П.Батхуяг: Р.Чойномын “Хүн” гэдэг шүлэглэсэн романд нөлөө үзүүлсэн бүтээл бол А.С.Пушкиний “Евгений Онегин”

(2017.06.22-19:56:09)

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Р.Чойном 80 жил” эрдэм шинжилгээний хурал,  зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт уржигдар /2017.06.20/-нд “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт уржигдар /2017.06.20/-ндХүүхдийн номын ордонд  болсон. Хуучин нийгмийн үеийн үзэл сурталд хавчигдаж, хэлмэгдэж явсан Р.Чойном хэмээх билиг танхай найрагчийн уран бүтээлүүдийг хэвлүүлэх, түүний уран бүтээлийг өв санг хамгаалах, судлах ажлыг гардан хийж байгаа газар нь “Өд” сан, сангийн тэргүүн доктор Д.Ганболд юм. 13 ботиор уран бүтээлээ гаргаад бас эрдэм судлалын ажлын өргөн хэмжээний талбар болсон ийм уран бүтээлч найрагч Монголд өөр байхгүй болов уу. “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт уржигдар /2017.06.20/-нд “Р.Чойном 80 жил” эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдээс СУИС-ийн багш, доктор П.Батхуягийн илтгэл содон  байлаа. Р.Чойномын “Хүн” шүлэглэсэн романыг Оросын алдарт яруу найрагч А.С.Пушкины “Евгений Онегин” романтай харьцуулан судласнаа П.Батхуяг доктор толилуулсан юм. Уг илтгэлээс хүргэж байна.

Доктор П.Батхуяг:

-“Р.Чойном бага наснаасаа хүчтэй зөн билэгтэй байсан бөгөөд ирэх он жилүүдэд болох үйл явдлыг зөгнөж хэлдэг байсан талаар намтарт нь тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Дөрөв, тавхан настай байхаасаа алдуул малыг хаа байгааг нь яг таг хэлдэг байсан талаар нутгийн хүмүүсийн дурсамж тэмдэглэлүүд байдаг. Зөн билэгт сэтгэлгээ хожим яруу найргийн нь олон бүтээлд тусгалаа олсон. Угтаа бол би нэг судлаачтай нэг зүйл дээр санал нийлдэг. Чойном 20 дугаар зууны Монголын нийгмийг үнэндээ шүүмжлээд байсан юм биш. Яг үнэндээ Чойномын яруу найргийн шүүмжилж байгаа жинхэнэ цаг үе бол 21 дүгээр зууны арваад он буюу өнөөгийн Монголын нийгэм, хүний ёс суртахууны болоод харилцааны энэ эмх замбараагүй, ээдрээтэй байдлыг шүүмжилж байсан гэдэг тэр итгэл үнэмшлийн мэдрэмж яруу найраг бүтээлүүдээс нь илүү төрдөг юм. Энэ талаас нь Р.Чойномыг илүү нээж харуулах судалгааны шинэ чиг хандлага байж болох юм гэдэг үзэл бодол надад байдаг. Та бүхэнд товчхон танилцуулах илтгэл маань “Евгений Онегин” Монголын яруу найрагт яаж нөлөөлсөн юм бэ гэдэг талаар. Нэг үгээр хэлбэл Пушкины яруу найргийн нөлөө 1960-аад оны Монголын яруу найрагт хэрхэн хүчтэйгээр Монголын яруу найрагт нөлөөлж байсан бэ гэдгийн шууд ул мөр маш тодорхой илэрч гарсан бүтээл бол яах аргагүй Р.Чойномын “Хүн” шүлэглэсэн роман юм гэдэг байр суурин дээр хүрчихээд байгаа юм. Үүнд үндэслэл нь хэд хэдэн зүйлээр батлагдаж байна.

1960-аад он бол монгол яруу найргийн яах аргагүй нэг шинэ үе хүчтэйгээр түрэн гарч ирсэн сонирхолтой цаг. Энэ цаг үеийн залуу яруу найрагчдын хувьд Орос, Зөвлөлтийн яруу найргийн нөлөө шууд нөлөөлж байсан. Нэг үгээр хэлбэл, соёлын харилцан хамаарлаасаа гадна тэр үеийн нийгэм улс төрийн нөлөө ч байсан нь дамжиггүй. 1960-аад оны Монголын яруу найрагчдын хувьд эн тэргүүнд тавьж байсан яруу найрагч бол А.С.Пушкин. Пушкиний ялангуяа “Евгений Онегин” роман тэр үеийн яруу найрагчдын ширээний ном байсан талаар бид олон яруу найрагчдын дурсамж яриа тэмдэглэлүүдээс үзэж болно. Хамгийн тодорхой баримтыг үлдээсэн хүн бол ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайн тэмдэглэлүүд. Чойжилын Чимид болоод “Евгений Онегин”-той холбоотой хэсгүүдээс энэ үндэслэлийг гаргаж ирж болж байгаа юм. Тэгэхээр Чойном, Сүрэнжав хоёрын нөхөрлөл ямар байсан билээ. Энэ хоёрын бие биендээ хамааралтай байсан тэр оюун санааны харилцаа бол яах аргагүй “Евгений Онегин” гэдэг шүлэглэсэн роман тэр хоёрын уран бүтээлд тодорхой хэмжээний нөлөө үзүүлэх үндэс суурь болсон байх магадлал их бодитой ажиглагдаад байгаа юм.

 Ч.Чимидийн орчуулсан “Евгений Онегин” гэдэг энэ шүлэглэсэн романы нөлөө Р.Чойномын “Хүн” гэдэг шүлэглэсэн романд их тодорхой илэрсэн байна. Энэ хоёр зохиолыг ширээн дээр эгнүүлээд тавих юм бол шүлэглэлийн нь үндсэн зарчмууд ижилхэн байгаа юм. Нэг талаад европ задгай хэлбэрийн цагаан шүлгүүдийн өнгө аястай боловч, цаанаа яруу найргаараа дамжуулж, илэрхийлж байгаа хэлбэршлүүд нь яах аргагүй энэ хоёр бүтээл хоорондоо холбоо хамаарал байгаа гэдгийг илэрхийлээд байгаа юм. Нөгөө талаар бол, магадгүй Р.Чойномыг “Хүн” шүлэглэсэн романаа бичиж байхад үнэндээ “Евгений Онегин”-оос өөр манай үндэсний утга зохиолд өөр ийм өнгө аяс байгаагүй юм. Шууд ямар нэг байдлаар нөлөөлсөн нөлөөлөл нь тодорхой. Ингээд ярихаар чи энэ зүйлээ юугаар батлах гээд байгаа юм бэ гэдэг юм асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт, Ядмаагийн тухай нэг ийм мөрт байна.

Магтаалын цагаан шүлэг бичээд

Мань мэтэд нь авчирч өгч уншуулдаг байлаа” гэсэн хоёр мөр. Мань мэт гэдэг нь Р.Чойном өөрөө. Өөрийнх нь амьдрал, үзэл бодол өөрийнх нь төсөөлөл, цаг үеийнх нь мэдрэмжүүд гээд. Тэгвэл “Евгений Онегин” бол яг тийм. “Евгений Онегин” шүлэглэсэн найраглалын хоёр мөрийг дурдъя.

“Буурал ирж явна манийг тоож

Булшинд орохдоо ерөөгөөд явав аа” гэж. Мань гэдэг өөрт хамааруулсан энэ хоёр үгээс харахад зохиомжийн хувьд энэ хоёр бүтээлд адил төстэй юмнууд илэрч  байгаа юм. Өөр төстэй зүйлүүдийг дурдаж болно. Тухайлбал, энэ хоёр зохиолын эхлэл. Төгсгөл нь бас. уншигчдад хандсан ийм зохиол. “Евгений Онегин” яг адил. Дээрээс нь энд байгаа хоёр адилхан холбоосыг манай судлаачид өмнө нь ажиглаагүй бололтой. Чойном Чимгээгээс хайрлаж бичиж байгаа захидлаар зохиолоо холбосон. Тэгвэл “Евгений Онегин” дээр Татьянагийн Онегинд бичиж байгаа захиагаар холбож өгсөн байдаг. Мөн “Евгений Онегин”-д “Хүүхнүүдийн дуу” гэж бий. Дууны яруу найргийн шигтгээ хийж өгсөн. Чойном тэгвэл өөрийнхөө “Хүн” найраглалд “Мөрөөдлийн дуу” гэдэг нэртэй дууг оруулж өгсөн байдаг.

Зохиомжийн хувьд шууд болоод дам хүчтэй нөлөөлж гэдгийн тодорхой жишээ энэ.

“Уул усыг давуулаад холын бараа ширтээстэй

Уяхан занг чинь бодохоор хайрын нулимс дуслаастай” гэдэг “Мөрөөдлийн дуу”-г найраглал дотроо  Чойном шигтгээ болгосон бол Пушкин “Хүүхнүүдийн дуу” гэдэгт

“Бүжиглэн наадаач хүүхнүүд минь

Бултаараа хөгжөөч хонгорууд минь

Урьдын цагаас уламжилсан

Уянгат дуугаа дуулаач” гэдэг дууны яруу найргийн мөрүүдээр хооронд нь холбож өгсөн байх жишээтэй.

Пушкиний яруу найраг дахь Лорд Байроноос шууд хамааралтай романтизмын үзэл санаа. Яг энэ романтизмын үзэл санаагаар бичигдсэн гол бүтээл нь “Евгений Онегин”. Романтик сэтгэлгээний үүднээс бичигдсэн романтизмын нөлөө нь эргээд манай яруу найрагт 1962-1963 онд Налайх-Улаанбаатар хоёрын хооронд бичсэн Р.Чойномын “Хүн” найраглалд тусгалаа олжээ. Энэ хоёр бүтээл аль аль нь романтизмын мөн чанартай байна гэдгийг энгийн уншигч ч шууд ойлгомжтойгоор олж харж мэдэрч болно. Сонин сонин шигтгээг энэ хоёр найрагч хийсэн байдаг. А.С.Пушкин бол,

“Хавар хавар хавар

Дурлалын цаг

Хачин их гуниг юм чамайг ирэхэд

Сэтгэл зүрх минь, зүрх судас минь

Сэртхийн догдолж хөгжин баясах юм” гэж хаврын тухай шигтгээ болгож оруулсан бол Чойномын “Хүн” найраглалд

“Ай хавар хавар ай

Хамаг байгаль сэрээд ирдэг

Хайрын сэтгэл сэргээд ирдэг

Ханагар сайхан өглөөнүүд минь ээ” гэсэн мөрүүд бий. Бичлэгийн хувьд ижил байна. Үүнээс цаашаа цаг хугацааны хувьд илүү дэлгэрэнгүй ярих боломжгүй учраас дүр рүүгээ оръё.

Чимгээгийн хувьд Онегины ч, Татьянагийн ч аль алиных нь дүрийн тодорхой хэв шинжийг тээсэн дүр. Тийм учраас нэг талдаа Р.Чойном бол “Хүн” найраглалдаа тодорхой хэмжээгээр дүрийн уран сайхны баяжуулалт хийсэн байна гэдэг нь ажиглагдаж байна. Үүний үндэслэлийг хэд хэдэн зүйлээр тодорхой хэлье. Нэгдүгээрт, Онегин Чимгээ хоёрын хүүхэд насны үйл явдлууд яг адилхан. Сургуульд сурч байгаа, хоёулангийнх нь эцэг ядуу. Чимгээгийн эцэг Аюур тарвагачин. Онегины эцгийн талаар Пушкин  “Нэртэй албанд эцэг нь зүтгэж, өртэй ширтэй амьдарч байсан” гэж бичсэн ядуу төрийн албан хаагч. Аль алиных нь амьдралын замнал маш хүнд хэцүү хүүхэд наснаас эхлүүлээд дараагийн хэсэг рүү буюу хоёрдугаар хэсэг рүү шилжүүлэхдээ, Пушкин,

“Цөмөөрөө бид суралцахчаан аядаж

Цөхөрч тоймлож өнгөрөөсөн болохоор”  гэж сургуулийн он жилүүдийг дүрсэлсэн бол, Чимгээ дээр

“Архинд согтсон хүний хөл шиг

А үсгийг алцайлган зурсаар

Бээрч гүйцсэн эмгэний гар шиг

Б үсгийг бээвийлгэн бичсээр...”  гэж Р.Чойном бичжээ.

Эндээс  сургуулийн он жилүүд адилхан өнгөрч байгааг харж болно.  Дараа нь хоёулаа аялаад явчихаж байгаа юм. Яг Лорд Байроны “Чайльд Гарольдын аялал” шиг. Аялал нь сонирхолтой. Онегин хотоос тосгон руу очоод эргээд хот руу,  харин Чимгээ уурхайн тосгоноос хот руу очоод эргээд тосгон руугаа явж байгаа. Хүн төрөлхтний утга зохиолд аялал  гэдэг зүйлээр буюу нэг талдаа туурвил зүйн аргаар зохиолынхоо өгүүлэмжийн цар хүрээг цааш нь тэлдэг, цааш нь үргэлжлэн хүүрнэдэг тэр хэлбэрийг яг адилхан  авснаараа энэ хоёр зохиолын хооронд ижил төстэй чанарууд байна.  Татьяна эргээд эрхэмсэг хатагтай болсон байхад Онегины байр суурь, Чимгээ сайхан бүсгүй болоод эргээд очиход Сандаг, Ядмаа хоёрын байр байдлыг эмгэний үгээр илэрхийлж байгаа зэрэг нь хоорондоо яв цав нийцэж байгаа юм.

Илтгэлээ товчлоод төгсгөлд нь хэлэхэд, Рэнчингийн Чойномын “Хүн” гэдэг шүлэглэсэн романд хамгийн хүчтэй суурь үндэслэл болоод оюун санааны нөлөө үзүүлсэн бүтээл бол А.С.Пушкиний “Евгений Онегин” гэдэг шүлэглэсэн роман юм гэдгийг ажиглалтын явцад илтгэлийн туршид батлахыг оролдсон юм”.

Эх сурвалж: polit.mn

 

 

 

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан