Монгол хүн Монголоороо байгаасай

(2017.06.22-18:06:49)

Ямар нэг өрсөлдөөн дунд шар, хор байх нь ердийн үзэгдэл гэж хэлж болно. Гэхдээ монголчууд шар хорыг нь доогуур түвшинд байлгаж цагаан атаархлаар өрсөлдөхийг илүүд үздэг. Түүний хамгийн ойрхоны  жишээ хурдан морины уралдаан. Хэний моь түрүүлэх нь  наадамчдад хамаагүй. Морь, хүүхэд хоёр эсэн мэнд сайхан наадаж байна гээд  эрчүүд морь ирэх хооронд хөөргө , гаанс зөрүүлж наадмын дэвжээг чимж байдаг.

Төрийн тэргүүнд  сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа эрхэмүүдийн талаар янз бүрий хар бараан шар, бор мэдээ, мэдээлэл  өрсөлдөөнийг харлуулж  байна.  Тэнд гэрэл гээтэй зүйл алга . Ямар харамсмаар юм бэ? Наадам, сонгууль хоёрыг ижилсүүлээд байгаа нэг зүйл нь өрсөлдөөн гэж хэлж болно. Энэхүү хоёр өрсөлдөөн цэвэр хүний ёс суртахуунтай холбоотой. МАН-ын нэр дэвшигчийн талаар яруу найрагч, сэтгүүлч  хоёр эмэгтэйн бичсэн зүйлийг зэрэгцүүлэн  авч үзье.

Р.Эмүжин М.Энхболдын талаар одоогоос 100 орчим жилийн өмнө үндэсний эрх чөлөөний төлөө тэмцээд халуун амь бүлээн цусаа өргөсөн эх орчонч Бодоо, Данзан нартэй зүйрлэн бичсэн байх юм. Тэд бол сайн үйлсийн төлөө яваад мөрөө үлдээсэн түүхт хүмүүс. Гэтэл  М.Энхболдын хувьд сайн үйлс бүтээхийн төлөө яваа энэ цагийн улс төрийн том намын лидер. Түүний нэр, мөр түүхэнд хэрхэн ямраар үлдэх тухай одоо бичих нь арай эрт байна. Бодоо, Данзан нар нь болж өнгөрсөн үйл явдлыг санаачилж оролцон манлайлд нь  явсан  хүмүүс. Харин   М.Энхболдын хувьд үйл явдалд оролцож яваа улстөрч. Энэ хоёрыг хооронд нь жишиж үзэх нь өнөөдрийн хүмүүс бидний хувьд эртэднэ. Тэднийг жишиж бичих нэг эгнээнд байршуулах цаг хугацаа хараахан болоогүй. Ийм байхад хүчээр жишиж харьцуулж тэдний хэмжээнд хүрэхгүй гэж бичих  нь  нэг ёсны гүжирдлэг, хүний ёсноос гадуур үйлдэл гэж хэлж болно. Ц.Хулан, ертөнцийн хамгийн муухай тоос шороотой М.Энхболдыг хутгаж өгчээ. Өөрөө ч үйл явдалд оролцогч гэрч юм байна. Нэг ширээний хоёр талд суугаад халуун яриа өрнүүлж,  хууч хөөрч байсан сайн андууд бололтой. М.Энхболдын бодлого үйл ажиллагааны алдаа мадагийн талаар Ц.Хулан бичихийг хэн ч хорихгүй. Гэхдээ хэтэрхий хувийн шинжтэй дэндүү олон зүйлийг нуршжээ. Тухайлбал: М.Энхболд оо!  Бидний уулзалтаар, миний эгдүүцэн асуусан бүхэнд  “энэ бол улс төр шдээ ...” гэж хэдэнтээ хэлснийг чинь тунгаан бодоод, олоон жил наад улс төрдөө дөрлүүлсэн үхэр шиг хөтлөгдөж явснаас ганц удаа буцаж, хүн чанартаа эргэж ир, ард олноо бод, чамайг өөрийг чинь ч нэгэн цагт зажилж хивээд л дуусгах төрийн машины араанд бүү ор хэмээн хэлж байна.  

Хоёр бүсгүйн  хүнээс хүн чанар нэхсэн бичлэг гурван нэр дэвшигчийн нэгт нь тус, нөгөөд нь ус болох нь юу л бол. Харин сонгуулийн маргааш монголчууд бие биенийхээ нүүрийг хархад халуун байж мэднэ. Тэд бид хүн гүтгээгүй. Гүтгэсэн гэж үзэж байгаа бол шүүхэд өг гэж гэдийнэ биз ээ. Гэтэл манай монголчуудад хууль, шүүхдээ хүрэхгүй өөрөө өөрийгөө хазаарладаг мундаг том уламжлал, ёс заншил бий шүү дээ. Тэр хаачив. Уламжлалаасаа салсан хүн, уснаас гаргасан загас шиг болох биш үү. Хуулиар, шүүхээр асуудлыг шийдүүлж болно. Энэ бол хэзээд бэлэн байна. Хүн хүн төрхөө өөрөө авч гарах ёс суртахуун, уламжлал  биднээс холдоод байна аа. Яадаг юм билээ. Монгол хүн Монголоороо байгаасай. Тэр тусмаа манай хүүхнүүд.

  Сэтгүүлч  Г.Эрдэнэбат

  • Шинэ
  • Их уншсан