УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Д.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нарын асуудлаар хуралдаж чадсангүй

УИХ-ын нэр бүхий гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал өргөн барьсан. Тэрхүү саналыг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн хэлэлцэж шийдвэрлэх хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. УИХ-ын дарга М.Энхболд энэ асуудлыг хэлэлцэхээр ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргаж, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаан эхэлсэн ч төд удалгүй завсарласан. Үүний учир нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Тагнаж, чагнасан гэх асуудлыг нягталж, хэлэлцэж өгнө үү. Залуу хүний хувьд, улс төрийн замналаа хараар будмааргүй байна” гэх утгагүй хүсэлт тавьсантай холбоотой. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ерөнхий сайдын хүсэлтийг хүндэтгэж байна. Намын асуудлаас төрийн хэрэг рүү хальсан эл дуулианыг эцэслэх хэрэгтэй байх” гэсний дагуу УИХ-ын дарга алх цохиж чуулганыг завсарлуулсан юм. Эрх баригч хүчний гишүүдийн зарим нь энэ өдөр бүлгийн даргынхаа өрөөнд гомдол бухимдлаа илэрхийлж, Ерөнхий сайдын эсрэг нэгдсэн гишүүд нь Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд цугласан гэх мэдээлэл ч бий. Харин УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хүсэлтийн дагуу өнөөдөр 16 цагт хуралдахаар товлосон ч хуралдсангүй. Албаныхан 22 цаг хүртэл тус дэд хороог хуралдахыг хүлээсэн ч хурал тодорхойгүй байдлаар хойшлогдлоо. Ер нь УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдаж ямар дүгнэлт гаргах нь сонин. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эл асуудлаар цагдаад, Шадар сайд У.Хүрэлсүх ТЕГ-т хандсан. Хэрэг мөрдөн байцаах ажиллагаа дуусгавар болоогүй байхад УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо урьтаж шийдвэр гаргах нь бас хууль зөрчсөн хэрэг болох уу. Энэ талаар зарим хуульчаас тодруулахад, "Төрийн болон албаны тухай хууль энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хуульд гүйцэтгэх ажиллагааны талаар тодорхой заасан. Мөн УИХ-ын Тусгай хяналтын дэд хороогоор Ерөнхий сайдын хүсэлтийг хэлэлцэхэд болохгүй зүйлгүй" гэв. Дээрх хууль хэрэгжихээс өмнө Тусгай хяналтын дэд хороо улсын нууц болон гүйцэтгэх ажиллагааны төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг байсан юм. Ямартай ч УИХ-ын чуулганыг маргааш 10 цагт хуралдуулахаар болсон. Эх сурвалжуудын мэдээлснээр, "Тусгай хяналтын дэд хороо Ж.Эрдэнэбатын хүсэлтийг хэлэлцээгүй учраас чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагтаа болохгүй" гэлээ. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог УИХ-ын гишүүн Сү.Батболд даргалдаг бол Г.Занданшатар, Д.Цогтбаатар, Я.Санжмятав, Н.Энхболд нар бүрэлдэхүүнд нь багтдаг. АН-ын бүлгийн Я.Санжмятавыг нэмж тооцвол Г.Занданшатар, Д.Цогтбаатар нар Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан. Мөн Сү.Батболдыг сүүл мушгиж гарын үсгээ зурсан гэх мэдээлэл ч бий. 

Д.Гэрэл  

  • Шинэ
  • Их уншсан