Манчестерын “Арена” цэнгэлдэхэд дэлбэрэлт болжээ


Их Британийн Манчестер хотын “Арена” цэнгэлдэх хүрээлэнд дэлбэрэлт болжээ. Халдлагын улмаас 19 хүн амь эрсдэж, 50 хүн шархадсан байна. Уг цэнгэлдэх хүрээлэнд поп дуучин Ариана Гранде тоглолтоо хийсний дараа буюу орон нутгийн цагаар даваа гарагийн 22.35 цагт дэлбэрэлт болжээ. Их Британийн Терроризмтой тэмцэх газраас “Террорист халдлага байж магадгүй” хэмээн мэдээлсэн бөгөөд дэлбэрэлтийн шалтгааныг бүрэн тогтоогоогүй байна. Тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй дэлбэрэлттэй холбоотойгоор өчигдөр яаралтай хуралдсан юм. “The Guardian” сайтад “Гэрчүүдийн мэдээлснээр тоглолтын төгсгөлд хоёр ч удаа хүчтэй дэлбэрэлтийн чимээ сонсогдсон байна. Дэлбэрэлт цэнгэлдэх хүрээлэнгийн үүдний танхимд болсон” хэмээн бичжээ.
Манчестер хотын Цагдаагийн газрын дарга Иэн Хопкинс “Энэ эмгэнэлт үйл явдлыг террорист халдлага гэж үзэж байна. Бид Их Британийн Терроризмтой тэмцэх газартай хамтран ажиллаж байна. Хохирогчдын ар гэрийнхэнтэй холбоо барьсан” гэв. Дэлбэрэлт болсон газрын ойролцоогоос сэжиг бүхий төхөөрөмж олдсон тухай “ВВС” телевизэд мэдээлсэн юм. Барууны эх сурвалжууд Арена цэнгэлдэхийн дэлбэрэлтийг террорист халдлага гэж үзэж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр халдлагыг амиа золиослогч этгээд үйлдсэн байж магадгүй аж.
“Reuters” агентлаг “Цагдаа нар амиа золиослогчийх байж магадгүй цогцсыг олсон.Тэр цогцсын дэргэд үл мэдэгдэх хайрцагтай зүйл байжээ” хэмээн албан ёсны сайтдаа мэдээллээ. Цагдаа нар “Арена” цэнгэлдэх хүрээлэнг хааснаас гадна ойролцоох төмөр зам, метроны буудлын үйл ажиллагааг түр зогсоожээ. Дэлбэрэлтийн гэрч Гэри Уокер “Би тоглолтыг эхнэр хоёр хүүхэдтэйгээ үзсэн. Ер нь цэнгэлдэхэд цугласан хүмүүс гэр бүлээрээ ирсэн байв. Бид Ариана Гранде тоглолтын хаалтын дуугаа дуулж эхлэхэд гэртээ харихаар цэнгэлдэхийн гарах хаалга руу явсан. Биднийг гарах хаалган дээр ирэхэд дэлбэрэлт болсон. Би хөнгөн гэмтэл авсан. Эхнэр маань хөлөндөө хүнд шарх авч эмнэлэгт хүргэсэн” гэж “Дэйли мэйл” сонинд ярилцлага өгчээ.
Энэ халдлагыг Их Британид 2005 оноос хойшхи хамгийн их хохирол учруулсан террорист үйл ажиллагаа гэж ажиглагчид тодорхойлж байна. Түүнчлэн гадаадын улс орнууд Английн ард түмэнд ийм үйл явдал тохиолдсонд эмгэнэл илэрхийлжээ. Тухайлбал, Хятад улсын дарга Си Зиньпин, Канадын Ерөнхий сайд Жастин Труда нар эмгэнэл илэрхийлсэн аж.
Дуучин Ариана Гранде энэ сарын 25, 26-нд Лондон хотод хийх тоглолтоо хойшлуулсан байна. Тэрбээр аялан тоглолтоо “Аюултай эмэгтэй” хэмээн нэрлэсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татжээ. Тэд дуучин бүсгүйн тоглолт нэр шигээ аюул дагуулж магадгүйг сэрэмжлүүлсэн байна. Тэрбээр Их Британий дараа Бельги, Герман, Швейцарь, Польш, Францад аялан тоглох хөтөлбөртэй байв. Гэвч Манчестерын дэлбэрэлтийн дараа Европын зарим хот түүний тоглолтыг зохион байгуулахаас татгалзсан байна.
Х.ЭРДЭНЭЗАЯА
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан