Р.Эмүжин: Алимны мод ялзрахад бялдуучид дараагийн модыг өт хорхой мэт бүчнэ

(2017.06.14-21:50:15)

Ялалтын талбайн урдуур гарч явтал хөтлөгч залуу "Нэр дэвшигч М.Энхболдыг угтан авахаар дэмжигчид нь цуглаад байна.." хэмээн уянгалах нь сонор дэлдэв. Өнгөрсөн зууны голдуу алдар цуутнуудын цол гуншинг дуудсаны дараа нэр дэвшигч СЕХ-ноос гараад ирэв бололтой. Ердөө л хормын өмнө " Нэр дэвшигч" хэмээн даруухан цоллож байсан хүнээ энэ удаа хөтлөгч "Дараагийн Ерөнхийлөгч М.Энхболд" гэж цаг хугацааг алгасуулан цангинуулдаг байгаа. Маргааш гэхэд "Ерөнхийлөгч М.Энхболд..." харин хэдэн өдрийн дараа " Ноён Ерөнхийлөгч, хаантан М.Энхболд" хэмээн хөөрхий нэр дэвшигчийг хайр найргүй тэнгэр өөд шидэхэд бэлэн байх шиг. Ялалтын талбайгаас Сүхбаатарын талбайг зорин хөдөлсөн М.Энхболдын цуваа цагдаагийн машинаар ахлуулан дүрэм зөрчиж, хэдхэн метр давхиад хүрэх тойргоос наагуур, урсгал сөрөн давхиж одов. Уг нь зам дээр бид бүгд адилхан л жолооч, зорчигч. Тойрон хүрээлэгчид, бялдуучлагчид нь МАН-ын даргыг өмчлөн авч, өрөвдөх сэтгэлгүйгээр эвдэж буйг нүдээр үзэж, чихээр сонссон маань энэ. Удаахан нь АН-ын дэмжигч гишүүд талбайг дүүргэв. Хүчтэй баг. Гэвч Х.Баттулга олон жилийн туршид өөрийг нь даган ханарч буй тойрон хүрээлэгчдийнхээ босгосон асар зузаан ханыг нэвтлэн ард түмэндээ ойрттол хол ажээ. Түүнийг бодит байдлаас таслан өмчилсөн дагуулуудынхаа хувьд энэ хүн амттай зоог, анд нөхөр, эсвэл АТМ-ын алиных нь үүргийг гүйцэтгэдгийг ойлгоход хэцүү. Юутай ч талбай дээр цугласан хүмүүсийн бараг тал нь түүний тойрон хүрээлэгчид гэдгийг өөрөө ойлгоход хугацаа хэрэгтэй бололтой. Харин гурав дахь нэр дэвшигч С.Ганбаатар маань одоо л "Энэ нөхөр ялчихвал надад ашигаа өгнө" хэмээн бодож байгаа тойрон хүрээлэгчдийн нягт хүрээлэлтэй нүүр тулж буй. Ингээд бодохоор өндөр суудал горилж буй нэр дэвшигч гэдэг бол ашиг шимийг нь хүртэхийн тулд тарьж ургуулдаг алимны мод аж.

Алимны мод зөвхөн тойрон хүрээлэгч, бялдуучдад ашиг тусаа өгөх ёстой. Үүний тулд тэд магтаал хэмээх бордоог хэтрүүлэн хэрэглэдэг. Харин ард түмэн бол алимны модны үнэр төдийг л хүртэх эрхтэй, үр жимс горьдсон шувууд...ийм бодол төрөв. Хөөрхий алимны мод ялзрахад бялдууч тойрон хүрээлэгчид дараагийн модыг өт хорхой мэт бүчин авч, орчлон ертөнцөөс тасалж байгаад шим шүүсийг нь хайр найргүй сорно....

Яруу найрагч Р.Эмүжин

 

  • Шинэ
  • Их уншсан