“Чингис” бондын мөнгийг АН-ын банкуудаар АН-ынханд ингэж хуваарилжээ

(2017.07.04-15:27:33)

Өмнөх парламентын үед Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан Өршөөлийн хуулийг баталсан. Энэ хуульд Ерөнхийлөгчийг хориг тавьсаар байхад ногоон гэрлээр зүтгүүлсээр байгаад батлуулсан нэг заалт бий.  Энэ бол Эрүүгийн хуулийн 150.3 дугаар заалт юм. Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн албан тушаалтан, компанийн захирал, нягтлангуудад ял оноодог гол заалт. Өршөөлийн хуульд иргэдийн эсэргүүцэл, Ерөнхийлөгчийн хориг, АТГ-ынхны шаардлагыг үл тоон оруулсан энэхүү заалт АН-ын олон ч гишүүнийг ялаас мулталж байна даа. Яах гэж, бусдын хөрөнгийг завшсан нөхдийг өршөөсөн нь одоо л ил болж байна. АН-ынхан өөрсдөдөө хуваарилсан Хөгжлийн банкны хөрөнгөөс завшсан үйлдлээсээ мултрахын тулд л үүнийг хийжээ.

Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төслийн орлогоос эргэн төлөгдөх төслүүдийн нээлийн нэгдсэн мэдээг саяхан ил болгосон. 2016 оны арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар Хөгжлийн банкнаас нэг их наяд 483.7 тэрбум төгрөг төсөл, хөтөлбөрүүд санхүүжүүлэх зорилгоор гаргасан байна. Үүнээс төслийн орлогоос эргэн төлөгдөх шууд зээлийн 23.3 хувь буюу 345.8 тэрбум төгрөгийг тухайн үед засаг барьж байсан Ардчилсан намын нөхдүүд авчээ. АН-ын лидер гэгддэг Фортуна Н.Батбаяр, Монроудын Р.Гарамгайбаатар, Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарын үйлдлийг АТГ-ынхан удахгүй шүүхэд шилжүүлнэ. Тэдний араас хуулийн байгууллагын хаалга татах магадлалтай АН-ын нэлээд хэдэн эрхмийг уг тайлан дээрээс дурдаж болохоор байгаа юм. Тухайлбал, Б.Мэдрээ, сахал Эрдэнэбилэг тэргүүтэй Худалдаа хөгжлийн банкныхан Хөтөлийн цементийн үйлдвэрийг өргөтгөх төслөөр 84.8 тэрбум төгрөг, “Бэрэн” группийн ерөнхий захирал Б.Мөнхтөр Барилгын арматурын үйлдвэрийн төслөөр 32 тэрбум төгрөг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 70.4 тэрбум төгрөгийг “Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банкнаас шууд зээл хэлбэрээр авсан байна. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хэрэг шүүхэд шилжчихсэн, тэрээр гэрт нь нэгжлэг хийхээр очсон АТГ-ын албан хаагчийн биед халдсан давхар үйлдэлтэй яваа. Цаашлаад “Тавантолгой транс”-ийн эзэн “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ 24.9 тэрбум төгрөгийг Яармагийн гүүрний хажуу дахь орон сууцны хороолол босгох төслөөрөө, “Кью Эс Си” компанийн нэрээр Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам барих төслөөр 133.7 тэрбум төгрөгийг АН-ынхны эзэмшдэг Улаанбаатар капитал, “Юнайтед секьюрити”, ТDB секьюрити”, “Оргил смарт солюшн” нийлж авчээ. Зээлийн эргэн төлөлт тааруу, ахисан ажилгүй. Өөрөөр хэлбэл, “Чингис” бондын хөрөнгийг баруун солгойгүй цацсан байж болзошгүй байна. Цаашлаад ухвал, “Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банкнаас арилжааны 11 банкаар дамжуулан олгосон зээл олголт анхаарал татна. Өнөөдрийн байдлаар банкуудтай “Дамжуулан зээлдүүлэх гэрээ” байгуулан 13 хөтөлбөрийн 1619 төсөл хэрэгжүүлэгчид нийтлээ 1.2 их наяд төгрөгийн зээл олгосон байгаа юм. Ингэхдээ АН-ынхан бялууны хамгийн том зүсмийг өөрсдийг нь санхүүжүүлдэг Голомт, Худалдаа хөгжлийн банкинд хуваарилжээ. Тодруулбал, Голомт банкаар дамжуулан хамгийн их буюу 397.2 тэрбумыг, Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 318.6 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Өөрөөр хэлбэл, АН-ын гэх хоёр банкинд нийт 715.7 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь нийт дамжуулсан зээлийн 60 хувьтай тэнцүү байна.

       Худалдаа хөгжлийн банкнаас “Тэнгэр” группийн ерөнхийлөгч М.Төмөрбаатарын охин компаниуд мах, экспорт, жижигдунд үйлдвэрлэлийн төслүүдээр нийтдээ 14.5 тэрбум төгрөг авчээ. М.Төмөрбаатар нь АН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан нэгэн. Цаашлаад “Макс хотелс”, “Макс ложинг” компаниуд АСЕМ-ийн хүрээнд 27 тэрбумыг, УИХ-ын гишүүн асан, АН-ын гишүүн Эрдэнэчимэгийн “Монос” групп 5.9 тэрбумыг авчээ. Харин Голомт банкнаас УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, “Номадс”-ын захирал М.Есөнмөнх нар АСЕМ-ын хүрээнд 13.5 тэрбум төгрөг, “Энхийн шүүдэр” компани 5.8 тэрбум, “Макс” группийн харьяа “Сүү” компани зургаан тэрбум төгрөг авсан байна.

      АН-ынхан “Чингис” бондын хөрөнгийг ийнхүү Худалдаа хөгжлийн банк, “Голомт” банкаар дамжуулан сорсон байна. Гэхдээ тэд төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хэрэгжүүлсэнгүй, өр зээлээ төлсөнгүй. Эргээд хариуцлага хүлээлгэе гэхээр хариуцах эзэн нь олдохгүй байна.

Х.Жаргал

  • Шинэ
  • Их уншсан