М.Энхболдыг эвгүй байдалд оруулсан МАН-ын “Доржзодов-2” хэн бэ

(2017.06.22-18:59:11)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдтой холбоотой бичлэгүүд олон нийтийн дунд дуулиан тарьсан хэвээр байна. Алдарт “60 тэрбумын бичлэг”-ийн талаар өнгөрсөн жилийн сонгуулиар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян анх олон нийтэд мэдээлсэн бол хэргийн эзэн, хэнгэргийн дохиур Г.Доржзодов өдгөө олны өмнө ил гараад зогсохгүй мөнөөх бичлэгээ цахим орчинд бүрэн эхээр нь тавьж, эрх баригчдыг барьц алдуулав. Тэрбээр өмгөөлөгч Г.Баасангийнд хоёр хонож, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийнд амьдарч байгаа юм. Учир нь “Гадаадын иргэний хувийн өмчид Монголын хууль хүчнийхэн халдаж чадахгүй” гэсэн найдлага л тэднийг ийм алхам хийхэд хүргэсэн бололтой. Үнэхээр ч хэдхэн хоногийн өмнө гэв гэнэт 50 цагдаа гишүүн асны гэрийг бүсэлж, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан фэйсбүүкээр шууд бичлэгүүд дамжуулж, гэрээ сахиж үлдсэн америк нөхөр нь “АНУ-ын ЭСЯ-ныхнаас өөр хүнд хаалгаа тайлж өгөхгүй” гээд халгаагүй тул тушаал авсан цагдаа нар ч тэгсхийгээд тарцгаасан. Хачирхалтай нь МАН-ын дарга нарын нууц бичлэгийг задалсан Г.Доржзодовт дуулиан дэгдээд нэг жил болж байхад эрх баригчид “халдаж” чадахгүй байгаа нь сонин. Сийрэг толгойтой энэ залуу жирийн иргэд байтугай намынхаа гишүүдийн утсыг ч авдаггүй шахам эрх баригч намын дарга нарыг саунд шалдан нүцгэнээрээ уулзтал нь өөртөө татаж, дунд нь шургалж чадсан нь ч бас сонирхолтой. МАН-д хууль хүчний байгууллагаас эхлээд төрийн бүх л машин бий. Яаж л бол яаж өөрсдөдөө үйлчлүүлэх эрх мэдэл тэдэнд байгаа ч Г.Доржзодов гэдэг залууг яаж ч чадахгүй байгаа нь анхаарал татах хэрэг бус уу. Тэгэхээр Г.Доржзодовын тухайд МАН-ын том дарга нарын дунд бас л нэлээд дээрээс шургалуулсан “бөмбөг” байж болзошгүй юм. Бичлэг хийсэн, алхам бүрээ баримтжуулсан зэргээс нь харвал хэр баргийн тагнуулчийн эзэмшиж чадаагүй техник, гүйцэтгэх ажиллагааг энэ залуу хийжээ. Тэрбээр твиттер хуудастаа “60 тэрбум. Хэрэгт эвлүүлэгч байхгүй. Харин захиалагч гэж бий” гэж бичсэн нь бас анхаарал татна. Үнэхээр Г.Доржзодовын захиалагч хэн бэ. Хэрэв улс төрийн хүрээнд байгаа бол тэр захиалагч нэг их удахгүй тодрох биз. М.Энхболд тэргүүтэй хотын фракцийн ноёрхлыг үгүй хийж МАН-ын задралыг зөгнөөд зогсохгүй МАНАН-д эзэн суух алсын бодолтой улс төрийн нүүдэл эндээс харагдана.  

          

         “60 тэрбумын аархал” гэдэг бичлэг өчигдөр телевиз, олон нийтийн сүлжээгээр цацагдаж дахиад л шуугиан үүсгэв. Энэ бичлэгээр МАН-ын дарга М.Энхболд, түүний удирддаг хотын фракцийнхан болох нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, хууль хүчний байгууллагуудаас АТГ-ын дарга асан, өдгөө ТЕГ-ын дэргэдэх Цэргийн тагнуулын газрын дарга Н.Ганболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал, ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ч.Амарболд, мөн СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нар УИХ-ын 2016 оны сонгуульд МАН ялсны дараа Их тэнгэрт уулзаж байгааг тодорхой үзүүлсэн. Тэр ч атугай “МАН-ын дэргэдэх НАМЗХ-оос жил бүрийн шинэ жилээр зохион байгуулдаг ”Алтан сарнай” арга хэмжээний үеэр салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг. МАН-ын дарга М.Энхболд “Энэ шагналыг хэнд өгдөг юм билээ. 65 хүн болохоор нэгэнд нь өгчихөөр бусад нь барьцаад хэцүүднэ” гэсэн утгатай зүйл ярихад СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “СЕХ-ны Болдсайханд гээд өгчихгүй юү” хэмээн хошигнож нэгэн эмэгтэй наанаас нь “Сонгуульд ялуулсан гээд үү” гээд чанга хөхөрч байгаа зэрэг ноцтой дүр зураг харагдлаа. Тэр ч атугай хотынхны зарим том дарга М.Энхболдын өмнө сөгдөж байгаа нь олны элэг доог ч боллоо. Харин МАН-ын даргын энэ бичлэгийг хэн бусдад дамжуулав гэдэг сонирхолтой. Бичлэгээс харвал, М.Энхболдыг хаана явна, тэнд хамт явж бичлэг хийсэн байгаа юм. Тэр ч атугай УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Том ах”-даа хоёр хятад хүнийг “Энэ монгол хүн” гэхмэтчилэн танилцуулж, М.Энхболд тэдэнтэй хадаг барин золгож байгааг дэргэд нь зогсож байгаад бичсэн зэргээс харвал яах аргагүй л М.Энхболдын хүн “60 тэрбумын аархал” гээчид ашигласан материалуудыг камерт үлдээсэн болж таарч байна. Төрийн хамгаалалттай УИХ-ын дарга, МАН-ын даргын гэрт ч, гадаа ч, энд тэндэхийн арга хэмжээнүүдэд дагаж явж чөлөөтэй бичлэг хийсэн тэр хүн хэн бэ. Тэрбээр дарга нартаа гомдсон уу, аль эсвэл техник хэрэгслээ энд, тэнд алдсан уу, ашиг олох зорилгоор бусдад худалдсан уу гэдэг ч асуудал. Ямартай ч иргэн Г.Доржзодовын дуулиан ид дэгдсэн хэвээр байхад М.Энхболдын ойр тойрныхноос дахиад “Доржзодов-2” гарч ирлээ. Тэгэх тэгэхдээ бүр АН-ын өрсөлдөгчид нь түүний эвгүй яриа, агшин бүхий бичлэгүүдийг өгч, М.Энхболдын өмнө дахиад том “нүх” уналаа. МАН-аас тодорсон “Доржзодов-2” ингэхэд хэн юм бол...  

Д.Гэрэлмаа

  • Шинэ
  • Их уншсан