Д.Энхбат: Шударга хамтрагч “хатуу” байх ч сайн тулгуур

(2017.06.23-8:35:56)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зарим хүн хонины найртай адилтгаж байгаа. Гурван намаас нэр дэвшигч өрсөлдөж байгаа ч штаб, ПР багууд нь олны дунд шуугиан дэгдээсэн бичлэгүүдийг цахим ертөнцөөр нэг дэлгэж, мөрийн хөтөлбөр, бодлогоо уралдуулах ёстой сурталчилгааны өдрүүдийг тархи угаалт, хар ПР-т зориулав. Яг солонгос киноны үйл явдлыг бодитоор харж, иргэд өөр хоорондоо талцаж, өнөөх нэр дэвшигчид нь нисдэг тэрэг хөлөглөн, олигархи нэр дэвшигч нь машинаар давхиж онцгойрлоо. Сонгогчдод тэд өдөр бүр шахам элдэв бичлэг үзүүлсэн ч өөрсдөө телевизээр мэтгэлцэхээс “татгалзаж” одоо бүр албан ёсоор маргааш болох байсан мэтгэлцээн нь ч болохгүй байж мэдэх талаар Де Факто Д.Жаргалсайхан мэдэгдлээ. Тэрбээр уг нь хөтлөх учиртай юм. Харин УИХ-ын гишүүн асан Д.Энхбат энэ сонгуулийн сурталчилгааг хараад бүр гайхаж хэлэх үгээ олж ядан байгаа бололтой. Твиттер идэвхтэй хэрэглэгч тэрбээр “Энэ бүхэн яг сонгууль мөн үү. Бид Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдгээ тодруулж байгаа билүү. Юугаа ч мартаж эхэлж байх шиг байна. Хэрэв өнөөгийн намууд гуанз байсан бол жоом, хархандаа баригдсан, олон хүн хордож мэргэжлийн хяналт аль эрт хаасан байх даа. Гэтэл нам юм даа. Хэрэв Монголд иргэний нийгэм бүрэлдсэн байсан бол сонгуулийн энэ олон хэрэг явдлуудыг шүүхэд өгч намуудыг гаднаас нь зад цэвэрлэх байлаа. Хэнийг яагаад сонгож болохгүйг хэлэлцсээр сонгууль дууслаа. Харин хэнийг яагаад юу хүлээж сонгох ёстой тухай яриа ер нь байв уу” гэж байр сууриа илэрхийлсэн юм. Мөн бас нэг нууц бичлэг уржигдар задарч үзэгчид том даргынхаа өмнө сөхөрч сөгдөж суусан дарга нарыг шоглосноос болсон уу экс гишүүн Д.Энхбат “Долоогч бол үнэндээ паразит амьтан. Биеэ нааж бус хэн нэгний биед “наалдаж” амьдардаг. Тэр биет нь муудвал нүүж дараагийн биетийг хайна. Шударга хамтрагч “хатуу” байх ч сайн тулгуур. Долоогч “зөөлөн” ч хэзээ ч тулгуур болохгүй. Удирдагчид тулгуур хэрэг болох цагт... Өөрөөрөө байдаг хүн долоохгүй. Долоогч хэзээ ч өөрийн үнэн царайг гаргахгүй. Удирдагч тийм хүмүүсээр хүрээлүүлбэл намагт аажим живэхтэй адил. Долоогч нар л эзнээ алдаг. Түүнээс дайсан нь алах нь ховор. Тэд илүү “том бөгс” олдвол шууд урвана. Тиймд Чингис хаан тэднийг цаазалдаг байсан” гэж жиргэжээ.    

  • Шинэ
  • Их уншсан