Монголын 81 суу билэгт бүтээн байгуулагчийг дэлгэцнээ мөнхөлнө


 “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгч П.Анужин “МонГал товчоон” нэртэй шинэ төслийнхөө нээлтийн ёслолыг IMAX кино театрт хийлээ. Уг төсөл нь Монголын энэ цагийн 81 суу билэгт бүтээн байгуулагчийг дэлгэцнээ мөнхлөх зорилготой аж. Тиймээс нэвтрүүлгийн анхны зочноор соёл, урлагийн салбарт өөрийн орон зайг бий болгосон Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарыг сонгон, анхны дугаар болох “Үзэгдэл” баримтат киногоо хийсэн байна. Энэ тухайгаа П.Анужин “Та бүхнийхээ оюуны мэлмийг мялаах нэгэн төслийг бүтээлээ. Энэ төслийг хийх санаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээ хийж байхад төрсөн. Бид оюун мандлын эриний залуус. Энд тэр эринийг эзэлсэн бүтээгчид ирсэн байна. Хүн хүнийхээ урмыг няцлах биш урмаар дэмнэн нэгнийхээ сайханд баясах хэрэгтэй. Тиймээс энэ эринийг өнгөлж буй 81 залуугийн тухай баримтат уран сайхны киног бүтээхээр сэтгэл шулуудсан юм” гэжээ. Уг төслийн хүрээнд хийсэн анхны бүтээл энэ долоо хоногт “Боловсрол” телевизээр гарна.
Б.Сийлэн
Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан