А.Цогцэцэг сайд аа, таны тушаалаар явсан гэх эмч нарын амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна

Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн эмч нар энэ сарын 2-нд Өвөрхангайгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж яваад осолдож, хүнд гэмтэл авсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Сошиал ертөнцийнхөн ч “Яав ийв юу болов” гэж шуугиж эхэлмэгц Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирал Т.Мөнхсайхан тэргүүтэй хүмүүс “Сонгуультай огтхон ч холбоогүй шүү. Манай эмч нар сонгуулийн сурталчилгаанд яваагүй” гэх няцаалтыг хийсэн. Хэний даалгавраар тэд ийнхүү яаран сандран мэдээлэл хийв! Сүүлийн үед нэг ийм гаж хандлага бий болчихоод байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн элдэв бичлэгүүд цацагдмагц “Өө, энэ нөгөө намынхны хийсэн эвлүүлэг. Нэр дэвшигчийг зориуд зохион байгуулалттайгаар харлуулах ажиллагаа” гэдэг, “УИХ-ын гишүүн хоног төөрүүлсэн айлынхаа үл таних бүсгүйг хүчирхийлжээ” гэх шуугиан дэгдмэгц “Энхрий хайрт нэр дэвшигчийн маань өрсөлдөгчид л хийж байгаа ажил. АН-аас нэр дэвшигчийн лицензүүдийн талаар мэдээлэл хийсний хариу. Манай гишүүн хүчирхийлэгчидтэй тэмцдэг баатар байхгүй юу” гэж. Улстөрчдийн бузар булай явдлыг ингэж саринуулдаг үзэгдэл хэрээс хэтрэв. Гэмт хэрэг үйлдсэнээ сонгуультай холбож саринуулах гэдэг, энд тэнд хуйвалдаж, найрлаж байгаа бичлэг нь цацагдмагц “Эвлүүлэг” хэмээн ичих ч үгүй худлаа ярьдаг, аль эсвэл алиа хошин маазраан болгож замхруулах явдал олонтаа ажиглагдах болов. За энэ ч яах вэ, ард түмэн тэртэй тэргүй худал, үнэнийг ялгах хурц нүдтэй хойно. Нөгөө кинонд гардагчлан баригдана даа, баригдана гээд л орхихоос...  

Эрх баригч хүчнийхэн хот, хөдөө дахь намынхаа гишүүд, дэмжигчдийг сонгуулийн үеэр энд, тэнд амрааж архидуулдаг жишиг ёсоор Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нарыг амралтад амраах гэсэн биш золгүй явдал болсон нь өнөөдөр бараг тодорхой болж байна. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тушаал гаргасан, эмч нарын унаж, зорчиж явсан нэг бус, хоёр машин осолдсоныг эх сурвалжууд мэдээлсэн нь сошиал ертөнцөд ил боллоо. А.Цогцэцэг сайд аа, МАН УИХ-ын сонгуульд ялж Засгийн газраа байгуулах үед та энэ албан тушаалд томилогдсон. Сайдад горилогсод АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлэг өгөх үеэр таныг хувьдаа “Арван давхар барилгатай. Ямар эх үүсвэрээр бариулав” гэж улс төрийн хүрээнийхэн ч, жирийн иргэд ч шуугиж байхад “Эмнэлгүүдэд ор хүрэлцээгүй. Өвчтөнүүд шалаар нэг хэвтэж байхад энэ хүн 10 давхар эмнэлгийн барилга бариулсан нь юу нь буруу гэж” гээд л өнгөрсөн. “УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ юм байна” хэмээн хэвлэлүүд бичихэд “Мэргэжлийн хүн. Улстөрчдөд сайдынх нь албан тушаалыг шагнал болгон томилдгоос салбар нь хүртэл улстөржиж, дампуурсан яамыг эмч хүн удирдахад яадаг юм бэ” гэж ач холбогдол өгөөгүй. Харин энэ удаад бол өөр өө! А.Цогцэцэг сайд аа, таны тушаалаар амралтад явсан гэх эмч нарын амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байна. Тэд үхэл, амьдралын зааг дээр тэмцэлдэж байна. Энэ мэдээллийг ажлаасаа халагдахаас айсан эмнэлгийн дарга нар ч тэр, МАН-ын гишүүн эмч нар ч мөн адил нууцалж байгаа дуулдах юм. Осолд орсон эмч нарын ар гэрийнхэн нь хайртай хань, аав, ээж, ах, дүү нартайгаа одоо болтол уулзаж чадахгүй байна. Гэмтэл авсан эмч нарын биеийн байдал маш хүнд, сошиалд дэлгэсэн тэрхүү мэдээллийг уншихад нүд халтирам. Ийм аймшигтай осол болчихоод байхад А.Цогцэцэг сайд та эмнэлгийн даргаар нь няцаалт хийлгэчихээд таг дуугүй байгаад байх уу. Сайн, муугаараа хэлүүлэн байж хаана хүний эрх зөрчигдөж байна вэ, тэнд л гүйж явдаг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлд осолд орсон хүмүүсийн ойр дотныхон хандсан байна. Худлаа гэвэл та твиттер хуудсаас нь хараарай. Ерөөс хүний амь нас танай намын дарга сонгуульд нэр дэвшихээс үнэ цэнгүй юм гэж үү. Эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан туршлагатай эмч нар таны гаргасан гэх тушаалаас болж ийн тарчилж байх нь МАН-ын нэр дэвшигчийн барьсан хундагатай дарснаас хямдхан юм уу! Эмч нарын эрүүл мэнд, амь нас танд хайран санагдахгүй байна уу. Хэдий болтол та нар албан тушаалдаа эрдэж, ард түмнээс үнэнийг нуух юм бэ. Сэтгүүлчдийг айлгаж, хэвлэлүүдийн амыг бариад хэр хол явцгаана гэж! Таны албан тушаал түр, ард иргэдийн амь насыг нэхэх ард түмний нэхэл хатуу юм шүү, А.Цогцэцэг сайд аа. Тиймээс та яг одоо ард түмэнд үнэнийг хэл. Ганц эмнэлгийн машины санхүүжилт зохицуулж чадахгүйгээсээ болж Шадар сайдад загнуулсан. Тэр бичлэг нь олон түмэнд хүрмэгц телевизийн нэвтрүүлэгт ороод далан булчирхайгаа тоочиж л суудаг юм билээ, та. Сошиалаар цацагдсан мэдээлэл үнэн бол “Эмч нар миний тушаалаар амралтад явсан нь үнэн. Намынхаа даргыг сонгуульд ялуулах гэж би ийм акци зохион байгуулсан юм, уучлаарай” гээд эрүүл мэндийн салбарынхнаасаа, энгийн иргэдээс уучлалт гуй. Бас Эрүүл мэндийн сайдаасаа нэн даруй огцор. Өвчтөнүүдийг ар гэрийнхэнтэй нь уулзуул. Хэвлэлийнхэнд үнэн бодит мэдээллийг өг. Төрийн далбааг өрөөнийхөө хойморт залсан төрийн сайд хүн шүү дээ та!

   

   

Ж.Саруул

  • Шинэ
  • Их уншсан