Монголчуудын цээрлэх ёс жудаг


Миний бие 1990-ээд оны үед Буваа хэмээн авгайлдаг нэгэн өвгөнтэй танилцаж, сонин хачин зүйлийн талаар сонсдог байлаа. Өөрчлөн байгуулалт, ардчилал, зах зээл гэсэн үгийг ид ярьдаг байсан тэр он жилүүдэд Буваа өвгөнд шинэ төр нийгэм төдийлөн таалагддаггүй байсан бололтой.
-Одооны энэ залуус ирээдүйд яана даа гэж толгой сэгсэрнэ. Өвөө хүргэнийдээ амьдрах ба хоёр зээ охинтой. Тэдэндээ аяганд цайг нар зөв эргүүлэгтэй дүүргэж бай, охин хүүхэд хамжааргатай өссөн нь өлзийтэй шүү гэхчилэн зааж сургана. Өвгөний хэлсэн сургаалыг би бодож байгаад толгой холбон шүлэглэж үзэв.
Хатавчаар шагайдаггүй
Хайчин дээр гишгэдэггүй
Ханын нүдээр дөрөөлдөггүй
Хаалганы босго сандайлдаггүй
Өрхний оосор гэртээ бүү оруул
Үзүүрт мэсээ өөдөөс буу харуул
Өтгөс буурлын өмнүүр алхдаггүй
Өргөө гэрийн үүдээ алдалдаггүй
Эмтэрхий аяганд цай хийдэггүй
Эхнэр, нөхөр хоорондоо золгодоггүй,
Аргалын дөрвөлжөө түлшээр дүүргэж бай
Агтынхаа толгойд мод битгий далай
Тоонот гэрээ хойш нь харуулдаггүй
Тогоотой хоолонд хутга дүрдэггүй
Өрөөлийн өлмийд ул шүргэдэггүй
Өндөгтэй үүрэнд сүүдрээ тусгадаггүй
Шанаагаа тулбал уйд дарагдана
Салаавчилж суувал өрөнд баригдана...
Буваа өвөөгийн хэлсэн энэ мэт үг монголчуудын цээрлэх ёс жудаг. Цаанаа бас гүн гүнзгий учир утгатай. Наад зах нь ялтай хүн гутлын түрийгээ эргүүлж өмсдөг, нас барсан хүний "яс барих" үед малгайгаа буруу харуулж өмсдөг гээд одоогийн залуусын мэдэхгүй ёс жудаг, зан үйл өвөг дээдсээс уламжилж ирсэн нь жирийн хэрэг биш.
Буваа өвөөгийн эцэг Да хүрээнд амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, панз наймаа ч үсэргэчихдэг, мөрийтэй тоглоом ч тоглочихдог хүн байж. Тэрбээр эмэгтэй хүн хөлөө солбиулан ачиж суухыг ихэд зэвүүцдэг. Учир нь, Хүрээний зуушийн газар эмэгтэй хүн сандал дээр хоёр хөлөө өвдөг дээрээ солбиулан суугаад хуруундаа янжуур хавчуулан сорж байвал “Би биеэ үнэлэгч” гэсэн тэр үеийн дохио юмсанж.
Эцгээсээ сонссон энэ үгийг Буваа өвөө хоёр зээ охиндоо төдийгүй орсон гарсан эмэгтэйчүүдэд зааж, захина. Гэтэл цэнхэр дэлгэцээр зарим үед нэвтрүүлэгт оролцож байгаа эмэгтэй, тэр ч байтугай хөтлөгч бүсгүй хүртэл хөлөө ачиж суух тохиолдол хааяа үзэгдэнэ. Үүнийг харсан Буваа өвөө “Ийм ч муу ёрын юм байх гэж. Тэр мөртөө өргөө гэрийн хойморт шүү. /Айлууд зурагтаа хоймроо байрлуулдаг/ хэмээн уурлаж бухимдахдаа шууд л унтраачихна. Миний сэтгэлд “Тэдгээр бүсгүйчүүдийн буруу ч гэж юу байх вэ. Монгол ёс жудгаа л мэдэхгүйгээс ингэж суугаа биз” гэж бодогдовч өвөөгөөс эмээхдээ ам нээж үл чадна.
Өвөө нэг удаа надад “Чи юм бичдэг хүн байна. Энэ буруу суудлын тухай сонин хэвлэлд бичээч” гэж билээ. Он цаг түүнээс хойш олон удаа солигдсон боловч Буваа өвөөгийн хэлсэн үг үе үе бодогдсоор өдийг хүрчээ. Ялангуяа цэнхэр дэлгэцээр “Хөлөө солбиж суугаа эмэгтэй”-г харах бүр “Нээрэн ч бичдэг нь зөв юм уу” хэмээн эцэст нь энэхүү зүйлийг ямар ч нэмэлт тайлбаргүйгээр тэрлэсэн минь энэ.
Ш.СҮРЭНХОР
/МЗЭ-ийн шагналт захиолч, яруу найрагч/

  • Шинэ
  • Их уншсан