Б.Пүрэвдорж: Ипотекийн зээлийг 24 хувиар тооцож, нөхөн төлүүлэхээр ярьж байгаа

(2017.05.30-17:21:18)


УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Ардчилсан намын бүлэг өнөөдөр (өчигдөр) өргөтгөсөн хуралдаан хийж, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцлээ. Тухайн үед шийдвэр гаргаж, хөтөлбөр хэрэгжүүлж байсан хүмүүс энэ хуралдаанд оролцсон уу?


-Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад сайдаар ажилласан зарим хүмүүс, Монголбанкинд ажиллаж байсан хүмүүс бүлгийн хуралдаанд оролцож, мэргэжлийн түвшинд мэдээлэл өгсөн.

-Т.Аюурсайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, дөрвөн жилийн өмнө шийдвэр гаргаж ажиллаж байсан хүмүүсийн мэдээллээс ямар нэгдсэн дүгнэлтэд хүрэв?

-Монголбанкинд хийсэн Т.Аюурсайханаар ахлуулсан ажлын хэсгийн шалгалт нь Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж Ардчилсан намыг харлуулах зорилготой байжээ гэж дүгнэхэд хүргэж байгаа. Ингэж үзэх хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, шалгалт хийсэн ажлын хэсэг зөвхөн МАН-ын гишүүдээс бүрдсэн, мөн сонирхолын зөрчилтэй хүмүүс орж ажилласан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд эдийн засагч биш, дээр нь банкинд валютын нэлээн их хэмжээний хугацаа хэтэрсэн зээлийн өртэй тухай яригддаг. Б.Ундармаа гишүүний хувийн банк Монголбанкны бодлогын хүрээнд олон зуун тэрбум төгрөгийн дэмжлэгийг авсан байдаг. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нь их зөрчилтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга байхдаа энэ асуудлыг шалгаж, шийдэх эрхтэй байсан хүн.

Ийм бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг төв банкинд очоод дөрвөн жилийн мөнгөний бодлогын ажлыг нь шалгаад дүгнэлт гаргачихаж байгаа нь үнэхээр хачирхалтай. Аудит бүтэн арван сар шалгалт хийгээд дүгнэлтээ гаргаж амжаагүй байхад мэргэжлийн бус хүмүүс дөрөвхөн сарын дотор ажиллаад дүгнэлт гаргасан. Дүгнэлт нь мэргэжлийн гэхээсээ улстөржсөн дүгнэлт болон харагдаж байгаа.

Мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-т хамрагдсан хэд, хэдэн компанийг, түүний дотор “Монполимет”-ын нэрийг шалгалтын дүнгийн жагсаалтаас хассан байж магадгүй мэдээлэл байна. Тэгэхээр дүгнэлт 100 хувь засваргүй гарч чадсан уу, мэргэжлийн төвшинд гарсан уу гээд эргэлзээтэй зүйлүүд олон бий.

-Ажлын хэсэг “Төв банк 2012-2016 оны хооронд гурван их наядын алдагдал хүлээжээ” гэж дүгнэсэн. Энэ алдагдлыг та хүлээн зөвшөөрч байгаа юу?

-Ийм ашиг сонирхолын зөрчилтэй гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нөгөөтэйгүүр, Монголбанкны тайлан тэнцлийг харахаар мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан зардлыг нь ажлын хэсгийн гишүүд алдагдал болгож тайлбарлаад байгаа. Бодоод үз дээ, яаж ийм дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх юм бэ?.

Тодорхой тайлбарлая, Монголбанк 2012-2015 онд инфляцийг бууруулах, валютын ханшийг тогтворжуулах, гадагшаа урсаж байгаа валютын их урсгалыг сааруулах зорилгоор хэд, хэдэн дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн.

Нэгдүгээрх нь, шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөр байсан. Бараа, бүтээгдэхүүний үнийг өрдөгч бензин, шатахууны үнийг тогтвортой байлгаж, иргэдэд ирэх ачааллыг бууруулах зорилгоор компаниудад валютын ханшийн эрсдлийг нь хаах нөхцөлтэй зээл олгосон байгаа юм. Үүнд 200 орчим тэрбум төгрөгийн бодлогын зардал гаргасан.

Энэ зээлийн 98 хувь нь бүрэн төлөгдсөн өндөр үзүүлэлттэй байгаа.

Монгол Улс жилдээ 1.2 сая тонн нефть импортолдог. Тухайн үедээ Ардчилсан нам нефтийн бүтээгдэхүүний үнийг литр тутамд нь 400 орчим төгрөгөөр буулгаж чадсан. Ингэснээр ард түмний халааснаас жилдээ 480 тэрбум төгрөг гарах байсныг хэмнэж чадсан. Нефтийн үнийг тогтворжуулах хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжсэн. Өөрөөр хэлбэл, 200 гаруй тэрбум төгрөгийн зардал гаргаж 1.5 их наяд төгрөгийг ард түмний халааснаас гарах байсныг хэмнэж чадсан гэсэн үг. Энэ бол төв банк зөв бодлого хэрэгжүүлсний үр дүн юм.

Төв банкнаас хэрэгжүүлсэн хоёр дахь хөтөлбөр нь ипотекийн зээл. Энэ хугацаанд Монголбанк 3.5 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зориулж гаргасан. Жилийн хүү нь 8 хувь. Гэтэл ажлын хэсэг ипотекийн зээлийн зардлыг алдагдал болгон тайлбарлаж, зах зээлийн дундаж хүү буюу жилийн 24 хувиар тооцож, нөхөн төлүүлэх тухай ярьж байгаа. Хэрэв ингэх юм бол ипотекийн зээлд сардаа 400 мянган төгрөгийг төлдөг айл ажлын хэсгийнхний хэлж байгаагаар бол 900 мянган төгрөг төлөх шаардлагатай болж, 500 мянган төгрөгөөр өснө. Гурван жилийн өмнө ипотекийн зээл авсан хүн 18 сая төгрөгийн зээлийн хүү нэмж төлөх болж байгаа юм.

Жилдээ 5 сая төгрөгийг ипотекийн зээлд төлдөг байсан бол нэмж 6 сая төгрөг төлнө.

Монгол Улсын 88 мянган айл өрх өнөөдөр байртай болсон нь цэвэр ипотекийн зээлийн үр дүн. Гэтэл зардлыг нь алдагдал гэж тайлбарлаж, эргүүлэн төлүүлэх тухай ярьж байгаа нь байж боломгүй зүйл.

“Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн зээлийг шатахуун, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс гадна барилгын салбарт олгосон. Барилгын салбарт 389 тэрбумын зээл олгож, эргэн төлөлт хийгдсэн үлдэгдэл нь 15 тэрбум төгрөг байна. Энэ жилдээ төлөгдөөд дуусах хуваарьтай. Өөрөөр хэлбэл, барилгын салбарт хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд арматур, цементийн үнэ тогтвортой байж тэр хэрээр Эрээн хот руу урсдаг байсан валютын урсгалыг зогсоож чадсан. Барилгын түүхий эдийн 70 хувийг Эрээнээс авдаг байсан бол одоо 30 хувийг импортоор авч байна. Энэ зөрүүнээс 1 тэрбум ам.долларыг Монголдоо хэмнэж авч үлдсэн. Харамсалтай нь, ажлын хэсэг бодит энэ мэт үр дүнг ярихгүй байгаа. Зорилго нь тодорхой, сонгуулиар Ардчилсан намыг муухай харагдуулах гэж тэр шүү дээ.

-Гэхдээ своп, форвард хэлцэл, мөн интервенц хийх нэрээр асар их валютыг үргүй зарцуулсан гэдэг асуудлыг хөндөж тавиад байна?

-Монголбанкны үндсэн үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах юм. Энэний төлөө Монголбанкны ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлдэг. Тодорхой хэмжээгээр интервенц хийж байж, валютын захын тогтвортой байдлыг хангадаг.

Ардын нам 17 хувийн өсөлттэй эдийн засаг хүлээлгэж өгсөн гэж ярьдаг. Тэр үед инфляци 15 хувьтай байсан. 17 хувийн өсөлтийг 15 хувийн инфляци идчихээр өсөлт нь 2 хувьтай л гардаг.

Харин Ардчилсан нам инфляцийг 1 хувь руу буулгаж чадсан. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгах, инфляийг нам тогтвортой байлгах бодлогыг төв банк бүрэн утгаар нь хэрэгжүүлж чадсан. Үр дүнд нь валютын ханшийг 1900 төгрөгт барьж чадсан.

МАН Засгийн эрхийг авснаас хойш төв банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан найман сарын дотор 800 сая орчим ам.доллараар интервенц хийсээр байхад долларын ханш 2500 төгрөгт хүрсэн.

Ажлын хэсгийнхний дүгнэлтээр бол төв банкны одоогийн удирдлагыг 800 орчим сая ам.долларыг үргүй зарцуулсан, алдагдал үйлдвэрлэсэн болж буруутгах нь л дээ. Ингэж муйхарлавал Төв банкны бие даасан хараат бус үйл ажиллагаанд халдсан хэрэг л болно.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлээс 360 орчим тэрбум нь зориулалт бусаар зарцуулагджээ гэсэн мэдээллийг ажлын хэсэг өгсөн. Энэнд анализ хийж үзсэн үү?

-Зарим нэг компаниуд зээлээ зориулалт бусаар ашигласан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ л дийлэнх зээл нь валютын ханшаас үүссэн алдагдлыг бууруулах, ард түмний халаасан дахь мөнгийг хэмнэх зэрэг сайн үйлсэд зориулагдсан.

-Та Т.Аюурсайхан гишүүнийг ашиг сонирхолын асар их зөрчилтэй гэсэн зүйлийг ярианы эхэнд дурдсан. Энэ тухай тодруулбал?

-Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ажлаа аваад удаагүй, юу ч хийж амжаагүй байхад Т.Аюурсайхан улс төр хийж дайрч байсан.

Төв банкны өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлыг хууль бус, зөрчилтэй байсан гэсэн дүгнэлт оруулж ирж, хэлэлцүүлж байгаа нь одоогийн төв банкны ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг удахгүй оруулж ирэхийн дохио болов уу. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгуулиар албан тушаалын хөдөлгөөн орох үед энэ дүгнэлтийг улс төрийн хэрэгсэл болгон ашиглах гэж байна гэж би харж, хардаж байна.

  • Шинэ
  • Их уншсан