Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 60 тэрбумын бичлэгийг хулхи бараатай зүйрлэв

АН-ынхны хувьд энэ удаагийн сонгуульд МАН-ын эсрэг дэлгэсэн гол баримт нь иргэн Г.Доржзодовын дэлгэсэн 60 тэрбумын бичлэг юм. МАН-ын дарга тэргүүтэй хүмүүсийн хооронд нэг цаг 30 минут үргэлжилсэн танилцуулга, утсаар ярьсан яриа зэргийг бичсэн энэхүү аудио бичлэгийг Г.Доржзодов “2014 оны есдүгээр сард “Шинэ Монгол хаад” гэдэг газарт хийсэн уулзалт” гэж тайлбарласан. Тэрбээр саяхан айлын гэрийн цонхоор хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө МАН-ын нэр бүхий хүмүүс өөртэй нь уулзсан, дарамталсан, юу хүсч байгааг нь асуусан талаар дурдсан. Мөн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатын нэр ч энэ үеэр дурдагдсан учраас тэрбээр тэр даруйд нь фэйсбүүкээр лайв хийж “Г.Доржзодов саунд уулзахдаа сая ам.доллар нэхсэн” гэсэн утгатай зүйлийг хэлсэн удаатай. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийгэмд дуулиан үүсгэсэн эл асуудлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумынхантай хийсэн уулзалтынхаа үеэр өчигдөр “Танай намын 60 тэрбумын асуудал ид яригдаж байна. Та нар яагаад тайлбар өгөхгүй байгаа юм бэ” гэж асууж байна. Би бүр гайхаад байгаа юм. Үлгэрийн кино, аль эсвэл олон ангит кино шиг санагдаад байгаа юм. Сонгууль болгоноор ийм сонин зүйл гаргаж ирээд ярьдаг. Монголын ард түмэнд худалдах гэж оролддог. Ингэсэн байна шүү гэж ойлгуулах гэж хичээдэг. Өнөөдөр ард түмэн ийм хулхи бараанд итгэхээ больсон. Энэ бичлэгээр хэд дахин шоу хийх гэсэн юм бэ. УИХ, орон нутгийн сонгуулиар гаргаж ирээд яриад байсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулиар гаргаж ирж яриад байх юм. МАН нэг дээрэмчнээр стратеги төлөвлөгөөгөө боловсруулуулдаг нам биш. Ийм хулхи бараанд итгэхээ больсон” гэж мэдэгдлээ.

А.Уламбаяр

  • Шинэ
  • Их уншсан