Н.Моди Хятадын байр суурийг булааж авна гэв

(2017.05.29-11:29:48)


Азийн эдийн засгийн удирдагч гэгдэж буй Хятад улсын байр суурийг булаан авахаар Н.Модийн Засгийн газар төлөвлөж байна. Эдийн засгаа өсгөж, ирэх таван жилийн дотор улсаа хүчирхэг гүрэн болгохыг зорьж байгаагаа Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди мэдэгдлээ. Н.Моди засгийн эрхэнд гарснаас хойш яг гурван жилийн дараа буюу өнгөрсөн баасан гарагт улсынхаа зүүн хойд нутгийн Ассам мужийн иргэдэд хандан үг хэлэх үеэрээ ийм зорилт тавьснаа мэдэгдсэн байна. Татвараас зайлсхийж, хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэж байгааг зогсоохын тулд зарим мөнгөн дэвсгэртийг гүйлгээнээс хасах шийдвэрийг өнгөрсөн онд гаргаснаа Ерөнхий сайд ярьсан байна. Тэрбээр “Энэтхэгийг өөрчлөх итгэл найдвараа алдсан байсан. Гэхдээ манай Засгийн газрын хэрэгжүүлж буй авлигыг устгаж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ, тэдгээрийн дотор Энэтхэгийн хүн амын 70 орчим хувийг эзэлдэг тариаланчдын орлогыг нэмэгдүүлэх төлөвлөгөө үр дүнгээ өгч байна” гэжээ. Н.Модийн Засгийн газар 2022 он гэхэд “Их-7”-гийн бүлгийн гишүүн улс орнуудтай өрсөлдөхүйц “шинэ” Энэтхэгийг цогцлоох ажээ. Н.Моди Засгийн газрыг удирдаж эхэлснээс хойш Энэтхэгийн эдийн засаг долоон хувиар өсч, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой нэмэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан