МУГТ Б.Сэр-Од 21 мянган метрийн зайд түрүүллээ


Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр болж байна. Гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос зохион байгуулж байгаа юм.
 Олон улсын гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16 мянга 839, 2015 онд 18 мянга 85,  2016 онд нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутгаас, Монгол улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 27 мянга гаруй хүн оролцож байсан бол энэ жил 33 мянга гаруй иргэн оролцож байна.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчид 5 мянган метр, 10 мянган метр, 21 мянган метр, 42 мянган метрийн зайд уралдлаа. Олон улсын гүйлтийн тэмцээний нээлт 10 цагт болж, гарааны дохионы буудлагыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд буудсанаар “Улаанбаатар марафон”-ы элит гараа буюу хотын зайн гүйгчид гараанаас гарав.
Элит гараанд МУГТ Б.Сэр-Од, ОУХМ Д.Гантөмөр, ОУХМ Б.Мөнхзаяа, ОУХМ Л.Отгонбаяр, Япон улсын тамирчин Ямамото Яшихиро, Вүчибара Арата нарын тамирчид гарсан.
Улмаар 21 мянган метрийн зайд МУГТ Б.Сэр-Од түрүүлсэн байна. Харин 42 мянган метрийн зайд Кени улсын тамирчин тэргүүлж, II байрт Хилчин спорт хорооны тамирчин н.Мөнхбаяр, III байрт Алдар спорт хорооны тамирчин н.Бямбажав нар орсон бол эмэгтэйчүүдийн  42 мянган метрийн зайд ОУХМ Б.Мөнхзаяа түрүүлжээ.

Яг одоо Сүхбаатарын талбайд мөн автомашингүй өдөрт зориулсан арга хэмжээнүүд мөн болж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Шинэ
  • Их уншсан