Германчууд илчлээгүй бол төмөр замын хэргийг дараад үлдэх байжээ

(2017.06.22-17:59:57)

   Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд намын нөхрөө Ерөнхийлөгч болно гэж итгэсэн яллагдагч нар шүүх хурлаа элдэв янзын шалтгаанаар хойшлуулж байна. Хэдхэн хоногийн өмнө АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын ойрын хүн А.Гансүх шүүх хурлаа гурван өмгөөлөгчөөсөө татгалзаж хойшлуулсан бол, МАХН-аас Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба мөн л өмгөөлөгчөөсөө татгалзаж, шүүх хурлаа хойшлуулав. Шүүгч томилдог эрх мэдэлтэй Ерөнхийлөгчийн сонгуульд намын нөхөр нь ялчихвал Монголын шүүхийг яаж ч аргалж болно гэж үзсэн бололтой. Ямартай ч тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болохоор шүүх хурлаа хойшлуулж чадлаа.

Ардчилсан намынхан Өршөөлийн хуульд Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэх гэмт хэргийг хамруулж чадсан. Ингээд өршөөлийн хуулиар Г.Дэнзэнгээс авахуулаад төсөл, хөтөлбөрүүдээр төрийн мөнгийг идсэн нөхөд ял зэмээсээ мултарч байна. Энэ зүйл ангиар зүйлчлэгдсэн нэгэн томоохон хэрэг бол “Шинэ төмөр зам”-ын төсөл гэж нэрлэгддэг Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын луйвар юм. Нэгэнт хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс хэргээс мултрахын тулд элдвээр шалтаглаж байгаа тул энэ асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч бүү мартагдаасай гэсэндээ мэдээлэл цуглуулан хүргэж байна.

Сү.Батболдыг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед буюу 2012 онд Засгийн газрын 165 дугаар тогтоолоор Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд төмөр зам барих ажлын тендерт Энержи ресурс компани шалгарч, Тавантолгойн нүүрсийг гадаадад гаргах ажил нэг алхам урагшлав. Тэд судалгаа, зураг төслөө гаргаж, газар шорооны ажлаа эхлүүлж багагүй зүйл хийжээ. 2012 онд УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам олуулаа болж, Засгийн газраа Н.Алтанхуягаар удирдуулсан. АН-ын Засгийн газар энэ үеэс л төмөр замын ажлыг гацааж өнөөдрийг хүртэл том оврын автомашинаар хэдэн арван км үргэлжилсэн цуваа явуулахаас өөр аргагүй нөхцөл байдлыг үүсгэсэн. 2013 онд Н.Алтанхуягийн гарын үсэгтэй Засгийн газрын 65 дугаар тогтоол гаргав. Тогтоолоор Сангийн яам, Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг томилж, Зам тээврийн яамны газрын дарга Ё.Манлайбаатараар ахлуулсан байна. Өөр нэгэн тогтоолоор “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийг байгуулав. Шинэчлэлийн Засгийн газраас томилогдсон найман хүнтэй ажлын хэсгийн зорилго нь Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг Энержи ресурс компаниас булаан авч “Монголын төмөр зам” компанид өгөх зорилготой байсан нь сүүлд ажиглагддаг.

Үнэлгээний зөрүүнээс алдагдсан 60 тэрбум төгрөг

Нэгэнт нам засаг солигдож, төрийн бодлого өөрчлөгдсөн тул “Энержи ресурс”-ын өнгөрсөн хугацаанд төмөр замын чиглэлээр хийсэн ажлын үнэлгээг Ажлын хэсэг шалгаж эхэлжээ. Төрийн өмчийн хороо ажлын хэсгээс тусдаа хөндлөнгийн шалгалт хийгээд “Энержи ресурс”-ийг 34.3 тэрбум төгрөгийн хөрөнгө, зардал гаргажээ гэсэн дүгнэлт хийсэн байна. ТӨХ-ны энэ үнэлгээ “Энержи ресурс”-ийн гаргасан тайлан зардалтай нэг их зөрөөгүй. Харин ЗТЯ, ЭЗХЯ, Сангийн яамны төлөөлөл найман хүний дүгнэлтээр “Энержи ресурс”-ийн ажлыг 93.6 тэрбумаар үнэлжээ. Үнэлгээний зөрүү 60 тэрбум төгрөг “нохойн зам”-аар орж, харин ТӨХ-ны дүгнэлтийг үндэслэн “Энержи”-д 34 тэрбум л очсон байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж дундуур нь цавчсан гэгдэх 60 тэрбумыг авсан хүмүүс нь хаана байгааг нь, хэн авсныг нь цагдаа, АТГ-ынхан хэдий нь олчихсон байгаа. Тухайн үед Зам тээврийн сайдаар Женко Х.Баттулгын ойрын хүн А.Гансүх томилогдсон байсан. Тухайн үед Зам тээврийн яам, ТӨХ-ны даргын хамтарсан 91 дүгээр тушаал гэж гарсан гэдэг. Энэ тушаалыг “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” гэж тайлбарладаг боловч үнэн хэрэгтээ “Монголын төмөр зам” компанид “Энержи Ресурс”-аас төмөр зам барих эрх олгох тушаал байсан гэдэг нь цагаан дээр хараар бичигдэн үлджээ. Тушаалд тэр үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа, Төрийн өмчийн хорооны газрын дарга Д.Болормаа нар гарын үсэг зурсан нь шөнийн цэнгээний газрын камерт бичигдсэн дүрс бичлэг яваад л байсан. Удалгүй төмөр замын ажил БНСУ-ын “Самсунг Си энд Ти” компанид очсон. Захирал нь одоо яллагдагчаар татагдаад байгаа БНСУ-ын жүдоч Лий Жон Ёл. Солонгос жүдочийн компанид Чингис бондын хөрөнгө шууд шилжсэн нь ээдрээтэй. Гэхдээ цагдаагийнхан учрыг нь тайлсан байгаа. Энэ компанийн хийсэн гэгддэг 361 ширхэг баганын 81 нь ашиглалтын шаардлага хангадаггүй. Харин 309 нь “далд ажлын акт” одоо хүртэл хийлгээгүй байна. Ийм учраас дэр баганыг ашиглан төмөр зам барих, цаашдаад Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам төслөө, Тавантолгой-Гашуунсухайт болгон томруулах ажил ч хойшилсоор байгаа юм.

Зураг төслийн мөнгийг гурав “угаасан” баримт

“Шинэ Төмөр зам” төсөлд нийтдээ 750 сая ам.долларын зарцуулагдсан гэх юм билээ. Гэхдээ булсан багана, овоолсон шороо л үлдсэнийг хүн бүр л ярьж байна. Хамгийн гол нь, 750 сая ам.долларын багагүй хувийг зөвхөн зураг төсөл хийлгэх нэрээр халхавчлан гурван удаа “угаасан” асуудал сөхөгдөөд байна. Засгийн газраас анх шинэ төмөр зам төслийн зураг төслийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “И-Ар Рейл” компаниар гүйцэтгүүлэхийг даалгасан. Гэвч ажил хариуцсан нөхөд хувийн СМЕК компаниар маш үнэтэй хийлгэжээ. Хийлгэсэн зураг төслийнхөө мөнгийг шилжүүлсэн боловч зургаа ашигласангүй. Дахин өөр компаниар хийлгүүлэхээр болж “Соёмбо инженеринг” гэдэг компани гаргаж ирсэн байна. Компанид мөнгө өгч, ажлаа хийлгэсэн. Харин ажил хийсэн компани нь СМЕК-ийн зургийг хуулбарласан байх юм. Араас нь, дахиад л зургаа голж “Соёмбо инженеринг Монголиа” компаниар ажил гүйцэтгүүлэв. Ингэж нэг зургаар гурван компаниар зураг төсөл хийлгэж, гурван компанийн дансанд нэг ажлаар Чингис бондын хөрөнгийг шилжүүлжээ. Ажил цааш явсангүй, А.Гансүх нарын хууль бус үйлдлийг аж ахуйн нэгжүүд тэссэнгүй. Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн ажилд анхнаас нь оролцож байгаад хохирсон Германы “IBD” зөвлөх үйлчилгээний компани цагдаагийн байгууллагад хандсан байна. Үйл явдлын учиг эндээс эхлэн хөвөгдөж, өнөөдрийн будлианы эхлэлийг илрүүлжээ. Өдгөө Эрүүгийн цагдаа, Авлигатай тэмцэх газрынхны хамтран гурван жилийн хугацаанд цуглуулсан материал, баталсан баримтууд 120 хавтаст хэрэг болжээ. Оргүй хоосон зүйл дээр 120 хавтаст хэрэг цуглуулж, өчнөөн удаагийн ажиллагаа явуулна гэж байхгүй. Харин үнэнд гүйцэгдэж яллагдагчаар татагдсан А.Гансүх нар Х.Баттулгыг Ерөнхийлөгч болж, өөрсдийг нь өршөөж, уучлахыг л хүлээж байна.

Л.Номин

 

  • Шинэ
  • Их уншсан