“Мон Атом” ХХК-ийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан ноцтой баримтууд

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар сэтгүүлч Б.Ганчимэгтэй хийсэн ярилцлагадаа төрийн өмчит аж ахуйн нэгжүүдтэй холбоотой ноцтой мэдээллийг дурдсан. Тодруулбал, “Мон Атом” ХХК, Биеийн тамир, спортын хороо, “Монголын төмөр зам”, Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, ТОСК зэрэг газруудыг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн. Тэр ч атугай “Аудит бол хамгийн ноцтой юман дээр л татгалздаг. Үнэхээр цаана нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа тохиолдолд л бид татгалздаг. “Мон Атом” дээр ямар ч дүгнэлт гаргах боломжгүй байгаа. Учир нь санхүүгийн тайлан баланс, гүйлгээ хийсэн баримт байхгүй. Маш их хэмжээний мөнгө хаашаа, юунд зарцуулагдсан нь мэдэгдэхгүй алга болсон” гэж тэрбээр хэлжээ. Тиймээс энэ мэдээллийг лавшруулан судалж, “Мон Атом” дээр өөр ямар ноцтой асуудлууд гарсан болоод аудиторууд тус компанийн санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсаныг тодруулсан юм. Үндэсний аудитын газрынхан ч audit.mn албан ёсны цахим хуудастаа энэ тухай мэдээллийг нээлттэй, дэлгэрэнгүй мэдээлжээ. Энд нэг зүйлийг тодотгоход, энэхүү ноцтой мэдээлэл нь “Мон Атом” ХХК-ийн өмнөх удирдлагууд буюу АН-ын үед томилогдсон дарга нарын ажилдаа эзэн болдоггүй, төрийн өмчид хайхрамжгүй, хариуцлагагүй ханддаг байсантай холбоотой юм.  

            Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг 2017 оны гуравдугаар сарын 21-нд “Мон Атом” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргалд илгээсэн албан бичигтээ “Дараахь асуудлуудаас шалтгаалж олон тооны тодорхой бус байдал бүрт харгалзах аудитын хангалттай ба зохистой нотолгоог олж авч чадаагүй бөгөөд уг тодорхой бус байдлуудын үр дагавар ба санхүүгийн тайланд үзүүлж болох нөлөөг тодорхойлох боломжгүй байна.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн 96.3 сая төгрөгийн авлага, “Мон Зим интернэшнл” ХХК-д төлөх 109000 ам.доллар буюу 216.1 сая төгрөгийн өр төлбөрийг тушаал шийдвэргүйгээр данснаас хассан нь санхүүгийн тайлангийн үнэн зөв байх, иж бүрэн байх, эрх, үүрэг, тохиолдсон байх батламж мэдэгдлийг хангахгүй байгаа нь,

-2013 онд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “Ураниум индастри” ХК-аас авсан 2.000.0 ам.доллар буюу 4.917.0 сая төгрөгийг урт хугацаат өр төлбөр, 1.927.5 сая төгрөгийн эрэл хайгуул, тандалт судалгааны ажлын төлбөрийг биет бус (хайгуул үнэлгээний) хөрөнгө гэж бүртгэж тайлагнасан нь СТОУС-ын холбогдох шаардлагад нийцээгүй байх бөгөөд холбогдох баримт бичиг, шийдвэр дутуу байгаагаас дээрх дүнг залруулах, эсвэл данснаас хасахтай холбоотой санхүүгийн тайланд нөлөөлөх үр дагаврыг тооцох боломжгүй байгаа нь,

-2015 онд зээлийн гэрээний дагуу “Ураниум индастри” ХК-аас валютаар авсан 150000 ам.доллар, бэлэн бусаар тооцсон 51000 ам.доллар, нийт 251 мянган ам.долларын зээлийн хүрээнд хүлээх үүрэг, хариуцлагыг толилуулж тодруулаагүй,

-“Мон-Чех ураниум” хамтарсан компанид зээлийн эх үүсвэрээр оруулсан 51000 ам.долларыг хөрөнгө оруулалтаар бүртгээгүй,

-Санхүүгийн байдлын тайланд илэрхийлсэн “Төв Азийн уран” ХХК оруулсан 755.928.1 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүгийн байдлын тайланд бүртгэж оруулаагүй, “Мон-Чех ураниум” ХХК-д оруулсан байвал зохих 51000 ам.доллар буюу 126.966.0 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт нь үнэн зөв толилуулагдсан эсэх, хамтран хянадаг дээрх компанийн хөрөнгөөс тус компанийн эзэмших хувь хэмжээ бодитой эсэхийг нотлох хангалттай бөгөөд зохистой нотолгоо олдоогүй, өмнөх аудитаар энэхүү асуудал илэрч, аудиторын дүгнэлтийн хязгаарлалтын нөхцөл болсон бөгөөд бидний өгсөн зөвлөмжийн дагуу тус компанийн удирдлагаас хөрөнгө оруулалтыг баталгаажуулах талаар хариу арга хэмжээ авалгүй өнөөг хүрсэн...” гэхмэтчилэн Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.7, холбогдох үнэлгээ, зааврыг зөрчиж, санхүүгийн тайлангийн шаардлагуудыг хангахгүй, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдлүүдийг хангахгүй байгааг дурджээ. Мөн “Мон Атом” ХХК-ийн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгосон санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзаж буйгаа ч Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг дээрх албан бичгээрээ мэдэгдсэн байна.

            “Мон Атом” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор 100 хувь төрийн өмчит компани хэлбэрээр байгуулагдсан. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Э.Галбадрал 2016 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл ажиллаж байсан. Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 68 дугаар тогтоолоор “Мон Атом” ХХК-ийн төрийн эзэмшлийн хувийг 100 хувь “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн ч дээрх тогтоол мөн оны наймдугаар сарын 17-ны 35 дугаар тогтоолоор хүчингүй болсон. “Мон Атом” ХХК-ийн ТУЗ-ийн хурлын 07 тоот тогтоолын дагуу Л.Ганбаатар өнгөрсөн оны зургадугаар сарын 21-нээс гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан тухай ҮАГ-аас гаргасан аудитын тайланд дурджээ. Түүгээр ч зогсохгүй тус тайланд “Мон Атом” ХХК-ийн өмнөх удирдлагуудын үед болсон алдаа, дутагдалтай үйл ажиллагааны талаар бичсэн байна. Тухайлбал, “Төв Азийн уран” ХХК-д холбогдох 755.928.1 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт нотлогдохгүй байна. Тус хамтарсан компанийн эзэмшиж байсан лицензийг цуцалснаар Канадын тал хөрөнгө оруулалтаа татаж, Монголын Засгийн газар нөхөн төлбөр төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор “Төв Азийн уран” ХХК татан буугдсан эсэх нь тодорхойгүй, санхүүгийн тайланд хөрөнгө оруулалттай холбоотой тохируулах бичилт, санхүүгийн тайлангийн толилуулга тохируулга хийгдээгүй. Түүнчлэн бидэнд байгаа мэдээллээр “Төв Азийн уран” ХХК-аас хайгуул үнэлгээний ажил хийж байсан орд газарт хамаарах хайгуул үнэлгээний тайлан, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ, тайлан судалгааны ажлыг хүлээж авсан эсэх, хэрхэн үнэлж бүртгэх нь тодорхойгүй” хэмээн аудитын тайланд тусгасан байх юм. Бас нэг анхаарал татсан зүйл нь ажлаас халагдсан боловч цалингаа аваагүй, НДШ төлөөгүйгээс Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж, хөнгөлөлтийн үйлчилгээ авч чадахгүй байгаа хүмүүс шүүхэд зарга үүсгэсэн бөгөөд хүү алдангиар өр төлбөр нэмэгдэж болзошгүй байгааг ҮАГ-ынхан “Мон Атом”-той холбоотой аудитын тайландаа дурджээ. Тус газрынхан “Мон Атом” ХХК-ийн 2016 оны санхүүгийн тайлан бүхэлдээ алдаа илэрхийлэгдсэн, гүйцэтгэх удирдлага, санхүүгийн ажилтнууд тайлант онд бүрэн солигдсоноос дотоод хяналтаа бүхэлдээ алдаж, үйл ажиллагаа, хөрөнгө, нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд тавих хяналт нь ч алдагдсаныг тайлагнаж, тус компанийн өнгөрсөн оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 8.632.289.9 мянган төгрөгийн алдаа, зөрчил илэрснийг онцолсон байна.

            Дээрх баримт бол сонгуулиас сонгуулийн хооронд удирдлага нь солигддог, намын нэрээр томилогдсон хүмүүсийн өндөр цалин хангамж эдэлж тансагладаг нэг ёсондоо “Шагналын дэн буудал” болсон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн талаарх ганц л жишээ юм. Захирлууд хэдэн саяар цалинждаг эдгээр байгууллага үнэн хэрэгтээ эзэнгүй мэт, санхүүгийн баримт бичиг нь хууль зөрчсөн, эмх замбараагүй байдгийн л бодит дүр зураг юм. Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын нэрлэсэн бусад компанид хийсэн аудитын шалгалтын дүнг харвал мөн л ийм байгаа гэдэгт эргэлзэх ч хэрэггүй биз. Намын том дарга нартаа тал засч, олны хэлдэгчлэн мөнөөх цүнхчид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн захирлын суудалд зайдагнасаар өмч хөрөнгө хэрхэн үнэгүйдэж, байгууллага хоорондын харилцан итгэлцэл алдарсныг “Мон Атом” ХХК-д хийсэн аудитын тайланг audit.mn сайтаас бүрэн эхээр нь уншвал илүү ойлгомжтой болно. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Э.Галбадралын хувьд АН-ын нөлөө бүхий лидерүүдтэй ойр дотно гэгддэг, төрийн өмчит аж ахуйн нэгжийг удирдах нэг том албанаас “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор өнгөрсөн оны зургадугаар сард томилогдож байсан нэгэн юм. 




        Б.Саранчимэг

  • Шинэ
  • Их уншсан