Монголоо сурталчлах “Мимо” угсардаг гэр

 Нүүдэлчин монголчуудынхаа ахуй соёлыг сурталчилсан “Мимо” угсардаг гэрийг бүтээгээд удаагүй байна. Бүтэн нэр нь “Миний монгол гэр”. Гэхдээ зохион бүтээсэн залуус “Мимо” гэж товчлон нэрлэжээ. “Мимо” угсардаг гэрийг хэрхэн бүтээсэн талаар Мэдээлэл, технологийн үндэсний паркийн Инкубаторт бойжиж буй гарааны бизнесийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч С.Баярсайханаас тодруулсан юм. Тэрбээр “Монгол гэр нь одоогоос 3000 жилийн өмнө бий болсон нүүдэлчдийн оюуны үнэт бүтээл. Бид “Мимо” угсардаг гэрийг гурван жил судалж, найман сарын хугацаанд бүтээлээ. Олон улсын стандартад нийцсэн, тээвэрлэхэд хөнгөн, гэрийн модыг хуванцраар орлуулсан. Гадаадын угсардаг тоглоомтой өрсөлдөх бүтээгдэхүүн гаргах зорилгоор “Naad” брэндийнхээ анхны тоглоомоор “Мимо”-г бүтээсэндээ бид баяртай байна. Дөрвөн ханатай гэрийг 11 дахин багасгасан хувилбараар хийсэн. Туурга, дээвэр, цагаан бүрээс, өрх, хошлон гээд яг л монгол гэр. тавилгатайгаа нийлээд 225 орчим хэсгээс бүрдэж байна. Тооно гэхэд есөн хэсэг сална” гэсэн юм. Сонирхуулахад, “Мимо” гэрийг олон дахин угсрахад амархан эвдрэхгүй, уян материалаар “Талын эзэн” ХХК-д үйлдвэрлэж байгаа аж. Долоо хоногт 1000 ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд одоогоор Америк, Солонгос, Авсрали, Ирланд, Итали, Герман зэрэг 20 гаруй оронд сурталчлан таниулаад байгаа аж. Хүүхэд, залууст монгол ахуйг таниулах зорилгоор бүтээсэн уг тоглоомыг угсрахад ердөө 60-80 минут зарцуулна. Бүх насныхан тоглох боломжтой бөгөөд ялангуяа хүүхдийн IQ хөгжүүлж, гарын дүйг сайжруулдгаараа давуу талтай.

  • Шинэ
  • Их уншсан