М.Уранцэцэг Азийн аваргын хос алтан медальтай боллоо


 Жүдогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгод боллоо. Манай бөхчүүд эхний өдрийн барилдаанд нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тэдгээрээс 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медаль хүртэж сонирхолтой барилдааныг харууллаа. Тэрбээр аваргын төлөө Казахстаны жүдоч Г.Отгонцэцэгтэй барилдаж торгуулиар ялснаар тивийн аваргын хос алтан медальтан болж буй юм. Өнгөрсөн оны Азийн аваргаар манай хоёр жүдоч шигшээд үлдэж, Г.Отгонцэцэг тивдээ түрүүлж, анхны алтан медалиа хүртсэн билээ. Тэмцээний 66 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн эхний тойрогт хийлж дараа нь Тажикстан, Ираны бөхийг ялж шөвгийн дөрөвт үлдсэн. Г.Хэрлэн мөнгөн медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга Ан Баулд дийлдсэн ч хүрлийн төлөө Киргизийн бөхийг вазари үнэлгээгээр буулгаж авсан. Азийн аваргын 73 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Г.Одбаяр мөн л эхний тойрогт хийлж Тайвань, Ираны бөхийг ялан шөвгийн дөрөвт үлдсэн юм. БНХАУ-ын Сайнжаргалыг вазари үнэлгээгээр ялж, БНСУ-ын Ан Чан Римд торгуулиар ялагдан мөнгөн медалийн тавцанд зогслоо. Мөн олон улсын хэмжээний мастер Б.Батгэрэл шөвгийн наймд үлдсэн ч БНСУ-ын Ан Чанримд, хүрлийн төлөө Японы Арата Цацукавад ялагдаж тавдугаар байрт оржээ. Тэмцээний 52 кг- ын жинд С.Лхагвасүрэн эхний тойрогт Хятадын бөхөд ялагдаж, Ч.Аззаяа Хонконг, БНАСАУ-ын бөхийг илүүрхсэнээр шөвгийн наймд үлдсэн. Тэрбээр үргэлжлүүлэн сайн барилдаж мөнгөн медаль хүртлээ. 57 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медалийн төлөө барилдаанд гэмтэж, улмаар хүрлийн төлөө хятад бөхтэй барилдах байсан ч дэвжээнд гарсангүй. Энэ жинд барилдсан М.Бундмаа гавьяат эхний даваанд Филиппиний тамирчныг ялсан ч япон бөхөд дийлдлээ. 63 кг-ын жинд барилдсан олон улсын хэмжээний мастер Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг нар хоёулаа медалийн тавцанд гарсан нь энэ тэмцээний нэгэн онцлог байлаа.
Б.СЭЛЭНГЭ
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан