлэн хууль бус аборт хийх явдал байна. Монгол Улс хүн амаа өсгөх бодлого тавьсан. Хоёрдугаарт, хууль бус абортоос болж охид, эмэгтэйчүүд үргүйдэх явдал ихэссэн гэсэн тоо баримт бий. Тэр болгонтой тэмцэхийн тулд мэргэжлийн бус хүн, эмнэлгийн бус нөхцөлд жирэмслэлтийг зүй бусаар таслан зогсоосон тохиолдолд баривчлах шийтгэлтэй байсныг хассан. Үүнийг мөн л хажуугийн саналаар байнгын хороон дээр унагасан. Шүүхийн хараат бус байдал, шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд баривчилдаг жишиг дэлхийн бүх оронд бий. Манайд л ганцхан байхгүй болгож, харамсалтай нь 100 мянган төгрөгөөр торгох шийдэлд хүрлээ.
Би хуульчийнхаа хувьд хуулийн бодлогыг хажуугийн саналаар хэн нэгэн дуртай нь унагаагаад байдгийг буруу гэж боддог. Тодорхой хэдэн зөрчилд баривчлах шийтгэл гарцаагүй байх ёстой байсан. Гэвч хэт популист шинжтэй заалтууд орсон гэдгийг хэлье. Уг нь ажлын хэсгээс оруулж ирсэн саналыг бүрэн дэмжээд явсан бол хуулийн өөр хоорондын уялдаа холбоог хангах боломжтой байсан юм.
М.ЭНХЦЭЦЭГ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан