Артишоктой талх үйлдвэрлэнэ

Элэг, бөөр, ходоодонд сайн гэх тодотголтой артишоктой талх үйлдвэрлэхээр болжээ. Халуун орны энэ ургамлыг Монголд нутагшуулж, бүтээгдэхүүн хийх санал санаачлага гаргаж байгаа “Экологи хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Батнасангаас энэ талаар тодруулахад “Манай байгууллагын санаачлагаар 2007 онд Африкийн хойд хэсэг, Газар дундын тэнгисийн орчмоос үүсэлтэй хүнсний ногоо, эмчилгээний ургамал болох артишокийг Монголд нутагшуулж, хүнсэнд хэрэглэж эхлээд удаагүй байна. Артишокоор хүний эрүүл мэндэд тустай ямар бүтээгдэхүүн хийж болох талаар ХААИС, ШУТИС-ийн эрдэмтэд ажиллаж байна. Одоогоор артишокоор ундаа, салат хийж байгаа. Удахгүй талхны үйлдвэрлэхээр бэлтгэл ажилдаа орсон” гэлээ. Сонирхуулахад, артишокийг гурилтай хольж тусгай жорын дагуу талх үйлдвэрлэх аж. Талх нь чихрийн шижин, бөөрний өвчтэй хүмүүс хэрэглэхэд эмчилгээний гойд нөлөөтэй. Одоогоор талх үйлдвэрлэх судалгааг ШУТИС-ийн гарааны төслийн багийнхан хийж гүйцэтгэхээр шуурхайлан ажиллаж буй. Мөн энэхүү ургамлыг манай эрдэмтэд гэрийн заруул гэж монголчилжээ. Гэрийн заруул нь дунджаар 1.5 метр өндөр ургадаг. Том далбагар навчтай, 4-10 ширхэг боргоцойтой төстэй булцуу гарч цэцэглэдэг бөгөөд энэ нь монголчуудын хувьд шинэ хүнс. Харин дэлхийд хамгийн их судлагдсан ургамлын нэг төдийгүй үүнийг олон оронд өргөн хэрэглэдэг юм байна.
 Б.ДААРИЙМАА

  • Шинэ
  • Их уншсан