“Эмнэлэгт дусал залгуулах гэж очоод амиа алдсан” гэв үү

(2017.06.22-17:11:33)

Нэгэн иргэн эмнэлэгт дусал залгуулахаар очсон биш амь насаа алдсан талаар өчигдөр undesten.mn сайтад мэдээлжээ. Тэрхүү мэдээлэлд дурдсанаар, борооны дараах мөөг шиг олширсон хувийн эмнэлгүүдэд тавих  мэргэжлийн байгууллагууд хяналтаа сайжруулах шаардлагатай болжээ.  Сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Гадаадын  шилдэг эмч нараас бүрдсэн, сайн эмнэлэг” гэж рекламдсан байдаг ч сурталчилж байгаа шигээ байдаггүй нь харамсалтай. Монгол, БНСУ, Тайвань улсын хамтарсан ДЭМА гэх эмнэлэгт дуслын шингэн хийлгэхээр очсон  иргэн Л эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдлын улмаас амь насаа алдсан аж. Иргэн Л  охиныхоо хамтаар Нарны гүүрний баруун талд “Алтай” хотхоны хойно байрлах "ДЭМА-Араат уул" эмнэлэг дээр өчигдөр 13:00 цагт дуслын  шингэн хийлгэхээр очоод 13:10 цагт  харамсалтайгаар амиа алджээ.  “Иргэн Л  нь элдэв өвчин хуучгүй, эрүүл саруул, тус эмнэлэг дээр өөрөө явж очсон ч  дуслын шингэн хийж чаддаггүй тус эмнэлгийн чадваргүй эмч нарын хариуцлагагүй байдлаас болж амиа алдсан” гэж эх сурвалжууд хэвлэлийнхэнд хэлжээ. Тодруулбал, хохирогч Л-ийн ар гэрийнхний ярьж байгаагаар, дуслын шингэн хийсэн эмч О гэгч  эмчилгээнд хайхрамжгүй хандсанаас болсон гэж үзсэн байна. Ямартай ч шилдэг, мундаг гэж өөрсдийгөө  сурталчилдаг ДЭМА эмнэлэгтэй холбоотой ийм таагүй мэдээлэл байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, хохирогчийг нас барсны дараа хариуцлага хүлээх хүн тус эмнэлгийнхнээс олдохгүй байгаа гэнэ. Хэрэг явдлын талаар “ДЭМА-Араат уул” эмнэлгийнхнээс тодруулах гэсэн боловч 76063500 дугаар нь холбогдох боломжгүй байлаа. Ямартай ч энэ асуудлыг ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан анхааралдаа авч зохих арга хэмжээг авах нь зүйтэй болов уу.

 

  • Шинэ
  • Их уншсан