Б.Маралжингоо: Өөрийн ертөнцийн эгшиг хэмнэлийг мэдрүүлнэ


Монголын рок поп урлагийнхан дундаас содон, хүчтэй хоолойгоороо ялгардаг дуучин Б.МАРАЛЖИНГОО тун удахгүй бие даасан анхны тоглолтоо хийхээр болжээ. Түүнтэй тоглолтынх нь талаар хэдэн хором ярилцлаа.
-Таныг анхны тоглолтоо хийхээр болсон талаар дуулаад фэнүүд чинь магнайгаа хагартал баярлаж суугаа нь лавтай. Тоглолтынхоо товыг гаргасан уу?

-Олон жил дотроо бодож, төлөвлөж, хүсч мөрөөдөж явсан уран бүтээлийн анхны тоглолтоо зургаадугаар сарын 16-нд хийхээр боллоо. Уран бүтээлч хүний хувьд яг энэ үед л тоглолтоо хийх нь тохиромжтой гэж бодсон. Миний дууг сонсдог, шинэ бүтээлийг хүлээдэг хүмүүстэйгээ хамтдаа дуулж, нэг оройг сайхан өнгөрүүлэх болсондоо баяртай байна. Өөрийн ертөнцийн эгшиг хэмнэлийг сонсогчдодоо мэдрүүлэх тэр оройг тэсч ядан хүлээж, тун завгүй ажиллаж байна.
-Тоглолтдоо толилуулах бүтээлээсээ сонирхуулаач?
-Сүүлд гаргасан шинэ дуунууд болон дурсамж хөглөсөн бүтээлээ үзэгчдэдээ толилуулна. Арав гаруй жилийн хугацаанд чамгүй олон бүтээл гаргаж, хүмүүст хүргэжээ. Тиймээс сонсогчдынхоо дуртай дууг амьд хөгжимтэй дуулахаар бэлтгэж байна. Хөгжмийг “A-Sound” хамтлагийнхан тоглоно. Зарим дууны хөгжмийн найруулгыг шинэчилж, сайхан хөгжимтэй хийхээр бэлтгэж байна.
-Тоглолтод урилгаар уран бүтээлчид оролцох уу?
-Б.Хишигдалай, Н.Зоригт нарын үе тэнгийн нөхөд минь оролцоно. Бусдыг нь одоохондоо нууцалъя. Үзэгчдэдээ барих олон гэнэтийн бэлэг бий. Бусад мэдээллийг тухай бүрт нь зарлана.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан