“Их-7” дэлхийн дулаарлын асуудлаар зөвшилцөлд хүрч чадсангүй

(2017.05.29-13:29:48)

М.ХҮСЛЭН

Аж үйлдвэржсэн долоон орны “Их-7”-гийн удирдагчдын чуулга уулзалт өнгөрсөн бямба гаригт Италид боллоо. “Их-7”-гийн бүлэгт  АНУ, Их Британи, Герман, Итали, Канад, Франц болон Япон улс ордог аж. Энэ удаагийн уулзалтаар “Их-7”-гийн удирдагчид дэлхийн дулааралтай тэмцэх асуудлаар зөвшилцөлд хүрч чадсангүй.

Уулзалтын төгсгөлд болсон хэвлэлийн хурлын үеэр АНУ дэлхийн дулааралтай тэмцэх асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэдгийг мэдэгджээ. Аж үйлдвэр өндөр хөгжсөн бусад зургаан улс дэл­хийн уур амьсгалын  өөрчлөлттэй тэмцэх тухай 2015 оны Парисын хэлэл­цээрийг дагаж мөрдөхөд бэлэн гэсэн байна.

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп “Твиттер” олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа дээрх асуудлаар баримтлах бодлогоо ирэх долоо хоногт шийдвэрлэнэ гэж бичжээ. Ийнхүү Парисын хэлэлцээрт АНУ үлдэх эсэхийг ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп шийдвэрлэнэ. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Парисын хэлэлцээрийг үр дүнгүй хэмээн шүүмжилж, гэрээнээс гарна хэмээн мэдэгдэж байв.

Парисын хэлэлцээр нь дэлхийн температурыг аж үйлдвэржилтийн үеэс өмнөх хэмжээнд хүргэж 2 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг тавьж, олон улс нэгдсэн дэлхийн хамгийн анхны уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баримт бичиг юм. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэлэлцээрийг 55 орон гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.

“Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын төгсгөлд “Терроризм болон Хэт даврагч бүлэг­лэлүүд­тэй тэмцэх тухай” мэдэгдэл гаргалаа. Тэд тер­роризм болон хэт дав­рагч бүлэглэлүүдтэй өн­дөр түвшинд тэм­цэхээ зарлаад байгаа юм. Мөн гадаадын хөлс­ний цэргүүдтэй тэм­цэх арга замыг хамт­ран боловсруулах тохи­рол­цоонд хүрчээ.

Дональд Трамп “Их-7”-гийн чуулга уулзалтад оролцсоны дараа анхны гадаад айлчлалаа дуусгаж эх орондоо иржээ. Түүний анхны гадаад айлчлал ес хоног үргэлжилсэн аж. Трамп Саудын Араб, Израиль, Палестин, Итали, Бельгид тус тус айлчлав. Тэрээр энэ удаагийн айлчлалаа “маш үр дүнтэй боллоо” хэмээн дүгнэсэн байна. Дональд Трамп “Уулзалтууд үр дүнтэй болж, АНУ-ын харилцаа холбоог сайжрууллаа. Америк НАТО-г бүрэн дэмжих болно” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Шинэ
  • Их уншсан