В.Путин Ван Иг хүлээн авч уулзав


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Москвад албан ёсны айлчлал хийсэн Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй Кремльд уулзжээ. Энэ үеэр В.Путин Хятад улсын дарга Си Зиньпинийг ОХУ-д ойрын хугацаанд айлчлахыг хүссэн байна. В.Путин “Орос, Хятад бол стратегийн түншүүд. Хоёр талын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарыг хамарч эхэллээ. Манай улсын эдийн засаг сайжирч байна. Хоёр орны засгийн газрын салбар хоорондын хэлхээ холбоог эрчимжүүлж, бүтээлч хамтын ажиллагааны хөгжлийн хандлагыг бэхжүүлнэ. Орос, Хятад улс БРИКС, ШХАБ, “Их 20”-ийн бүлэг зэрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хамгаалах хэрэгтэй” гэж цохон тэмдэглэжээ. Ван И “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад урилгаар оролцон чуулга уулзалт амжилттай болоход чухал хувь нэмэр оруулсан билээ. Хятад, Оросын хөгжлийн стратеги уялдаа холбоотой байж, хамтын ажиллагааны хэтийн төлөв өргөжих болно. Хоёр тал худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, агаарын тээвэр, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хөдөө аж ахуй, инноваци, Алс Дорнодын бүсийг нээн хөгжүүлэх болно. Цаашид хоёр орны ашиг сонирхлын уялдаа холбоог гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хоёр орны стратегийн ашиг сонирхлыг хамгаалан олон улсын болон бүс нутгийн асуудлыг энхийн замаар зохицуулахыг дэмжих хэрэгтэй” гэжээ.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ҮНЭН СОНИН

  • Шинэ
  • Их уншсан