Д.Оюунхорол: УИХ-аас Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан учраас Монгол Улсын бодлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй

(2017.06.05-14:11:17)


Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан ярилцлаа.

-Өнөөдөр дэлхийн байгаль хамгаалах өдөр мөн танай яамны нээлттэй хаалганы өдөрлөг тохиож байна. Энэ өдрийн онцлогын талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

-НҮБ-ын Ерөнхий чуулганаас 1972 онд жил бүрийн зургаадугаар сарын 5-ны өдрийг “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан байдаг. Энэ дагуу манай улс дэлхийн байгаль хамгаалах өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жилийнДэлхийн байгаль хамгаалах өдрийг НҮБ-аас “Хүн байгалийн хүйн холбоо” уриан доор тэмдэглэн өнгөрүүлэхээр зарласан. Энэ хүрээнд манай яамны зүгээс хүн байгалийн хооронд үгүй болж буй шүтэн барилдлагыг сэргээхийн тулд олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Тухайлбал, иргэдийн оролцоон дээр суурилсан байгаль хамгаалах системийг нэвтрүүллээ. Эх болсон байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах сэтгэхүйг бага балчир насанд нь суулгах үүднээс Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт нэмэлт чиглэл оруулахаар ажиллаж байгаа зэргээс эхлээд иргэдэд экологийн боловсрол олгох соён гэгээрүүлэх ажилд багагүй анхаарал хандуулж байна. Нөгөөтэйгүүр, энэ онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байгаа энэ цаг үед салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг дэлхийн байгаль хамгаалах өдөр зохион байгуулж буйгаараа энэ жилийн хувьд нэлээд онцлогтой.

-Салбар яамд нээлттэй хаалганы өдөрлөгөөрөө өөрсдийн өвөрмөц онцлог бүхий хэв шинжийг хадгалсан байна билээ. Танай яамны хувьд?

-БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгт ЦУОШГ болон Улаанбаатар хотод байрлах яамны харъяа Хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, төрийн өмчит үйлдвэрийн газрууд, Нийслэлийн Байгаль орчны газар, Аялал жуулчлалын газар, Агаарын бохирдлыг бууруулах газар болон манай салбарт хэрэгжиж буй олон улсын төсөл, хөтөлбөрийн газрын төлөөлөл, салбарын мэргэжлийн холбоод, ТББ, ААН-үүд, Их, дээд сургуулийн төлөөлөл, Эко сургуулийн сурагчид оролцох юм. Өдөрлөгт оролцож буй холбогдох байгууллагууд агаар, орчны бохирдлыг бууруулах талаар зохион байгуулж буй арга хэмжээ, орчны бохирдлыг хэмжих суурин болон явуулын лаборатори, бохирдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх технологийн талаар төсөл, хөтөлбөрийн газрууд маань дэлгэрэнгүй танилцуулна. Европын холбооны улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамдтай хамтран Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хийсэн дэлгэцийн бүтээлүүдээр Кино фестивалыг өнөөдрөөс эхлэн 3 хоногийн хугацаатай “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-д нээж байна. Үүнээс гадна Аялал жуулчлалын улирлын нээлтийг Соёлийн төв өргөөнд нээлттэй хаалганы өдөрлөгийн төгсгөл байдлаар хийхээр төлөвлөсөн.

-НҮБ-аас дэлхийн байгаль хамгаалах энэ жилийн өдрийг  “Хүн байгалийн хүйн холбоо” уриан дор тэмдэглэх шийдвэрийг гаргасан гэлээ. Энэ хүрээнд Монгол Улс олон ажил хийж байгаа аж. Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч Д. Трамп   Уур амьсгалын  өөрчлөлтийн Парисын хэлэлцээрээс гарнагэдгээалбан ёсоор мэдэглээ. Ингэснээр, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхий хэмжээний  хүчин чармайлтад ямар өөрчлөлт гарах бол?

-Парисын хэлэлцээр бол бүрэн хэмжээний хуулийн хүчинтэй баримт бичиг хараахан биш   бөгөөд улс орнууд сайн дураараа амлалт авч түүнийгээ  шат дараалан   нэмж өргөтгөх бололцоотой.   АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обама   АНУ   2025  онд  2005  онтой  харьцуулахад  Хүлэмжийн хийн ялгарлыг 26 хувиар бууруулна гэж амласан.   Д.Трамп үүнийг дэндүү  үнэтэй арга хэмжээ гэж  нэрлэж байгаа боловч  шинжээчдийн үзэж байгаагаар бол  АНУ энэ  зорилтыг   эдийн засагт төдий л их дарамтгүйгээр    шийдэх  бололцоотой.   Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээ  эдийн засгийн болон бусад хөшүүргээр дамжин аль хэдийнээ эхэлсэн учир Трампын  эсрэг шийдвэр нэгэнт эхэлсэн  үйл ажиллагааг зогсоож чадахгүй  гэсэн саналтай хүмүүс олон байна.

-АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын шийдвэр АНУ-ын олон нийтийн дэмжлэгийг хэр авч байгаа вэ?

-АНУ-ын өөрийнх нь гол хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллээс үзвэл Америкийн иргэдийн бараг 70 гаруй хувь нь Парисын хэлэлцээрийг дэмжиж байсан.  Түүнчлэн Америкийн бизнес эрхэлдэг томоохон 1000 гаруй аж ахуйн нэгж уг хэлэлцээрийг дэмжиж байгаа.АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Рекс  Тиллерсон  “Уур амьсгал өөрчлөгдөж байгаа нь гарцаагүй бөгөөд бид ямар нэг юм хийх ёстой, харин цаашид яаж өөрчлөгдөх талаар  мэдэх боломж бага юм” гэж  хэлсэн нь Парисын хэлэлцээрээс гарахыг дэмжихгүй  байсных нь нэг илрэл биз ээ. Б.Обамагийн үед  баталсан  “Цэвэр эрчим хүчний  төлөвлөгөө”-г  эргэж   задлах,  байгаль орчны   өнөө хэр мөрдөж байгаа  хууль тогтоомжуудыг  өөрчилж,   бизнест “ээлтэй”  болгох гэсэн  Д.Трампын санаа бодлыг  АНУ-ын нэрт эрдэмтэд,  улстөрчид дэмжихгүй  гэдгээ илэрхийлж байна. Түүгээр ч барахгүй эрчим хүчний салбар болон бусад  холбоотой салбарт бизнес эрхэлдэг  хэд  хэдэн томоохон   хувийн аж ахуйн нэгжийн удирдлага  Д.Трампын энэ үйлдлийг буруушааж байна.   Ерөнхийлөгчийн бизнесийн зөвлөлд ордог Америкийн эдийн засгийн бодлогод нөлөө бүхий тэрбумтнууд Бизнесийн зөвлөлийн гишүүнчлэлээс татгалзсан байна. Ийм учраас АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр дотоодоосоо тийм ч их дэмжлэг авсан шийдвэр биш юм  гэж ойлгогдохоор  байна.  Энэ шийдвэр  гарсны дараа  Вашингтон, Нью-Уорк, Калифорни гэсэн  либерал мужуудын  Захирагч нар “АНУ-ын Уур амьсгалын холбоо” байгуулж Парисын хэлэлцээхийн хүрээнд  туссан  хүлэмжийн хийг бууруулах хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ хэмээн зарлалаа шүү дээ.

-Олон улсын хэмжээнд энэ шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна гэж та бодож байна?

-Саяхан  Итали улсад болсон  “Их-7”-ын  уулзалт дээр АНУ-аас бусад 6 улсын төрийн тэргүүн Парисын хэлэлцээрийг дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Парисын хэлэлцээрээс  АНУ   гарах  шийдвэрт  Д.Трамп гарын үсэг зурсны  дараа    дэлхий нийтээр    Д.Трампын энэ алхамд   нэн их шүүмжлэлтэй хандаж  уг  хэлэлцээрээс гарсан Сири, Никарагуа  дээр  АНУ  нэмэгдэж буйг  онцлон тэмдэглэж  байна. Энэ нь АНУ –ын байр суурийг олон улсын тавцанд бэхжүүлэх биш ганхуулж,  өрсөлдөж буй бусад улс орон  өөрсдийн   тэргүүлэх байр сууриа бэхжүүлэх болно  гэж цөөнгүй тоймчид тэмдэглэж байна. Вашингтон хотноо байрладаг  Дэлхийн нөөцийн хүрээлэнгийн захирал  А. Стийр    Трампын шийдвэртэй холбогдуулан гаргасан мэдэгдэлдээ  “Энэ бол  эх дэлхий,  нийт хүн төрөлхтний  сайн сайхныг үл ойшоосон  маш том алдаа.  АНУ нь   Сири, Никарагуа   гэсэн хоёр улсын хамт   уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг  шийдвэртэй  тэмцэж буй  дэлхийн  194  улсын эсрэг зогслоо. Ингэснээр   АНУ нь  дипломат  агуулгаар  дэлхийн 200 гаруй  улс үндэстэнтэй  зөрчилдөж байна. Үүний дээр Америкийн  биснес эрхлэгчид  21 дүгээр зууны  эдийн засгийн  шинэ нөхцөл байдалд  зохицох  боломжийг хааж,    тэднийг хойш ухраан  бага нүүрстөрөгч бүхий ирээдүйн   бизнес дагасан  их боломж, олон тооны ажлын байр алдаж байна. Парисын хэлэлцээр нь  АНУ-ын  үе үеийн  засаг захиргаа дамжиж   нарийвчлан боловсруулсан  бичиг баримт  бөгөөд түүнийг дахин  хэлэлцэх гэсэн  Д.Трампын  санал  бодит  нөхцөл байдалд   огт нийцэхгүй,   ерөнхийлөгч болсноос хойш байгаль орчин, уур амьсгалын талаар  түүний баримталж  буй байр суур нь  Парсын хэлэлцээрийг    дахин авч үзсэн ч сайн үр дүнд хүрнэ гэсэн итгэл төрүүлэхгүй байна.” гэж  тэмдэглэсэн байна билээ. Франц, ХБНГУ, Итали  улс  хамтарсан мэдэгдэл гаргаж  Парисын хэлэлцээрийг дахин  хэлэлцэхийн эсрэг байр суурь илэрхийлсэн байна.

-АНУ Парисын хэлэлцээрээс гарах шийдвэр нь Монгол улсаас уур амьсгалын талаар явуулж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээнд нөлөөлөх үү?

-Монгол Улсын их хурлаас Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан учраас энэ хэлэлцээрийн талаар Монгол Улсын бодлогод ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Энэ хэлэлцээрийг дахин авч үзэх талаар гаргаж буй АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын саналыг дэлхийн улс орнууд дэмжихгүй байна.

-Монгол Улсын хувьд  энэ шийдвэрээс хамаарч ямар нэгэн бэрхшээл үүсэх үү?

-Монгол Улсын хувьд  энэ  шийдвэрээс шалтгаалж  онцгой хүндрэл үүсэх  шалтгаан бага  гэж одоогоор хэлж болно.  Киотогийн протокол, Парисын хэлэлэцээрийн  хүрээнд үүсэн бий болсон олон улсын болон хоёр талын хамтын  ажиллагааны  механизм үйлчилсэн хэвээр байх  учир  өнөө болтол  хийж байгаа яриа хэлэлцээр, эхэлсэн  болон  явж байгаа ажил, төсөл хөтөлбөрүүд   зогсохгүй үргэлжлэнэ  гэдэгт итгэлтэй байж болно.

-Өнгөрсөн баасан гарагт та аймгийн Засаг дарга нартай цахимаар холбогдож үүрэг даалгавар өгсөн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулна уу?

-Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсныг тохиолдуулан “Цэвэр сайхан орчин” сарын аяныг манай яамны зүгээс зарлаж байгаа юм. Энэ хуулийг ард түмэнд сайтар сурталчилж, цаг алдалгүй хэрэгжилтийг зохион байгуулж эхлүүлэх шаардлагатай байгаа тул аймаг, дүүрэг, сумдын дунд дээрх аяныг зарлаж байгаа бөгөөд идэвхижүүлэх үүднээс тодорхой хэмжээний шагналын сан бий болгосон. Үүнээс гадна хог хаягдлын тухай хуулийн онцлогийг иргэдэд ухуулан таниулах үүднээс хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд богино хэмжээний шторкны уралдааныг ч энэ аяны хүрээнд зарлаад байгаа. Хог хаягдлыг зориулалтын бус газар хаяснаас их хэмжээний талбай бохирдож, түүнийг цэвэрлэхэд улсын төсвөөс олон сая төгрөг зарцуулж байна. 2015 оны байдлаар зориулалтын бус 415 цэгт хуримтлагдсан 104.7мянган тн хог хаягдлыг зөөж тээвэрлэн, 34.7мянган га талбайг цэвэрлэсэн байдаг. Мөн улсын хэмжээнд аюултай хог хаягдал устгах, хадгалах байгууламж байхгүйгээс үүсcэн аюултай хог хаягдлыг ахуйн хог хаягдалтай хамт хогийн цэгт хаяж, зориулалтын бус газарт хадгалж, зарим хэсэг нь хөрс, усанд шууд шингэж байна. Эдгээр нөхцөл байдал нь хог хаягдлын асуудалд онцгой анхаарал хандуулж, бүх түвшинд хамтран ажиллах шаардлагыг бий болгож байгаа юм. Иймд хог хаягдлын асуудалд төв, орон нутгийн төрийн захиргааны бүх түвшний  байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн анхаарлыг хандуулж, улс даяар нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй гэж үзсэн.

-Хог хаягдлын тухай хуулийг 2016 онд баталсан ч дахин шинэчлэн батлууллаа. Энэ хууль өмнөх хуулиасаа ямар онцлогтой вэ?

-“Монгол Улсын тогтвортой  хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилтыг тавьсан. Би дээр улсын хэмжээнд жилд хэдэн мянган тонн хог хаягдал зориулалтын бус цэгт хаягдсанаас болж улсын төсвөөс их хэмжээний мөнгө зарлагадан цэвэрлэж байгааг хэлсэн. Гэтэл нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой байгаа ч цуглуулж, дахин боловсруулж, экспортлож байгаа хог хаягдлын хэмжээ 1 хувьд ч хүрэхгүй байгаа. Хог хаягдлын тухай өмнөх хуульд хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих, эдийн засгийн хөшүүрэг, урамшуулал олгох харилцааг тодорхой зохицуулаагүй, хог хаягдалтай холбоотой үйл ажиллагаанд тавигдах шаардлага тодорхой бус, аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулалт хангалтгүй, иргэдэд хог хаягдлын боловсрол олгох талаар огт тусгагдаагүй, хууль тогтоомж зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх харицлага сул, зөрчлийг илрүүлсэн иргэнийг урамшуулах зохицуулалт байхгүй зэрэг дутагдалтай талууд байсан. Бидний хувьд олон улсын түвшинд хог хаягдлын цогц менежментийг бий болгон, дахин боловсруулах,ашиглах, эрчим хүч үйлдвэрлэх замаар хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, байгалийн нөөц, баялгийг хэмнэх, эцсийн устгах хог хаягдлын хэмжээг бууруулах бодлогыг барьж байна. Тиймээс тогтвортой хөгжлийн болон ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж, олон улсад тавигддаг шаардлагатай нийцүүлэн хуулийн шинэчилсэн найруулгыг батлуулсан. Хуульд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд  тавигдах шаарлагыг нарийвчлан тусгасан. Иргэдэд хог хаягдлын боловсрол олгох, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг урамшууллаар дэмжих зохицуулалтыг бий болгосноор хог хаягдлыг ангилж ялгах үйл ажиллагаа сайжирч, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл эрхлэх сонирхол нэмэгдэн, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрүүд бий болно гэж үзэж байна.

-Аюултай хог хаягдлын асуудлыг хэрхэн зохицуулахаар тусгасан бэ?

-Аюултай хог хаягдлын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Хог хаягдлын тухай хуулинд  шинэ бүлэг нэмж оруулсан. Ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоог бий болгож байна. Мөн аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг байгуулах зорилгоор 3 байршлын 37.5 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг боловсруулсан бөгөөд Засгийн газарт өргөн барьж, ойрын хугацаанд хэлэлцүүлэхээр төлөвлөөд байна.

-Богд уулын аманд 42 га газар эзэмших эрх бvхий "Энигма" компанийн 3 га газрын зөвшөөрлийг цуцалж, аялагчдад зориулсан авто зогсоол барих шийдвэрийг та гаргасан ч нэлээд эсэргүүцэлтэй тулгарсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Засгийн газраас тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг 4 газарт аялагчдад зориулсан авто зогсоол барих шийдвэр гаргасан. Энэ хурээнд Зайсангаас Баруун ширээт хуртэлх аялалын маршрутын эхэнд авто зогсоол барихаар болж, манай яаманд газар чөлөөлөх асуудлыг хариуцуулж, нийслэлийн Засаг даргад хөрөнгө шийдэх ажлыг хариуцуулсан. Улмаар нийтийн эрх ашгийг нэгдугээрт тавьж, дээрх компанийн ашиглах эрх бүхий газраас 3 га-г цуцласан. Цаашид нийтийн эрх ашгийг хамгаалсан асуудал дээр анхаарч ажиллах болно.

  • Шинэ
  • Их уншсан