Ким Жон Ун пуужингийн туршилтаа удирджээ


Умард Солонгосын тал өнгөрсөн ням гарагт дундын зайн тусгалт баллистик пуужин туршсан байна. Энэ нь тус улсын хувьд он гарснаас хойшхи найм дахь туршилт юм. БНАСАУ том хэмжээтэй цөмийн цэнэгт хошуу бүхий шинэ загварын дундын зайн тусгалт баллистик пуужин туршсанаас долоо хоногийн дараа дахин нэг пуужингийн туршилт хийснээ Үндэсний телевизээрээ дамжуулжээ. Энэ баллистик пуужинг орон нутгийн цагаар ням гарагийн 16.59 цагийн орчимд Пхеньяны зүүн хойд хэсгийн Пукчан бүс нутгаас хөөргөсөн аж. Умард Солонгосын талын гаргасан мэдэгдэлд “Энэхүү зэвсгийг цэргийн ажиллагаанд ашиглахад бэлэн болсон” гэжээ. Пуужинг амжилттай хөөргөн туршсаныг Ким Жон Ун сайшаахын сацуу түүнийг байрлуулахыг зөвшөөрсөн байна. Тэрбээр “Пуужингийн туршилт амжилттай боллоо. Төгс зэвсэг бүтээлээ” хэмээжээ. Эх сурвалжид дурдсанаар Умард Солонгосын пуужингийн туршилтыг Ким Жон Ун биечлэн удирдсан байна. "Пукгуксон-2" баллистик пуужин 500 км зам туулсан гэж Өмнөд Солонгосын хилийн албаныхан мэдээлжээ. Умард Солонгос ийнхүү баллистик пуужингийн туршилт хийсний дараа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулсан байна. Энэ удаагийн пуужингийн туршилт нь сүүлд хийсэн гурван туршилтаас богино зайд унасан гэж АНУ-ын тал мэдээлжээ. Пуужингийн туршилт Хойд Америкт ямар нэгэн эрсдэл учруулаагүй талаар АНУ-ын Номхон далайн командлалаас онцолсон байна. Харин Японы Засгийн газар БНАСАУ-ын туршсан баллистик пуужин тус улсын газар нутаг, ялангуяа эдийн засгийн онцгой бүсийн гадна буюу Япон тэнгист унасан гэв. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ БНАСАУ-ын энэ удаагийн пуужингийн туршилтыг шүүмжилж “Умард Солонгос олон улсын хамтын нийгэмлэгийн бодлогыг эсэргүүцсэнээ илэрхийллээ” хэмээв. Мөн тэрбээр "Умард Солонгос шинэ загварын баллистик пуужингийн туршилт хийснээсээ долоо хоногийн дараа олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй сануулгыг үл харгалзан дахин туршилт хийлээ. Тиймээс энэ долоо хоногийн сүүлчээр болох "Их 7"- гийн бүлгийн орнуудын уулзалтаар БНАСАУ-ын асуудлыг хэлэлцэнэ. Энэ нь БНАСАУ-д ямар нэг сануулга өгөх болно гэдэгт найдаж байна. Энэ асуудлыг шийдэхэд зөвхөн БНСУ болон АНУ-тай хамтрах бус БНХАУ, ОХУ зэрэг улстай илүү ойр хамтран ажиллах нь чухал. Олон улсын хамтын нийгэмлэг энэ асуудлыг тууштай хэлэлцэж, шийдвэрлэх болно" гэжээ. Энэ удаагийн пуужингийн туршилттай холбогдуулан АНУ, Япон, Өмнөд Солонгосын хүсэлтээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр хаалттай хуралдахаар болсон байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан