Д.Жаргалсайхан: М.Энхболд, Х.Баттулга нар шууд мэтгэлцээнээс болгоомжилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчид шууд мэтгэлцээн хийлгүйгээр сонгуулийн сурталчилгааг өндөрлөж мэдэх нь. “Мэтгэлцээнгүй болсон анхны сонгууль” гэж түүхэнд бичиж үлдээх нь. Монголын телевизүүдийн холбоо гурван шатны мэтгэлцээнд оролцуулах тухайгаа мэдээлж, сонгогчидтой хийх уулзалтуудынхаа хуваарийг хэдийнэ гаргачихаад байсан МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдэд гэнэтийн тулгалт хийсэн боловч нэр дэвшигч Х.Баттулга “Амжихгүй” гэдгээ мэдэгдэж мэтгэлцээн цуцлагдсан. Өнгөрсөн долоо хоногт хийхээр товлосон ч АН-аас Монгол HD телевизээр л шууд мэтгэлцээн хийвэл оролцоно гэдгээ илэрхийлж, өрсөлдөгчдийнхөө аргыг барсан. Ийнхүү 16 телевизээр шууд дамжуулах мэтгэлцээнийг АН хойшлуулсан ч энэ сарын 24-нд буюу маргааш нэр дэвшигчдийн шууд мэтгэлцээнийг хийж, олноо Де Факто хэмээн танигдсан Д.Жаргалсайханаар хөтлүүлэхээр болчихсон байв. Намууд ч цаг хугацааны хувьд сонгуулийн сурталчилгааны сүүлчийн өдөр ийнхүү хийхээр тохиролцсон байлаа. Харин мэтгэлцээнийг хөтлөхөөр болсон Д.Жаргалсайхан өчигдөр орой олон нийтийн сүлжээгээр дамжуулан “М.Энхболд, Х.Баттулга нар шууд мэтгэлцээнээс их болгоомжилж байна. Мэтгэлцээн болохгүй байх аа. Нам тус бүр над руу яриад мэтгэлцээнийг хөтлүүлнэ гэсэн. МҮОНРТ надтай яриагүй байна. Үүнийг шалтаглаад мэтгэлцээн болохгүй байх” гэж мэдэгдлээ. Түүний хувьд, эрх баригч намын даргын талаар нийтлэл бичсэн биш өдөр тутмын сонинуудад нийтлүүлэх “эрх”-гүй болж, өөрийн гэсэн вэбсайттай болсон. МАН-аас нэр дэвшигчийн талаар нийтлэл бичихийн зэрэгцээ энд тэндэхийн уулзалтуудад газрын наймаа болон бусад асуудлаар мэдээлэл хийсэн нь эрх баригчдыг болгоомжлоход хүргэсэн ч байж мэднэ. Харин Х.Баттулга яагаад болгоомжлоод байгаа юм бол. Мэтгэлцэхийг хэрэлдэх гэж үнэнээсээ ойлгодог юм биш биз.

 

Ц.Тунгаа

 

 

  • Шинэ
  • Их уншсан