МАН-ын хүүхнүүд ээ, Ц.Хуланг шоглох чинь муухай харагдаж байна

МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан Женко Х.Баттулгыг дэмжиж, М.Энхболдын эсрэг ил захидал бичсэн биш МАН-ынхныг хийх ажилтай болгов. Намаасаа албан тушаалын шагнал авсан хүүхнүүдэд найрагч бүсгүйг муулж, шоглож дарга нараасаа “кока” авах далим гарав бололтой. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, хөтлөгчөөр ажиллаж байсан П.Анужинг УИХ-ын 2016 оны сонгуульд тус намаас нэр дэвших үед интернэтээр нэг эвгүй бичлэг цацагдсан. Энэ үед МАН-ын зарим хүүхэн “Пөөх, паах, дарга нар аа хар даа. Та нар ийм муухай хүүхнийг нэр дэвшүүлсэн байна шүү дээ” гэцгээж сошиалаар нэг атаархал, амбицаа илэрхийлж байсан бол өнөөдөр тэд яруу найрагч Ц.Хуланг элдэвлэхийн зэрэгцээ өвгөн буурал аав, өвчиндөө шаналж яваа эр нөхрийг нь шоглож байгаа харагдана. Бүр “Нөхөр нь өвдөөд сэхсэн гэдэг, сэдрэв үү” ч гэж твиттерт жиргэж шиг. Бас “Яруу найрагч Ц.Хулангийн аав Д.Цоодол манай намын нэр дэвшигчийг дэмжиж үг хэллээ” хэмээн Д.Цоодол гуайн зургийг тэгэхээс тэгэг гэж жиргэнгээ олны өмнө шийтгээд ч байгаа юм шиг! Охиноор нь далимдуулж өвгөн найрагчийг дээрэлхээд ч байгаа юм шиг... МАН-ыг МАХН байхаас эхлэн үзэл бодол, итгэл үнэмшлээрээ энэ намыг дэмжсээр ирсэн яруу найрагч Д.Цоодол гуай та нарын өмнө ингэхэд ямар гэм хийчихэв ээ. Охин нь өөр намаас нэр дэвшигчийг дэмжлээ гээд аавыг нь “Ц.Хулангийн аав тэр” гэж илт гоочилж байгааг юу гэж ойлгох вэ. Эрх баригч намын хүүхнүүдийн ухамсрын түвшин ердөө л иймхэн үү. Тэнүүн говийн хулан шиг зоргоороо, тэрслүү Ц.Хуланг муулах чинь муухай харагдаж байна. 96 жилийн түүхтэй намыг чинь бүр ч дорой харагдуулаад байна.    

МАН-ын хүүхнүүд ээ, намаа өмөөрч болно оо. Намын дарга нартаа зусардаж болно. Нам чинь эрх барьж байгаа хойно Тусгаар тогтнолын ордон, Төрийн ордны хаа нэгтээ ховоо ярьцгаана уу, хүн муулна уу, дарга нартаа зусардаж албан тушаалын шагнал авна уу, та нарын хэрэг. Харин Женког дэмжсэнийх нь шийтгэл болгож хөөрхий тэр аавыг нь, бас өвчинд шаналсан нөхрийг нь бүү элэглэ. Ц.Хуланг ингэж бүү “барьцаал”. Аль социализмын үед хэн нэгнийг олны өмнө зогсоож байгаад шийтгэдэг, жигшүүлдэг байсан үхширмэл үзэл санаа чинь өдгөө хүртэл хэвээр юм бол тэндээ л байдаг юм байгаа биз! Тусгаар тогтнолын ордны гадаа хувь хүний эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан нийгэм оршин буйг санацгаа. Алдаа, оноотой ч АН-ын хүүхнүүд арай ийм биш шүү. Тэд лав нэгнээ олон нийтийн сүлжээгээр доромжилж, ар гэрийнхнийг нь далимд нь шоглодог ийм адгийн зантай лав байгаагүй юм шүү, нам нь эрх баригч байхад. “Хүүхнүүд нэг нэгнийхээ төлөө алга таших дургүй” л гэдэг. Гэхдээ эрх баригч намын бүсгүйчүүд ээ, энэ удаад “Намын даргыг маань дэмжсэнгүй” гэх далимд Ц.Хуланг “Малина”-дахаа л больчих. Яагаа вэ, Моника Беллучигийн тоглодог “Малина” гэдэг кинонд хүмүүс нэг бүсгүйг дундаа хийж байгаад ялгадас цацдаггүй юу. Та нарын үг, үйлдэл тэр киног эрхгүй санагдууллаа. Ц.Хулан танай намыг өнгөрсөн жил сонгуульд ялахад баатарлаг гавьяа байгуулаагүй ч бас ч гэж мөрийн хөтөлбөрөө боловсруулахад чинь оюун ухаанаараа нэмэр хандив болж л явсан байх. Гэлээ гээд дарга нарын үүд сахиж албан тушаал гуйгаагүй. Илүү зүйлд шунаагүй л болов уу. Иргэн хүнийхээ хувьд энэ сонгуулиар хэнийг дэмжихээ ил тод илэрхийлж, эртний танилдаа хатуухан үг чулуудсан биш гай болж МАН-ын найзууддаа доромжлуулж байх шиг байна. Тэр ч атугай хоёр үг ч хүнд ойлгомжтой, зөв холбож чадахгүй хүмүүсээр молхи бичвэр бичүүлж “Агуу ихийн солиорол”-ыг догиож, доргиож суух чинь арай л ичгэвтэр хэрэг бус уу. Эрх баригчид ингээд ирэхээрээ л биш болдог. Эрх мэдэлдээ оодорч, эгээ л тэнгэрийн оргилд гарсан мэт аягласныхаа шанд хамар дорх хөрсөн дээрээ хатуухан газарддаг гэдгээ ийнхүү умартдаг. Парламентад 65 суудалтай МАН-ынхан ч ердөө жил болов уу үгүй юү эрх баригчийн “өвчин”-өөр өвчилцгөөлөө. Уг нь МАН-ын бүсгүйчүүд ээ, та нар төрийн алба хашиж, хийх ажил багатай байдаг болоод ч тэр үү твиттер, фэйсбүүкт ихэнх цагаа өнгөрүүлдэг бололтой юм билээ. Чингэх зуураа өвчинд шаналсан, гэр орон нь гал түймэрт шатсан, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Туслаач” гэсэн хүсэлтүүдийг хардаг л байлгүй. Эдийн засгийн хямралаас улс орноо гаргах гоё санаачилгууд гаргаж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайддаа тусалж чаддаггүй юм гэхэд ядарч зовсон иргэддээ туслах аяныг өрнүүлээч. Өөрт гэм хийгээгүй нэгнийг өөнтөглөж муулж суухаар бусдад буян үйлдсэн нь дээр шүү дээ. Ц.Хуланг муулж кайф авч суухаар хүмүүнлэгийн ажилд оролцоцгоо. Цаад Ц.Хулан чинь нэг л зүтгэсэн бол тэр чигтээ хүн. “Нам, дарга хоёрыг маань мууллаа” гэж нийтээрээ нийлж ниргээд ч нэмэргүй. Тэгээд ч аав нь охиндоо зориулж ийм шүлэг бичсэн байдаг юм.

“...Алаг зүрхнийхээ зоргоор шувуу мэт амьдраасай

   Тэнүүн говь, эрх чөлөөний одонд төрсөн

   Тэр сайхан амьтны тэнгэр миний үрийг ивээгээсэй

   Газар тамгалж, цагийн эрх тоолох үр минь

   Галын зах, саахалтын зайд бүү өтлөөсэй

   Орчлонгийн зовлон, жаргал, нөхөр, дайснаа ялгахдаа ч

   Олны үгээр бус өөрийнхөөрөө шилээсэй

   Нэг насаараа миний хүү, хулан атаархам явтугай гэж

   Нэрийг нь өгөхдөө ч аав нь хүсч л суусан юм аа” гэж. Ц.Хуланг мууллаа гээд та нар Ц.Хулан шиг ард түмэнд танигдахгүй, нэр дэвшигчээ сонгуульд ялуулахгүй, намынхаа рейтингийг өсгөхгүй, МАН-ын хүүхнүүд ээ.

З.Гэгээн

  • Шинэ
  • Их уншсан