Хөвсгөл нуурын усыг жуулчны баазууд 1.5 саяар үнэлжээ

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын тооцооллоор гэртээ тоолуургүй өрхийн нэг хүний хоногийн усны хэрэглээг 230 литрээр тооцдог. Иргэн энэ хэрэглээгээрээ нэг сард цэвэр усны төлбөрт 3201.8 төгрөг, бохир усанд 1465.91 төгрөг төлдөг. Энэ тоог жилээр тооцвол 56010.12 төгрөгийг улсад тушаадаг гэсэн үг. Тэгвэл энэ тоо Хөвсгөл нуурын усыг жуулчдынхаа унд, хэрэгцээ бүхий л зүйлсэд ашиглаад үйл ажиллагаагаа явуулдаг захын нэг жуулчны баазын ус ашигласны төлбөртэй тэнцдэг гээд бод доо. Нэг иргэн, нэг жуулчны бааз. Харьцангуй хэрэглээ, харьцангуй төлбөр биш гэж үү. Нэг жуулчны баазаар жилд хэчнээн хүн үйлчлүүлж, хэр хэмжээний ус хэрэглэх вэ. Лавтай нэг иргэнийхтэй тэнцэхгүй. Дэлхийн цэнгэг усны нэг хувьтай тэнцдэг, Монгол орны гадаргын усны нөөцийн 93 хувийг агуулдаг Хөвсгөл нуурын бохирдлын асуудлыг “Зууны мэдээ” сонин хөндөн бичиж буй. Энэ удаа нуурын эрэг дээрх жуулчны баазуудын хэрээс хэтэрсэн усны хэрэглээний талаар хөндөж байна.

Хөвсгөл нуурын эрэг дагуу тусгай зөвшөөрөл бүхий 118 гэр буудал, 38 жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг гэсэн салбарын яамны мэдээлэл байгаа ч газар дээрээ үүнээс ч илүү болохыг төрийн бус байгууллагууд онцолж байгаа. Усны тухай хуулиар аж ахуйн нэгжүүд ус ашиглах дүгнэлт гаргуулах ёстой. Дүгнэлтээс үндэслэн зөвшөөрөл олгож, төрийн захиргааны байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулна. Мэдээж гэрээг үндэслэн тухайн аж ахуйн нэгж гэрээний хугацаанд хэр хэмжээтэй ус ашиглаж, түүндээ хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойг баталгаажуулдаг. Ингэж ус ашиглах эрхтэй болсноор тухайн байгууллага үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Харамсалтай нь Хөвсгөл нуурын эрэг дээрх жуулчны бааз, гэр буудлууд энэ хуулийг хэрэгжүүлдэггүй юм байна. Ханх суманд гэхэд 2015 онд жуулчны 10 баазаас усан орчин ашигласны төлбөрийг дөрөв нь л төлжээ. Тэд усан орчин ашигласныхаа төлбөрт 60-160 мянган төгрөг төлдөг аж. Тэгвэл ус ашигласны төлбөрт 20-130 мянган төгрөг төлөх ёстойгоос хоёр бааз л хуулиа хэрэгжүүлж төлбөрөө төлсөн баримт байна. Энэ бол Ханх тосгоны байгаль хамгаалагчийн гаргасан судалгаа. Жуулчны баазууд ус ашигласны төлбөрөө төлдөггүй. Төлсөн хэдийнх нь төлбөр гэж үнэндээ ичмээр. Нэг жуулчны хоногийн зардалд ч хүрэхээргүй 20 мянган төгрөгийг бүхэл бүтэн жуулчны бааз бүтэн жил ашигласан усныхөө төлбөрт төлдөг юм байна.

“Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас хийсэн судалгаагаар Хөвсгөл дэх жуулчны баазуудын усны төлбөрийг бүтэн жилээр тооцоход 1.5 сая төгрөг л болжээ. Монгол Улсын стратегийн ач холбогдолтой усны нөөц бүхий газраас хэдэн зуун тонноор яригдах ус ашигласныхаа хариуд бүтэн жилийн хугацаанд ганцаар тогтохгүй баазуудаас нийлүүлээд иймхэн төлбөр авчихаад суудаг төрийн хяналтын байгууллагууд гэж байх уу. Ямар хууль, журам болохоор иргэнээс 56 мянга, аж ахуйн нэгжээс 20 мянган төгрөг авдаг ялгарал, гадуурхал, завхрал вэ. Иргэнээс бол нэхэж шаардаж, хэрэглээг нь хязгаарлаж байгаад төлбөр, хураамжаа авчихдаг төр засаг аж ахуйн нэгжүүдийг ингэж толгойг нь илдэг нь үнэхээр гутамшиг. Тэр тусмаа Монгол төдийгүй дэлхийд ач холбогдолтой усан бүхий газартаа төр засаг нь, ашиг хүртэгч нөхөд нь ингэж хандахаар Хөвсгөл нуур хог, ялгадас, угаадаст дарагдахгүй яах билээ.

Жуулчны баазууд нийлээд жилдээ 1.5 сая төгрөг ус ашигласныхаа хариуд төлдөг судалгаа одоогоос таван жилийн өмнөх хэдий ч одоо ч энэ байдал дээрдээгүйг тус төрийн бус байгууллагынхан онцолж байгаа юм. Хөвсгөл нуурын усыг ашиглах байдал эх захгүй байгааг зөвхөн “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас ч судлаад зогсохгүй аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтаар ч тогтоогдоод байна. Тус газрын шалгалтаар Хөвсгөл нуур дахь жуулчны баазууд ус ашиглах дүгнэлтээ аймгийн Байгаль орчны газраар гаргуулахгүйгээр ус ашигладаг гэж дүгнэжээ. Хөвсгөл далай, Далай тур зэрэг жуулчны бааз гэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд дурдсан байгаль хамгаалах менежментийн төлөвлөгөөнд тодотгол хийлгээгүй, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу хөрс, ус, агаарын шинжилгээг хийлгээгүй гэж байна. Ийм байдлаар жуулчны баазуудын Усны тухай хуулийн хэрэгжилт дөнгөж 30 хувьтай байгааг мэргэжлийн хяналтын байгууллага нь тогтоосон байна. Тус шалгалтын дүгнэлтэд дурдсанаар “...Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2012 оноос хойш газар олголт эрчимтэй олгогдсноос шалтгаалан Хатгал тосгоны нутаг дэвсгэрийн Усан зам орчим газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Хүзүүвчийн шил, Тойлогт, Онгологийн цагаан эрэг орчим газруудад ус, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэм зөрчигдсөн зөрчлүүд илэрсэн. Ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын  ус авах цэг, шугам хоолойг тоолууржуулах ажил хийгдээгүй, тусгай хамгаалалттай газрын отог байгуулсан газар нь эрүүл ахуйн бүсэд байрлаж, хог хаягдал, хүний өтгөн, шингэн хаягдлын бохирдол үүсгэж байгаа зэрэг зөрчлүүд илэрч байв” гэжээ.

Усны төлбөрийн тухай хууль нь байгаа хэрнээ ингэж хэрэгжиж байна. Тэгвэл эдүгээ гол асуудал болоод буй Хөвсгөл нуурыг бохирдуулсны төлбөрт жуулчны баазуудаас түй ч төгрөг авдаггүй. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль гэж 2012 онд УИХ-аас баталсан ч одоог хүртэл хэрэгжүүлэхгүй байсаар дахин шинэчлэлд оруулж буй хууль бий. Угтаа хамгийн их ус хэрэглэж, хамгийн ихээр бохирдуулж байгаа нь иргэнээс илүү аж ахуйн нэгж. Хөвсгөл нуур дээр бол жуулчны баазууд болон гэр буудлууд. Харамсалтай нь тэдэнд хууль зөрчих, том толгойлох боломжийг нь төр өөрөө ингэж олгодог ажээ.

Эх сурвалж: Б.Энхзаяа “Зууны мэдээ” сонин

 

 

 

 

 

 

  • Шинэ
  • Их уншсан